Түүний хэн болох, юу хийсэн талаар худал үнэн, чамин үг нуршихыг хүссэнгүй. Тэр өөрийгөө нээчихсэн. Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзийтэй ярилцсанаа хүргэе.
-Танд ярихыг хүсдэг хэрнээ сэтгүүлчдийн асуудаггүй зүйл байдаг биз?
-Хо.Нацагдорж гэж мундаг найруулагч, орчуулагч, урлаг судлаачийг манай театрын түүх мартжээ. Намайг 1971 онд УДЭТ-т ирэхэд тэр хүн найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаж байлаа. “Мэргэжлийн сургууль төгсөөгүй чиний жүжигчин болох хүсэл, мөрөөдлийг би талаар болгохгүй юмсан. Ялангуяа багш, шавь гэж нэрлэгдэнэ гэдэг өндөр хариуцлага байдаг юм. Чи урлаг руу үнэхээр өнгийхөөр шийдэв үү. Урлагийн тогоо руу нэг л өнгийсөн бол өөрийгөө буцааж татна гэдэг гонжийнжоо. Хамгийн гашуун нь чи их ядуу амьдарна. Гэхдээ сайн жүжигчин болбол дүр чинь урт насална” гэж захисан нь яг үнэн.
“Жүжигчин болсноор чиний хамгийн сайн мэдэх ёстой зүйл бол хүн судлал. Гэхдээ сэтгэл зүйгээс нь гадна хүний амьдралыг судлах хэрэгтэй. Амьдралын гүнд орж, зов, ажилла, тамлагд. Тэр мэдрэмжээ үзэгчдэд хүргэх үйл явцыг өөртөө шингээ” гэж сургасан нь сэтгэлээс гардаггүй. Би ядуу амьдарсан нь үнэн ч гэлээ эргээд бодоход надад харамсах юм ер байхгүй. Миний том хүү 10 дугаар ангиа төгсөөд жүжигчин болъё гэхэд нь би “Тэг ээ, тэг. Урлагийн аль ч сургууль Алтан-Өлзийгийн хүү гэхэд чамайг авна. Гэхдээ чи яг аав шигээ ядуу амьдарна. Яг чиний туулсан шиг амьдралд үр хүүхдүүд чинь өснө, зүгээр үү” гэж асуусан.
Тэгтэл гурван хоногийн дараа “За аав аа, би болихоор шийдлээ” гэсэн. Жүжигчний мэргэжлийн оройд гарна гэж байдаггүй юм. Уултай зүйрлэвэл сурсаар байгаад л бэл хавиас нь баяртай, бурхны орон руу оддог. Хо багшийнхаа тухай ярья гэж яагаад олон жил бодсон юм бэ гэхээр миний багшийг тухайн үед нь үнэлээгүй юм. Тэр үед багш их хавчигдаж байсан юм уу даа гэж одоо өрөвддөг. Нийгэм арай чөлөөтэй байсан бол олон хүнд эрдэм заах байсан даа. Юмыг үнэнээр нь л хэлчихдэг, шударга зангаасаа болж тийм оюунлаг хүн ганцаардалд орж, их багтардаг байж. Түүнээсээ болоод архи ууна. Гэхдээ архинаас болж ажлаа тасалж байхыг нь би үзээгүй. Тэр хүний багтрал, зовлонг нимгэлэх юм нь жүжигчид байсан болов уу гэж боддог. Жүжигчдэдээ зааж, зөвлөж байж жаахан тайвширдаг байсан биз.
