Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохиож буй “Залуу хүн” цуврал лекц амжилттай үргэлжилж байна.
Лекцийн тав дахь зочноор шинэхэн үүрэгт ажилдаа томилогдоод буй, МЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр уригдаж, “Манлайлал-Оролцоо-Хөгжил” сэдвээр илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүллээ.
Тэрээр лекцийн эхэнд оюутны холбооны ерөнхийлөгч гэхээсээ илүү Д.Батбаяр гэдэг хүний дотоод ертөнцийг залуустай хуваалцсан юм.
“Хүний амьдрал агуу, уудам. Хичээлнгүйлэн зорисон зорилгодоо хүрсэн үедээ хүн энэ миний хүсээд байсан, үүнтэй л болчихвол аз жаргалтай болно гэсэн тэр зүйл мөн үү гэж эргэлзэх үе ч бий. Магадгүй яг одоо байгаа зүйл чинь чамд аз жаргал өгч болох юм. Хүн аз жаргалыг өөрөө ирэх юм шиг хүлээлттэй байдаг. Аз жаргал өөрөө гүйгээд ирдэггүй. Түүнийг хүн өөрөө бүтээдэг” хэмээн залууст зөвлөлөө.
Мөн тэрээр хүн яг л өөрийнхөөрөө л амьдах хэрэгтэй. Амьдралынхаа жорыг өөрөө найруулах нь чухал. Хүний жороор амжилт олж, яг л тэр хүн шиг болно гэж байхгүй. Чи давтагдашгүй цор ганц юм гэдгийг онцоллоо.
Залуустай нэг цагийн турш санал бодлоо хуваалцсан тэрбээр “Өөрөөс чинь илүү ухаантай хүн энэ ертөнцөд үгүй. Гэхдээ дарга болох гэж битгий зүтгэ манлайлагч болох гэж л тэмүүл” гэсэн зөвлөгөөг өгч байсан юм.
Эзэмшсэн мэргэжлийнхээ шилдэг нь болж, гарч ирсэн боломж бүрийг мэдэрч, атгаж авах нь чухал гэдгийг ч ойлгуулсан. Өөрийгөө хөгшин оюутан гэж ёжлох тэрбээр одоо МУБИС-д боловсролын удирдлагын чиглэлээр суралцдаг аж.
Мөн энэ үеэр тэрбээр гурван сая иргэнд оногдох их, дээд сургуулийн тоог хасах хэрэгтэй гэж шүүмжилдэг хирнээ тэдгээр хүн амд ноогдож байгаа баар цэнгээний газар, архины үйлдвэрүүдийн тоог цөөлье гэж хэн нь ч дуугардаггүй нь харамсалтай гэж хэлж байсан юм.
Яг одоогийн байдлаар манай улсад 218.000 оюутан байгаа аж. Тэдний 113000 мянга нь оюутны визагаар үйлчлүүлдэг юм байна. Мөн оюутны дотуур байрны хэмжээ хэт жижиг байгааг тэрбээр энэ үеэр онцоллоо.
Оюутан залуус түүнд сонирхсон асуултаа тавьж хариулт авж байсан юм.
Лекцийн төгсгөлд тэрбээр эцэг эхийнхээ зовж олсон мөнгөөр боловсрол эзэмшиж байгаа учир сайн суралцах хэрэгтэйг онцлоод, хамгийн түрүүнд оюутан залуус эцэг эхийнхээ захисан захиасыг биелүүлэх нь чухал юм хэмээв.
М.Болор
HTML-