ДБЭТ-ын гоцлол дуучин, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гуравдугаар байрын шагналт А.Сайнбаяртай ярилцлаа. Өнгөрсөн лхагва гаригт буюу бидний ярилцсан өдөр тэрбээр 36 нас хүрсэн юм билээ. Нас ахихад ямар санагдаж байгааг нь асуухад “Хүрд эргэлдэж л явна. Амьдрах насныхаа талд нь очлоо гэж ойлгож байна” хэмээсэн. Түүнийг театрынхан Тосон бор гэж хочилдог гэсэн.
-Таныг уг нь гагнуурчин гэж сонссон. Ямар төөргөөр мэргэжлийн дуучин болов?
-Аравдугаар ангиа төгсөөд Цагдаагийн академид шалгалт өгсөн ч өндөр нам, өргөн нарийнаараа тэнцээгүй. Жил шахам гэртээ сууж байгаад Энхгэрэл хэмээх мундаг багшийг дагалдаж гагнуурчин болсон. Гуравдугаар цахилгаан станцын өндрийн зуухыг сольж байхад нь ажиллаж байлаа. Даанч миний ажиллаж байсан Италийн компани гэрээний ажилчдадаа цалинг нь өгөөгүй. Өөр газар гагнуурчнаар ажилд орох гэж хэд хэдэн компанид анкет бөглөөд хүлээж байлаа. Тэгтэл нэг өдөр СУИС-д элсэлт авч байна гэсэн зар радиогоор сонсоод шалгуулсан. Гагнуурын ажлаа хийлгүй 10 гаруй жил болжээ. Даралттай шугам гагнаж байсан болохоор одоо ойр зуурын зүйлсээ гагначихаар юм байна лээ.
-Энэ хоёр мэргэжилд ямар нэгэн ижил төстэй тал байдаг уу?
-Төстэй тал анзаарсан шүү. Салангид юмыг нэг болгож, төмөр хайлуулж наана гэдэг амаргүй. Нэг л буруу хөдөлбөл цоорно, урсана, осол ч гарч мэднэ. Төмөр гагнах мэдрэмж тайзан дээр дуулахтай төстэй. Юу гэвэл, дуучин хамар, багалзуураараа дуулж байна уу, эсвэл тунгалаг өнгө гаргаж байна уу гэдэг нь цэвэр мэдрэмжтэй холбоотой. Харин гагнуурчин нүдээрээ харж, гараараа барьж мөн л нарийн мэдрэмжээр ханддаг.
-Таны ах урлаг судлаач гэсэн. Танд мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө, шүүмж хэлнэ биз?
-Миний төрсөн ах Сундуйсүрэн хөгжмийн багш, урлаг судлаач. Одоо Америкт амьдардаг, жааз чиглэлээр тоглодог. “Урлаг руу нэгэнт өнгийсөн бол нэг өдөр ч зүгээр сууж болохгүй. Энэ мэргэжилд оргил байдаг юм бол тэр хүртэл мацахыг хичээж хөдөлмөрлө. Оюутан байх таван жилийн хугацаандаа өөр зүйлд сатааралгүй, юу мэдмээр байна тэр бүгдийгээ амжиж сур” гэж захиж байсан. Ийм бүтээл байна, ингэж дуулдаг юм байна, сонс гэх зэргээр хөгжмийн талын зөвлөгөө өгдөг байсан.
-Ардын жүжигчин Жамъянжав агсны шавь гэж дуулсан. Багш нь юу гэж зөвлөдөг байв?
-ДБЭТ-т насаараа хөдөлмөрлөсөн мундаг дуучнаас гадна чадварлаг багш байсан. Намайг олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцох үед ОХУ-ын ардын жүжигчин Ирина Архипова “Чи хаана сургууль төгссөн бэ” гэж асуусан. Монголд суралцсанаа хэлэхэд “Тэгвэл багш чинь аль улсын хүн бэ” гэж байна. “Миний багш монгол хүн. Болгарын Софи хотноо Хөгжмийн дээд сургууль төгссөн” гэхэд “Даанч тийм байх аа. Чи багшдаа миний мэндийг дамжуулаарай. Чиний багш мундаг хүн байна. Баяр хүргээрэй” гэсэн.
