ДБЭТ-ын тайзнаа хавар, зун тавих уран бүтээлүүдийн талаар ардын жүжигчин, тус театрын уран сайхны удирдагч А.Дашпэлжээгээс тодрууллаа.
-Энэ хавар, зун үзэгчдэдээ ямар бэлэг барихаар зэхэж байна вэ?
-Хуваарийн дагуух тоглолтоосоо гадна дөрөв, тав, долдугаар сард гадаад, дотоодын байгууллага, зочидтой хамтарч олон ажил хийхээр төлөвлөөд байна. Эхнээс нь дурдахад, энэ сарын 15-нд Монголд Италийн удирдаач, дуучид ирнэ. Хоёр улсын соёлын харилцааны хүрээнд ирэх сарын 1, 2-нд зохиолч Перголесийн орчин үеийн дуурь болох “Ливиатта Траколло хоёр”-ыг Монголд анх удаа толилуулах юм. Ингэхдээ манай дуучдаас сонгож туслах дүрд дуулуулна.
Мөн энэ сарын 18, 19-нд тоглох “Аида” дуурийн эхнийхийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, дараах тоглолтыг өмнө нь манай улсад хэд хэдэн удаа ирж байсан, Италийн удирдаач Роберто удирдана. Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран ирэх сарын 3-нд “День победы” хэмээх тоглолт тавина. Тэгээд болоогүй ээ, Монгол Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тус улсаас удирдаач ирж, тавдугаар сарын 9-нд “Кармен”-ийг удирдана. Дуучид ирнэ гэж байгаа ч энэ талаарх мэдээлэл одоогоор бүрхэг байна. Манай театрынхан “Кармен”- ийг франц хэлээр нь тоглож эхэлсэн.
Тиймээс Францаас удирдаач ирснээр зөв буруу дуудлага, алдаа оноог нь засаж чанаржуулах байх. Манай театрынхан БНСУ-ын Тэжон хотын дуурийн театртай хамтын ажиллагаатай болж, өнгөрсөн онд тус улсад “Чио Чио сан” тоглоход манайхаас уран бүтээлчид оролцсон. Тэгвэл энэ удаа 23, 24-нд манайд тоглох “Травиата”- д Тэжоны дуурийн театрын дуучид, удирдаач оролцоно. Чайковскийн “Хунт нуур” балетийг ДБЭТ-ын тайзнаа тавьсны 40 жилийн ойг зургадугаар сарын 27, 28-нд тэмдэглэнэ. Дээрх тоглолтуудын хөтөлбөр одоогоор гараагүй тул ийн ерөнхий мэдээлэл өглөө. Дэлгэрэнгүйг цаг тухайд нь танилцуулсан нь дээр байх.
-“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Учиртай гурван толгой” дуурийг “Хүй долоон худаг”-т тоглоно гэсэн үү?
-Тийм ээ, сонгодог урлагийг үзэгчдэд ойртуулах зорилгоор Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран хэдэн ажил хийхээр төлөвлөж байна. Тавдугаар сарын эхээр Чингисийн талбайд венийн цэнгээнт бүжгийн хаврын баяр зохион байгуулна. Энд манай бүжигчдээс гадна спорт бүжгийн хамтлагууд оролцоно. Долдугаар сарын 4-нд сонгодог бүтээлийн дээжсээс толилуулах “Best of classic open air” хэмээх тоглолтоо мөн дээрх талбайд зохион байгуулна. Өнгөрсөн жилийн задгай талбайд болсон сонгодог тоглолтод зориулж 3000 гаруй суудал зассан нь дүүрсэн бол энэ жил бүр олныг байрлуулахаар төлөвлөж байна. Сонгодог тоглолт сонирхсон хэн бүхэнд зориулсан арга хэмжээнүүд тул хамаа алга, 10 мянгаас олон хүн ирсэн ч болно. Улсын баяр наадамтай холбоотой нэгэн сонирхолтой хөтөлбөр багтаасан нь долдугаар сарын 10-нд “Учиртай гурван толгой” дуурийг “Хүй долоон худаг”-т тоглох болсон нь. Манай театрын хувьд анх удаа задгай талбайд дууриа тавих гэж байна.
-Яагаад энэ бүтээлийг тоглохоор сонгосон бэ. Найруулгад нь өөрчлөлт оруулах уу?
-Хөгжмийн найруулга зэргийг өөрчлөхгүй боловч морь мал, гэр бараа, тоглоом наадгай зэрэг монгол ахуй, нүүдэлчин соёл, ёс заншлыг илүү тусгаснаараа баялаг болно. 3-5 мянган суудал засна. Цаашдаа уламжлал болгон зохион байгуулж магадгүй. Монгол наадам болон нүүдэлчин ахуй соёл илүү тусгаснаараа өнөөгийн байдлаар “Учиртай гурван толгой”- г ийм үед тоглоход илүү зохимжтой байна. Цаашдаа техникийн дэвшлийн боломжоор хангагдвал дэлхийн сонгодог дууриудаас задгай талбайд тоглохгүй гэх газаргүй.
Б.ДӨЛГӨӨН