“Хурлын дараа” хэмээх жүжиг давтаж байсан үе санагдана. Тоглох хэсгээ дуусгачихаад өрөө рүүгээ явж байтал багш дуудаад орилж байна. Би дахина гэж мэдсэнгүй багшаа гэтэл “Дахина, дахина, дахина. Дандаа дахина” гэж ганц л удаа надад уурласан. Өөр хүн рүү тэгж орилж байхыг нь хараагүй. Итгэсэн хүндээ гаргасан уур байх. Намайг нэрээр минь дууддаггүй, Гоё нэрт гэдэг. “Багшаа би уг нь нэртэй шүү дээ. Ингэж дуудахаар хүмүүс намайг шоолоод байх юм” гэхэд “Чиний нэр их хүнд” гэж билээ. Тэр үед ойлгоогүй ч сүүлд бодох нь ээ их учиртай, юм мэддэг хүн байж. Завхан аймгийн Сантмаргац сумын их, бага Маргац хэмээх цуварсан уулсын ар шил дээрх Өлзий гэх жаахан толгойд манайх нутагладаг байсан болохоор төрсөн газрын минь нэрийг надад хайрласан юм билээ. Тэр хүний ой тогтоолт агуа.
Таван жилд нэг удаа театрын жүжигчдээс атестатчлах мэргэжлийн шалгалт авдаг байлаа. Бид Хо багшаас давтлага авахаар гэрт нь очиход нэг ханаар нь дүүрэн ном өрөөстэй харагдсан. “За та нар юу асуумаар байна” гэхээр нь “XVII зууны үеийн Оросын урлагийн түүх яриулъя” гэсэн. Багш хайсан ч үгүй шууд нэг ном сугалж аваад төддүгээр хуудасны тэр нүүрт байгаа гэж ирээд л ийм тийм төлөөлөгчтэй, ингэдэг тэгдэг байсан гээд л өөрийнхөө амьдралыг ярьж байх шиг тодорхой тайлбарласан. Сайн найруулагч, судлаачаас гадна мундаг орчуулагч. “Би өөрийгөө нэг номерийн орчуулагч гэхгүй. Чойжилийн Чимид надаас нэг алхмын урд яваа. Ч.Чимид хүмүүстэй нь зэрэгцэж, шууд орчуулдаг. Яагаад гэвэл өнөө хүнийхээ хэлэх үгийг урьдаар мэдэрдэг” гэж багш ярьж байсан. Чи монгол хэлээ гүйцэд сурч байж, орос хэлийг хоёр дахь хэл болго гэж захидаг. Би одоо хүртэл монгол хэлээ гүйцэд сураагүй л явна.
-Бусдад хичээл заах санал танд ирж байсан ч дургүйцдэг шалтгаан нь багш шавь гэдэг бол нарийн сэжмээр холбогддог гэж ойлгодогт, бас Хо багшийгаа гэх хүндлэх сэтгэлтэй холбоотой юу?
-Би Хо багш шиг тийм их мэдлэгтэй хүн биш. Надад тийм мэдлэг суугаагүй юм. Одоо л хүн болох гэж, жүжигчин болох гэж явна. Өөрөө суралцаж яваа хүн бусдад юм заана гэдэг байж болшгүй. Манай улсын таван их, дээд сургуульд жүжигчний анги байдаг юм гэнэ билээ. Нэг сургуулиас нь жилд 10 хүүхэд жүжигчний мэргэжлээр төгслөө гэхэд 50 хүн хаачих вэ. Гэтэл манайх гуравхан сая хүнтэй, ганцхан драмын театртай шүү дээ. Надад мөнгө нь хэрэгтэй байлаа ч хүний амьдралаар тоглох зүрх байхгүй. Түүний оронд өлбөрсөн нь дээр. Зарим хүнийг сонсоод байх нь ээ, би 500 шавьтай энэ тэр гээд нэг л мундаг ярьдаг.
Үнэндээ шавь нь хаана явж байгааг ч мэдэхгүй ийм багшаар яах юм бэ. Цэрэндагвын багш Дамдин гэж хүн бий. Тэрбээр аравдугаар анги төгсгөхөөрөө бүгдийг нь их дээд сургууль, техникумд элсүүлж, сүүлчийнх нь хүнийг ажилтай болгож байж ёох гэж сая нэг санаа амардаг байсан гэдэг. Багш хүн тийм л байх ёстой. Тэгтэл өнөөдөр багш нар аравдугаар анги төгсгөлөө гүйцээ, миний дараагийн анги хаана явна вэ гэж байгаа болохоос биш, сурагчдынхаа төлөө санаа тавьж буй нь хэд бол. Ингэж бодохоор багш шавийн барилдлага гээд байгаа нь худлаа байхгүй юу. Дамдин багшийн шавь нараа гэсэн сэтгэл, Цэрэндагвын багшийгаа гэсэн хайр байж гэмээнэ багш, шавийн барилдлага болно.