Харин надад “Хоолой, амьсгаа, эрүү гээд дуучин хүнд байх ёстой бүх техник аппаратууд чинь жигд ажиллаж байна. Илүү сайн дуулах ёстой” гэж зөвлөсөн. Дэлхийн алдартай хүн миний багшийг тэгж хүндэлж, тодорхойлсныг бодоход ямар мундаг байсан нь харагдах байх. Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, А.Загдсүрэн, гавьяат жүжигчин Д.Банди зэрэг алтан үеийн аваргууд намайг оюутан байхад ид багшилж байлаа. Одоо ч гэсэн ардын жүжигчин Г.Хайдав, гавьяат жүжигчин М.Найдалмаа, О.Ичинхорлоо нарын мундгууд мэргэжлийн дуучид бэлддэг “үйлдвэрт” ажиллаж байна.
Тэр том хүмүүсийн шүүлтээр дуучин болж төгсөнө гэдэг надад том хувь заяа. Дууны хичээл заахаас гадна энэ хүүхэд дутуу ажилласан байна гэж чиглүүлж, сандарч байвал өнөөдөр хэдэн багш нарын өмнө гарч байгаа ч маргааш олон мянган хүний урд дуулна гэх зэргээр зөвлөж урлагийн хүн болоход сургаж байсны хүчинд өдий зэрэгтэй явж байна гэж санадаг.
-Таныг бусад оюутнаас хэр онцгойлдог байсан бэ?
-Онцгойлсон нь юу л бол. Би намхан нуруутай хүү байсан. Багш нар “Жамъянжавын жижиг бор” гэдэг байлаа. Би О.Ичинхорлоо багшийн нэрэмжит уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм. Багш сүүлд нь “Жижигхэн бор хүү оюутан болж ирсэн. Жил ирэх тутам бие нь ч томорч, хоолой нь ч бяд суусаар их театрт гоцлооч болж, олон улсад дуулж явна. Үнэхээр хөдөлмөрч хүү” гэх зэргээр шавь нартаа ярьсан байсан.
-Танай ангиас мэргэжлээрээ ажиллаж байгаа нь олон уу?
-Батсайхан, Эрдэнэтунгалаг, Батболд, Цэнджав, Болдбаатар, Баасандорж, Банзрагч гээд л орчин цагийн зохиолын дуучдын олонх нь манай ангийнх.
-Төгсгөсөн оюутнуудаас нь олон хүн зохиолын дуучин болсонд харамсдаг, нийтийн дуучдад гавьяат цол өгч төр өргөмжилдөгт дурамжхан байдаг тухай Жамъянжав гуайн өгсөн ярилцлагаас уншиж байсан. Та ямар бодолтой байна вэ?
-Уран бүтээлчид урлагийнхаа ажлыг хийж, олон түмэнд аялгуу сайхан дуугаа хүргэж, авьяасаа харуулж байна. Тэднийг үнэлэх нь зөв шүү дээ. Манай багш нар зарим зүйлд харамсдаг нь анзаарагддаг. Юу гэхээр, хоолой нь овоо хөгжөөд, томоохон дуурьт дуулах хэмжээнд боловсорсон хүүхдүүд нь манайх ганцхан театртай, түүнд нь орон тоо байхгүй, хангамж багатайгаас болж ард түмэнд зохиолын дуу хүргэж, амьдралаа залгуулж байна. Батсайханыг дуурьт дуулбал бололцооны сайхан хоолойтой гэж багш нар ярьж байхыг сонсож л байсан. Мэдээж тэд уран бүтээл хийж, төр түмэндээ үнэлүүлэх нь сайхан хэрэг гэж бодож байна.
