Болгосон хар цаасан дээр алтаар бичсэн Жадамба судрыг “Ebay” цахим дуудлага худалдааны сүлжээнд 29 000 доллараар үнэлэн зарж байна. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын тасгийн эрдэмтэн Ш.Ням-Очирын тодорхойлж буйгаар эл судар нь “XIX зууны сүүл ХХ зууны эхэн үеийн хүрээ дэгээр хийсэн, өнөө цагт Монголд нүдний гэм болсон” ховор эд аж. Жадамба буюу Хоосон чанарын 8000 шүлэгт номыг Германы иргэн борлуулж байгаа бөгөөд судрын тайлбарыг “Монголын буддын шашны хар судар. Зурагтай, 67*19 см-ын хэмжээтэй 313 хуудастай” хэмээн бичсэн байна.
Жадамба судар нь Ганжуурын нэр томъёо буюу хураангуй хувилбар гэсэн үг юм. Бурхны номыг хүний өвөрт багтаавал шашин сөнөнө муудна хэмээн сүсэглэдгээс Жадамбыг зөвхөн үүрч явахаар том хэвлэдэг уламжлалтай. Монгол хэлнээ Хоосон чанарын 8000 шүлэгт номыг найман удаа орчуулж, 30 гаруй удаа төвдөөр барласнаас хамгийн жижиг нь Вангийн хүрээний Жадамба бол хамгийн том нь Энхамгалангийн Жадамба. Мөн наймдугаар Богдын нандигнадаг байсан хоёр боть зэс барын Жадамба бий. Монгол улсын тусгаар тогтнолд зориулан бүтээсэн эл судрыг Далай Чойнхор ван Оросоос зэс авчирч, өөрийн хошууны 54 сүм хийдийн дархчуулыг цуглуулж хийлгэсэн түүхтэй.