-Хо.Нацагдорж гуай та хоёрын дунд тийм холбоо байсан уу, эсвэл та л тэр хүнийг биширч явдаг уу?
-Миний ээж уушгины хорт хавдар тусаж, хоногоо хүлээж байсан юм. Наадмын үеэр “Сүүлчийн тулаан” жүжиг нээхээр манайхан сургуулилалт хийж байсан үе. Хо багш “Чи гамингийн дүрд тоглож байгаагүй. Өөрийгөө сорь” гэж дүр өгсөн. Өглөө сургуулилалтдаа ирэхэд багш ээжийн биеийг асуугаад орой тарахад харь гээд хөөгөөд явуулна. Тэгсээр наадмаар ч жүжгээ тоглолоо, ээжийн ч бие муудсан. Ээжийг өөд болохын урьд өдөр манайд очиж “Алтан-Өлзийг би театрт удаан барилаа. Таны дэргэд жаахан ч гэсэн байх цагаас нь их хумсаллаа. Өршөөгөөрэй” гэж билээ.
-Та тэр жүжигт дүр авахгүйгээр үлдэж болох байсан уу. Ээжийнхээ дэргэд жаахан ч гэсэн хамт байхгүй яав даа гэж одоо харамсдаг уу?
-Болох байсан ч харамсдаггүй ээ. Миний ижий харин ч баярлаж байсан. Найруулагч, зохиолч Ванган миний аавын төрсөн ахын хүүхэд шүү дээ. Ванган ахаар дамжуулж ээж урлагийнхны амьдралыг мэддэг, мэдэрдэг, ойлгодог байсан. Тоглосон гурван киногоо ээждээ үзүүлж амжсан юм байна. “Үүрийн цолмон”-г үзээд ээж мушийгаад үнэрлэж байсан бол “Өнөр бүл” гарахад инээгээд үнссэн. Харин “Эргэж бодох бодол” үзчихээд “Миний хүү жүжигчин болмоор юм уу даа” гэж хэлсэн нь ээжийн минь надад өгсөн хамгийн том үнэлгээ.
-Та түрүүн би одоо л хүн болох гэж явна гэлээ. Эргээд амьдралаа цэгнэхэд та хүн байж чадаагүй юм уу?
-60 нас хүрч ухаан ороод 61-тэйдээ үхнэ гэж монголчууд хэлдэг дээ. Жаахан байхад хөгшчүүд “Миний хүү хүн болдог юм шүү” гээд үнсэхэд нь “Би бусдын адил идэж, уугаад унтаад явж байхад яагаад ингэж хэлж байна вэ” гэж гайхдаг байлаа. Хүн болно гэдэг их учиртай юм байна. Хамгийн түрүүнд уул, ус, газар шороо, энэ сайхан эх орноо хайрлаж, дараа нь ард түмнээ бодож байж хүн болдог. Хүн болоогүй араатнууд манай төрд олон байна. Газар шороогоо хайрлахгүй байгаа хүмүүс яаж ээж, аавыгаа хайрлах юм бэ. Надад их хачин эмзэглэл төрөөд байна. Хүүхдүүдэд таван настайгаас нь аав, ээжийгээ чи гэж дууддаг гадаад хэл зааж байхад тэд яаж монгол хүн болох вэ.
-Тэгвэл хүн болох, монгол хүн байхын ялгаа хэр их вэ?
