Ангараг гариг руу элчээ илгээнэ гэж хөөрцөглөөд л байгаа. Энд тэнд хүмүүсийг бүртгэлээ, бэлтгэж байна гэх. Яг хэзээ, хаанаас хөөргөх нь тодорхой бус. Тэгвэл Аерикийн Одон орны нийгэмлэгийн хуралдаан энэ сарын 2-нд болж, эрдэмтэн, шинжээч, мэргэжилтнүүд Улаан нүдэн рүү анхны баг илгээх хугацааг 2033 он гэж мэдээлжээ. Хүн төрөлхтний элчүүд 2039 онд зорьсон газартаа хүрнэ гэж тооцолсон аж. Дэлхийнхний ирээдүйн “орон байр” болох тус гариг руу хүмүүсээ илгээх хугацааг хойшлуулах, энэ төслийн хэрэгжилтэд саад учрахаас болгоомжлон Засгийн газартаа ч мэдэгдэл хүргүүлээд буй аж. 2015-2033 он хүртэлх 18 жилийн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч доод тал нь гурван удаа солигдоно. Тэгэхээр төрийн тэргүүн солигдох бүрт энэ асуудалд анхаарлаа хандуулж, хүн төрөлхтөний түүхэнд агуу зүйл бүтээх үйлсэд нь дэмжлэг үзүүлэхийг тэд уриалсан байна. Мөн энэхүү төсөлд Хятадтай хамтрах болон Ангараг дээр ажиллах хүмүүс нэг сар орчим болоод дэлхий рүүгээ буцах замд гарна, АНУ 2022 онд өөрийн сансрын станцтай болно гэхчлэн олон асуудлыг энэ хурлаар ярьжээ. Үүнээс гадна томоохон бизнес эрхлэгчдийг энэ төсөлд татан оролцуудахааар ярилцаж байгаа ажээ. 40.000 гишүүнтэй Одон орны нийгэмлэг нь ТББ бөгөөд 1980 онд байгуулагдсан.