-Мэргэжлийн дуучид гоё хувцас өмсөж сайхан танхимд алдартай дуурьт дуулаад л, үзэгчдийн алга ташилтаар хур буулгадаг. Харин хөшиг хаагдсаны дараа будгаа арилгаж, театраас гараад энгийн амьдралд уусдаг. Өөрөөр хэлбэл, дуурийн дуучдыг хүмүүс тэр бүр таньдаггүй. Гайхалтайгаас энгийн рүү уусах энэ мэдрэмж ямар бол?
-Сайхан бүтээл дуулж, жүжиглээд үзэгчдэд сэтгэлийн цэнгэл эдлүүлж, оюун санааны алжаалыг нь тайлж байна. Үзэгчид баяр хүргэж, зураг хөргөө хамт авахуулаад сайхан л байдаг. Харин будгаа арилгаж, нэг сайхан урт амьсгаа аваад театраас гарахад гэрийн аз жаргал бодогдоно. Хүүхдүүд маань хичээл номоо хийсэн болов уу, гэрт юу хэрэгтэй билээ гээд л бодох юм мундахгүй.
-Тэгвэл сэтгэлд хүртэл дуулаад тайзнаас буух, жаахан дутуудчихлаа даа гэж бодох үеийн мэдрэмж ямар вэ?
-Бүх бэлтгэлээ базаачихаад за маргааш сайхан дуулна гэж бодож байтал хоолой сөөчихвөл тэр там л гэсэн үг. Ийм үед өөрөө бухимдахаас гадна дэргэдэх хүмүүсийн санааг зовооно. Үзэгчид сайхан тоглолт үзэх гэж цаг, мөнгөө гарздаад ирж байхад ханиад хүрчихээд аятайхан дуулж чадахгүй байвал зовлонтой. Харин хоолой сайхан дуугараад, би энэ театрын эзэн гэсэн шиг бахархалтай дуулж ард түмэнд авьяас чадвараа үзүүлбэл түүн шиг жаргал үгүй.
Дуучин хүн амьсгаа, хоолойгоороо дуулдаг. Гэтэл манай эрс тэс уур амьсгал, чийггүй хуурай агаар дуучдад бэрхшээл болдог. Намрын сэрүүн, хаврын хавсаргаар хүйтэрч, дулаарахыг дагаад л хоолой “хямрах” жишээний. Өвлийн цагт утаа гэж хэрэг алга. Улаан-Үдэд долоо хоноход хамрын битүү арилаад, хоолойны өнгө сайхан болоод байх шиг мэдрэгддэг. Агаар нь үнэхээр сайхан.
-ДБЭТ-т гоцлол дуучны орон тоо байхгүй тул Г.Ариунбаатар, Ө.Цэрэнчунт нарын авьяаслаг уран бүтээлчид Буриадын театрт ажиллаж буй. ДБЭТ-т үнэхээр дуучин хангалттай юу, эсвэл хүн дутуу ч төсвөөсөө болж уран бүтээлчдээ гадагш алдаж байна уу?
-Манайд нийтдээ 30 гаруй гоцлол дуучин бий. Олон улсын театруудтай харьцуулахад энэ бага тоо. Санаагаар болдог бол тэр сайхан залуучуудыг театртаа дуулуулмаар байна. Даанч шинээр хүн авна гэхээр нөгөөг нь халах хэрэг гардаг, цалин төсөв хүрэлцдэггүй их түвэгтэй асуудал юм шиг байна лээ. Би дарга биш болохоор сайн мэдэхгүй юм. ОХУ-д гурван дуучин ажиллаж байна. Гадаадад ажиллана гэдэг амар даваа биш.
Их гүрний нөлөөгөөр Улаан-Үдийн театр хангамж, орчин нөхцөл сайтай, өрөө бүр нь шинэ төгөлдөр хууртай. Оросын хотуудаас мундаг багш нар байнга зочилж ур чадварт нь анхаардаг гэсэн. Мөнхзул хэмээх дуучин Буриадын ардын жүжигчин болтлоо Улаан-Үдийн театрт 10 гаруй жил томоохон дуурьт дуулж явна. Сонгодог бүтээлийн цөм рүү нэвтэрч байгаа гэдэгт нь эргэлзэхгүй байна. Тэд тэндээ сайн ажиллаж, ихийг сурч байгаад эргээд мундаг багш болж Монголдоо сайн дуучид төрүүлэх байх.