-Бусдын өмнөөс зовох сэтгэлтэй байхад хүн байхын гол учир бий. “Чи цатгалан явах амархан. Дэргэдэх хүнээ өлсгөж суух шиг гутамшиг байхгүй. Хоол авч идэх гэж байсан хэдэн төгрөгөө ядарсан нэгэнд өгвөл ядах нь ээ сэтгэл чинь цатгалан явна. Бусдын зовлонг ойлгож мэдэрнэ гэдэг хүн болохын анхны ухагдахуун” гэж хүүхдүүддээ захидаг. Бас лам, нам, архи гурваас хол яваарай гэж хэлдэг юм. Лам нарт яагаад итгэхээ больсон бэ гэхээр Ноён уулыг ухахад савдгуудыг нь 60 гаруй лам унтуулж ном уншсан гэж дуулсан. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд гэж номлодог хүмүүс яасан бэ. Шашны ариун мөр мөн үү.
Энэ тухай Чойжамц хамбаас танай сайтаар дамжуулж асуумаар байна. Монголыг яаж Монгол биш байлгах вэ гэсэн бодлого алсуураа яваад л байгааг хүмүүст хатуу анхааруулмаар байна. Бид боловсрол, шинжлэх ухаан, хөгжлөөрөө даяаршиж болох ч хүнээрээ л дэлхийчлэгдэж болохгүй. Хэлтэй бол хөлтэй гэдэг. Монголоо мартчихвал хөлтэй болсны гавьяа юу байх вэ дээ. Өвөг дээдсийнхээ үлдээсэн энэ нутагт монгол хүн Монголоороо бодож хийнэ үү гэхээс Америкаар сэтгэж, Японоор бүтээвэл энэ хорвоод монгол хүн болж төрсний утга учиргүй. Хамгийн үнэ цэнэтэй зүйлээ хэдхэн төгрөгнөөс тавьж туучихаад сууж байгаа хүмүүсийг монгол хэлээрээ хагас дутуу хуцдаг гөлөгнүүд л гэмээр байна.
Юм бүхнийг даяарчлах гэхийн хэрэг байхгүй. 1969 онд цэрэгт очоод “Монгол улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутаг, ард түмнийхээ төлөө эцсийн дусал цусаа дуустал тэмцэнэ. Хэрвээ би энэ тангаргаасаа няцвал Монголын хөдөлмөрчин ард түмэнд үүрд жигшигдэн, төрийн хуулийн дээд ялыг эдлэхэд гомдолгүй” гэж тангараг өргөсөн минь одоо ч зүрхэнд хадаастай, би үнэнч яваа. Одоо орцны жижүүрээс өөр, тангараг өргөдөггүй ажил гэж байна уу. Нягтлан бодогч, эмч, цагдаа, төрийн албан хаагчид бүгд л тангарагтай, түүнээсээ ухарвал ингэнэ тэгнэ гэж заасан л байх. Гэтэл хүмүүс тангаргаа зөрчиж, аймшигтай юм хийчихээд ичихгүй суугаад байгааг ойлгодоггүй. Манайд хариуцлага сул гэдэг. Тангаргын хариуцлагыг яс тооцдог тогтолцоо уг нь байх ёстой.
-Театраас хөөгдсөний дараа их ганцаардсан гэж байсан. Ганцаардал хувь хүнээс шалтгаалдаг уу, бусад хүчин зүйл, хүмүүс нөлөөлдөг үү?
-Би одоо ч гэсэн ганцаарддаг. Миний үзэл бодолтой бусдын санаа нийлэхгүй байгаа учраас ганцаарддаг байхгүй юу. Бодол нийлэхгүй хүмүүстэй ярих ямар ч үр ашиггүй, цаг дэмий үрсэн явдал болно. Түүний оронд ганцаараа бодоод суух нь дээр. Даанч ганцаараа бодохоор аймшигтай стресст ордог.
-Бухимдлаа яаж тайлдаг вэ?
-Сайхан алхана. Заримдаа хэрэлдчихээр стресс нэг их сайхан тайлагдчихдаг. Сэтгэлээ онгойтол хэн нэгнийг арчаагүйгээр нь дуудчихдаг.
-Тэр хатуу үгийг сонссон хүн хэцүү байдалд орох биш үү?
-Би худлаа хэлэхгүй гэсэн ганц зарчимтай. Үнэн байдлыг нүүрэн дээр нь шууд хэлчихдэг учир хүмүүс надад дургүй. Үргэлж миний араар муулдаг. Тэр хамгийн муухай чанар. Таагүй санагдсан бол хэлэх л хэрэгтэй.
-Тантай ижил үзэл бодолтой хүн амьдралд тань хэр олон таарч байв?
-Тааралгүй яах вэ. Миний багын найз, агуу найруулагч, жүжигчин Гүрсэдийн Доржсамбуу. Архи уухдаа ч, жүжиг бүтээхэд ч, хүнтэй хэрэлдэхэд, ер нь бүх зүйлд бидний үзэл бодол нийлдэг. Тэр хүнийг үгүй болсноос хойш би ганцаардлын туйл болсон.
“Найзын минь ирдэг зам балартаж,
Гэгээ цацруулсаар ирдэг замд өвс ургалаа
Багтарч бухимдсандаа нулимсаа арчих гэтэл
Баруун гар минь байхгүй байлаа” хэмээх үгтэй Расул Гамзатовын шүлэг ихийг бодогдуулдаг. Үзэл бодол нийлдэг хүмүүсээсээ хагацахаар яг л аль нэг эрхтэн алга болчихсон юм шиг санагддаг.
-Хүмүүс биенийхээ дутууг нөхөж дундуураа дүүргэж амьдардаг шүү дээ. Зүүн гараар барууныг нь орлуулж болохгүй гэж үү?
-Болдоггүй юм. Би зөв гараараа бичдэг, солгойгоороо юу ч хийж чаддаггүй. Бусад найз бүгд миний солгой гар. Санжиганаад байж л байна, заримдаа юм барьж, түшихээс хэтрэхгүй. Түүнээс биш солгойгоороо нарийн юм хийж чадахгүй шүү дээ.
-Долоон жил театраас хөндийрөхдөө тайзаа санасан, гэрт зүгээр суух хэцүү юм билээ гэж ярьсан байсан. Таныг өөрөө л хүсэх юм бол орон нутгийн театрууд дуртай хүлээж авах байх.
-Орон нутгийн театрынхан дуртай авна. Даанч тэдэнд надад өгөх цалин байхгүй. Драмын ангид тав, дуу, бүжгийнхэнд тэд гээд хүний тоо зааж хөлсийг нь төсөвлөдөг. Мягмараннарантай хамт ноднин жил Сүхбаатарт жүжиг тавьсан юм. Тус театрынхан төсөвгүй гээд бусдаас мөнгө зээлж, хандив цуглуулж байж биднийг тэнд сар ажиллуулсан. Тийм байхад бусдад дарамт болоод юу хийнэ.
-Та гэртээ юу хийдэг вэ?
-Зүгээр сууж болохгүй юм билээ. Эхлээд хадаас тэгшилдэг байснаа дараа нь мужааны багаж цуглуулсан. Багажтай хүн юу ч хийдэг, цаг амархан өнгөрдөг. Тэтгэврийнхээ хэдийг цуглуулж байгаад хөрөө, харуултай суурь машин авах санаа бий. Банз зүсээд л есөн шидийн юм хийж болно. Өөрийгөө зугаацуулах юмтай байхад заавал дүр бүтээх гэх шаардлага байхгүй. Яах вэ, хааяахан сайхан санал ирвэл зөвшөөрч, тоглох дүрээ юм болгох хэрэгтэй.
-“Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг хийх хүсэлтэй гэсэн үү?
-Тийм ээ, ямар ч байсан энэ ондоо багтаана. Эхнэр Нансал минь зохиол бичсэн нь тун давгүй болсон. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Х.Дамдинд санал тавьсан. Түүнээс өөр итгэх найруулагч надад үнэхээр олдсонгүй. Дамдинг юу гэх бол гэж халширч, халширч очтол “Чамд татгалзах эрх байхгүй” гэсэн. Хуучны хүмүүс ийм сайхан жудагтай.