-Уг нь 40 наснаас дуурийн дуучдын цэцэглэлтийн үе эхэлдэг гэдэг юм билээ. Тэгтэл дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд 33 хүртэлх насны хүмүүс оролцоно гэж нас заасан байдаг нь ямар учиртай юм бол?
-Нас ахих тусам хоолойд “бяр сууж”, хөгжинө. 20 настай хүү 35 настай эрийн дуулах нь тэнгэр газар шиг ялгаатай. 33-аас дээш насны дуурийн дуучид томоохон дууриудад дуулах хэмжээний чадвартай болдог тул дөнгөж дуулж буй уран бүтээлчидтэй харьцуулж болохгүй гэж цензур тавьдаг гэж ойлгодог.
-Н.Туулайхүү гуайн гавьяаныхаа амралтад гарах нас дөхөж буй. Түүнийг орлох удирдаач бий юү. Урлаг хүнээр дутдаггүй гэдэгтэй санал нийлдэг үү?
-Мэдээж авьяастай мундаг хүмүүсийн орыг залгах хүнгүй бол тэднээр дутна. Уран бүтээлч биднийг удирдан чиглүүлэх дээд шатны улс манайд ховорхон байна. Бүрэнбэх, Туулайхүү хоёр байхгүй бол орлох удирдаач алга. Эрдэнэбаатар, Эрдэнэбулган гуай байхгүй бол найруулагчгүй театр болох нь. Найруулагчийн залгамж халааг бэлдэхээр салбарын яамныхан ярилцаж байгаа гэсэн. Энэ бүхэнд соёлын оновчтой бодлого хэрэгцээтэй байна.
-Таны бодлоор хамтран дуулахад партнёртоо өгөөжтэй дуучин хэн бэ?
-Энэ хүнтэй дуулахад эвгүй оргидог, тэр дуучинтай сайн хамтардаг гэх ойлголт байхгүй. Яагаад гэвэл манайхан бүгд шалгуулж, шилэгдэж орсон тул хэнтэй нь ч дуулсан ялгаагүй сайхан. Тэд мундаг учир санаа зовох зүйл байдаггүй.
-“Ламбугайн нулимс” дуурийн Лодон гэвшийн дүрд дуулахад дотроо юу бодож байв?
-Лодон гэвш их өрөвдмөөр санагддаг. Юм мэдэхгүйн хар гай гэж дотроо санадаг юм. Бурхны ном шүтэхээс дээд эрдэм байхгүй гэж ойлгож, хоосон чанараас сайхан зүйлгүй гэж шимтэн суралцаж байсан хуврага энгийн ардын хар амьдралтай холилдохоор аль нь үнэн юм бэ гэж төөрөлддөг. Айлд ном уншихаар очтол эмэгтэй хүний гоо сайхныг биширнэ. Нөгөөх бүсгүй ч залуухан ламыг тэврээд авахсан гэж бодсон ч юм бил үү. Ингээд эмэгтэй хүнтэй ойртохын таашаал мэдэрчихээр ламын хоосон чанарын тухай үзэл алга болж, би ер нь хаана юу хийж явна вэ гэж манан буданд төөрчихдөг.
-Хэд орчим дуурьт дуулсан бэ. Тухайн дуурьт сонгогдсон дүрээсээ өөр дүрийг нь хүсэж байв уу?
-Бүтээсэн дүрээ жагсааж үзэхэд нэг дуурьт хоёр дүр бүтээсэн зэргийг оролцуулбал 17 дуурийн 25 дүрд дуулсан байна. “Кармен” дуурьт цэргийн түрүүч Моралест тоглож байснаа цыган дээрэмчин Данкайрод дуулах зэргээр эсрэг тэсрэг дүрд тоглож байсан. Тэр, энэ нь гэж өөлөх юм алга. Яг л надад тохирсон дүрд оноож дээ гэж боддог.