-Киноны хоёрдугаар анги анхныхыгаа гүйцдэггүй нь бичигдээгүй хууль. Та эмээж байна уу?
-Яг наад асуудлыг чинь Дамдинд хэлэхэд “Тэгдэг юм. Гэхдээ хоёулаа зохиолоо сайн нухчихвал эхний ангиа давуулж хийж болох байх” гэсэн.
-Ажилчин ангийн төлөөллийг гол баатраараа сонгосон кино хэрхэн үргэлжлэх бол?
-Үйлдвэрүүд татан буугдаж, ажилчид гудамжинд гарсан. Тэр үеийн ажилчин Гармаа хэн болсон гэж чи бодож байна вэ?
-Түүний хэр арчаатай, эсэхээс шалтгаална байх.
-Яг зөв хэллээ. Тийм л юм үзүүлнэ.
-“Хүн тэртээ холоос аз жаргалыг хайж, мөнгө, эрх мэдэл, алдар нэрийг зорилгоо болгож амьдардаг. Энэ бол шунал, жинхэнэ жаргал гэдэг тун энгийн. Хүн одоо цагаасаа, байгаагаасаа аз жаргалыг мэдрэх хэрэгтэй” гэж ярих хүн байхад “Ийм амьдрал ямар ч хүсэл тэмүүлэлгүй, идэвхгүй” гэж шүүмжлэх нэгэн бий. Та аль үзэлтэй нь санал нийлэх вэ?
-Ямар ч мөрөөдөлгүй амьдарна гэж байхгүй. Сэтгэхүй эрүүл бол мөрөөдөл байж л таараа. Харин бусдын мөрөөдлийг доромжилж болохгүй. Бусдын бодож сэтгэж байгаа руу хэн ч өнгийж харж чадахгүйгээс хойш хүний амьдралд хошуу дүрж, гаднаас нь дүгнэх арчаагүй улсын зан. Хувь хүн бүр өвөрмөц ертөнц. Ихэр хүүхдүүд хүртэл өөр өөрөөр сэтгэдэг шүү дээ. Морины сайныг унан байж, нөхрийн сайныг ханилан байж мэднэ гэдэг дээ. Энэхэн хоёр мөрөнд бүхэл бүтэн хүний ертөнцийн гүн ухаан багтаж байна. Энэ гүн ухаан Монголд л байна.
-Бид л мэддэггүй болохоос биш гадаадын өөр улсад иймэрхүү зүйр үг байдаг шүү дээ.
-Байхгүй. Хо багшаас энэ тухай асуухад “Миний муу ээж гэж хэлдэг үү чи” гэж асууж байсан. Хүүхэд, чулуу хоёрт хөөрхөн байдаггүй гэдэг. Яг үүнтэй адил, монголчууд муухай гэдэг үгээр миний наран цацралт ээж гэж хэлж байна. Ээжийгээ хамгийн их өрөвдөж, хүндэлж, хайрласан үедээ л миний муу ээж гэдэг шүү дээ. Ямар даруухан хэрнээ зөөлнөөр хэлж чадаж байна вэ. Миний ээж хөөрхөн гэж хэлснээс илүү сайхан. “Моя плохоя мама” гэвэл оросууд боож үхнэ дээ.
-Та хэр зөв шийдвэр гаргадаг вэ?
-Нэг их буруу шийдвэр гаргачихлаа гэж харамсаж явсангүй. Өөрийгөө цэнээд л байвал хүнд тус болж чадахгүй. Алдаж онохгүйгээр юм хийнэ гэж байхгүй тул алдаа гаргахаас айж болохгүй. Найзад минь мөнгө хэрэгтэй болоход гурван өрөө байраа барьцаалаад мөнгө зээлсэн. Тэр хүн сураггүй болсон. Гэхдээ би нэгэнт хийчихсэн зүйлдээ юунд нь харамсах вэ дээ. Би хүн алъя гээгүй, тус болъё л гэж бодсон. Тэр хүн тус гэж ойлгоно уу, эсвэл ашиглачихъя гэж бодсон байна уу надад хамаагүй.
-Урлагийн буянаар төр танд гурван өрөө байр, хожим гавьяат цол өгсөн. Танд аль нь илүү үнэ цэнэтэй вэ?
-Үнэнийг хэлэхэд гурван өрөө байр нь үнэтэй байсан юм. Орчин үед гавьяат цолыг зарим хүн гоёлын дээл шиг бодоод байна. Уг нь их үнэ цэнэтэй эд байгаа юм шүү дээ. Надад энэ цолыг төр биш, ард түмэн өгсөн гэж боддог. Монгол Улс одоо төр ч үгүй болсон. Германы сэтгэгч Гегель “Хүн төрөлхтөн дорноос, тэр дундаа Монголоос үүсэлтэй. Яагаад гэвэл Монгол эрт үеэс л төрт улстай байсан юм. Төртэй байсан учир жаргалтай, эв эетэй амьдарч байсан” гэж хэлсэн байдаг.
Төрт улсаа байгуулсны 2222 жилийн ой гэж ичихгүй тэмдэглээд л байсан. Төр нь хаана байна вэ. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлосноос болж гурван хөлтэй тугал, ишиг, сохор ботго, хоёр толгойтой хурга гээд гажигтай төл олон төрж байхад Ц.Элбэгдорж огт дуугарсангүй. Дэлхий нийт тэр хүнийг Монголын Төрийн тэргүүн гэж хүлээн авах. Өнөөх нь очсон орон бүрээсээ юм гуйж, оронд нь Монголын газар шорооноос өгөх... Ийм төр байх уу. Манайх ядах нь ээ улсын баяр наадмаа уламжлалаар нь тэмдэглэдэг болохсон. Бөх нь сэргээш хэрэглэж, биенээ найрч, эрлийз хурлийз морь уралдуулж байна.
Сур л арай гайгүй маапаангүй юм болов уу, итгэж үздэг. Уяачид гэж жийпэндээ багтахаа больсон тарган хүмүүс. Морио унаад явж байсан бол тийм айхтар таргалах уу. Юм л бол бооцоо гэж дуугарч, өвөл хүртэл морь уралдуулдаг болж. Мөнгө гэдэг амьдрал биш шүү дээ. Зүгээр л хэрэглэгдэхүүн, барьцааны цаас. Манайхны толгойд яаж хүн болох вэ гэх бодол биш, хэрхэн мөнгө олох вэ гэх шунал эргэлдэх болжээ. Үхэхдээ өвөртлөөд явах биш тэр их мөнгөөр яах гээд байгаа юм бэ, бүү мэд. “Хоёр идэхгүй хоосон хонохгүй явж байна” гэдэг ямар гоё үг вэ. Ингэж амьдрах л хамгийн сайхан, хүн байхын гоё чанар. Нэг литрийн саванд нэг литр л ус орохоос биш, 1.5 л багтахгүй шүү дээ. Тэгтэл хэр хэмжээнээсээ давсан мөнгөний мөрөөдөлтэй улс олон байна.
-Алдар нэр ус мэт. Аяга ус цангаа тайлдаг. Их мөрөн живүүлж ална. Таны уусан ус эм, хорын аль нь байсан бэ?
-Алдар нэрийг хариуцлага гэж бодох хэрэгтэй. Усаар зүйрлэвэл цангаж, бас цадаж болохгүй. Би залуу насандаа олдсоных нь хэрээр гээд л усанд цадаж, бүр бөөлжиж явлаа. 50 нас гараад л юу билээ гэж боддог юм байна. Зөвхөн амаа зайлах төдий хэрэглэх ёстойг ойлгосон. Амаа зайлаад байвал цангахгүй. Одоо бол усыг хэрэглэж дуусгах биш, нөөцлөхийг бодож байна. Энэ нь тархиндаа аливааг тунгааж, бодож сэтгэхийг хэлж байгаа юм.