-Бүтээсэн дүрүүдээс тань хамгийн их чадвар шаардсан нь аль вэ?
-Дүр жижигддэггүй, жүжигчин л дүрдээ багаддаг гэж ярьдаг даа. Бүтээж байгаа дүрүүддээ бүгдэд нь л хөлс хүч хөдөлмөрөө шавхаж, ухааныг нь олохыг хичээж, аль талаас нь харуулбал дээр вэ гэж боддог. Миний тоглосон дүрүүдээс дуулахад хамгийн хэцүү, чаргууцалдсан нь “Риголетто” дуурийн Риголетто, “Үүлэнзаяа”-гийн Тэнүүн. Энэ дууриудад хоёр цаг шахам ганцаараа дуулж, гол хэсгүүдэд сэтгэл хөдлөлөө хүчтэй илэрхийлж дуулах хэрэг гардаг.
Тухайлбал, “Риголетто” дуурийн гуравдугаар хэсэгт “Миний охиныг бузарласан хүмүүсээс заавал өшөөгөө авна” гэж намуухан дуулбал үзэгчдэд хүрэхгүй шүү дээ. “Үүлэнзаяа”-гийн гуравдугаар үзэгдэлд Тэнүүн хор байсан аяганд архи хийж уугаад хагас галзуурдаг. Уулаар тэнэж, гавлын яс, адууны хомоолтой яриад явах үед жүжиглэлт их шаардаж, байнга дэвхцэж гүйнэ.
-Дүрээ судлахаар сэтгэцийн эмнэлэгт очоогүй биз?
-Лодон гэвшид тоглохдоо Гандантэгчэнлин хийд орсон. Бас гавьяат жүчигчин Ж.Гантөмөр, Ц.Түвшинтөгс нарыг энэ дүрд дуулж байхад хажуугаас нь харж байсан нь том судалгаа болсон. Тэнүүнд дуулахдаа галзуу хүний дүр яаж бүтээх вэ гэж бодсоноо элий балай юм яриад гудамжинд явж байдаг хүмүүс юу хийдгийг ажигласан. Жирийн хүн сандал дээр суудаг бол галзуу хүн зогсоно. Эрүүл хүний үйлдлээс эсрэгээр нь аашлаад байхад л дөхөх юм байна гэх ойлголтод хүрсэн.
-Тенор хоолойтой байсан болоосой гэх зэргээр бодож байсан уу?
-Басс хоолойтой байсан бол яах байсан бол гэж бодож үзсэн. Басс хоолойд тохирох сайхан бүтээлүүд олон бий. Морин хийл шиг хүнгэнээд цаанаа л сайхан. Миний багш басс баритон хоолойтой байсан. Өмнө нь энэ дууг ийм тийм маягаар дуулдаг байсан гээд л сонирхуулдаг байлаа.
-ДБЭТ-ын байр хуучирсан тул театраа Буянт-Ухаа руу нүүлгэж магадгүй гэсэн яриа байсан.
-Баттай эсэхийг нь мэдэхгүй ч тийм хов сонсогдсон. Үнэн бол гайхаж л байна. Гаднын улсын жишгээр бол Төрийнх нь ордны дэргэд төрийн үйлчилгээний байгууллагууд байдаг. Манай түшээд хэрхэн шийдэхийг мэдэхгүй. Нүү гэвэл за гэхээс өөр арга байхгүй. Гэхдээ төв театр төвдөө л байвал зүгээрсэн. Манай барилга олон жил болсон ч энэ хэмжээний чанар чансаатай театр шинээр барьж өгч чадах эсэхийг мэдэхгүй юм. Цаг үе ээдрээтэй байна. Олон сайхан дуурь тавьж, тайз засаад байдаг. Гэтэл өнөө сайхан тайз заслын хэрэгслээ хураах агуулах байхгүй. Ихэнхийг нь гадаа гандааж байна. Уг нь энэ урлагийн үнэт бүтээлүүдээ олон жил хадгалж хамгаалахын тулд өргөтгөл хийж хажуудаа агуулахтай болчихвол сайхан л байна.
Б.ДӨЛ