-Таныг “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгт оролцсоны дараа сайхан сэтгэлт малчин 30 ямаа бэлэглэсэн гэсэн үү?
-Төв аймгийн харьяат Сэр-Од нэртэй эр “Таныг ийм хэцүү амьдардаг гэж ер бодсонгүй. Танд заавал юм өгмөөр санагдаад байна” гэсээр ишигтэй 10 ямаа ачаад ирсэн. Тэр залуу одоо миний хуурай дүү болсон. Монгол хүний бусдын төлөө гэх сэтгэл ийм сайхан. Уржнангийн айхтар зуднаар турь муутайнууд нь үрэгдээд, одоо 10 гаруй бий. Угаасаа айлд байгаа мал өсдөггүй юм аа.
-Ходоодны хорт хавдраас болж хоёр сарын настай гэж эмч танд хэлж байсан юм билээ. Хэзээ хорвоогоос явахаа мэднэ гэдэг тэр үедээ л үхчихсэнээс ялгаагүй гэдэг. Тэр хэцүү үед дотроо юу бодож байв?
-Тийм мэдээ дуулсан хүн хугацаанд анхаарлаа хандуулж, 60-хан хоногийн дотор яах билээ, юу амжуулах билээ гэж боддог. Өнгөрч өгдөггүй өдрүүд харвасан сум шиг хурдалдаг. Тэртээ, тэргүй үхэхээс хойш банк дээрэмдээд нуучихвал хүүхдүүдэд хэрэг болно гэх зэрлэг бодол хүртэл төрдөг юм билээ.
-Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Тийм зүйл хийлээ гэхэд ард түмэнд хайрлуулсан нэр тань зэрэглээ болж хувирах юм биш үү?
-Үхэл гэдэг нэр хүндтэй хавьтахааргүй юм билээ. Хүн их сайхан юм ярьж л байдаг. Толгойд чинь буу тулгахад нэр төр бодно гэдэг худлаа. Баатарлагаар үхнэ май бууд гэхгүй ээ, амьд гарахыг л боддог юм. Хэзээ үхэхээ мэдчихээр ямар замыг яаж туулж ирэв, хэнд өртэй вэ, хүмүүсийг гомдоосон билүү гээд л өнгөрсөн амьдралаа эргэцүүлнэ. Бүр уулздаг байсан хүүхнүүдээ хүртэл бодно гээч. Ерөөсөө л үхэл гэх код тархинд суучихаад, цаг минут бүрт бодогдоно. Кофе уух гэхэд хөрчихсөн байна гэж нэг бодсоноо, “За хоёр сарын дараа голох кофе ч олдохгүй” гээд залгилах жишээтэй. Хором мөч бүр үнэтэй санагдаж, нойр хулжаад яагаад ч унтаж чадахгүй. Ухаанаа тасартал ууж байж сая унтдаг байлаа. “Оточ Одь” эмнэлгийн Баатарт судсаа бариулахад “Жаахан оройтож иржээ. Гэхдээ хоёулаа 10 жил амьдрана аа зүгээр” гэсэн. Тэр үед түүнийг би мөн их удаан ширтсэн тухай Баатар дараа нь ярьсан. Хоёр сарын настай байснаа 10 жил амьдрах болсон гээд бодоод үздээ. Сэтгэлд байсан хамаг хөндүүр, банк ухах, өр зээл гээд урьдын бодсон бүгд алга болсон. Тэр хүний өгсөн итгэлийн хүчээр ч юм уу би тав дахь жилдээ амьдарч байна. Үр хүүхэд, хань ижлээ л зовоохгүйхэн шиг өөд болохсон гэж хүсдэг. Баатар надад “Дахиж архи уухгүй шүү” гэсэн ганцхан болзол тавьсан.
Б.ДӨЛГӨӨН