Парис хот германчуудаас чөлөөлөгдсөнөөс хоёр жилийн дараа буюу 1946 оны наймдугаар сарын 5-нд Жером Секлер хэмээх америк цэрэг Анри Матисс (1869-1954)-ын гэрт зочилжээ. Орчин цагийн уран зургийг ихэд сонирхдог байсан тэрбээр Европт байх хугацаандаа Францын нэртэй зураачидтай уулзахаар нэрсийн жагсаалт гаргаад байж. Жагсаалтынх нь эхэнд “Өнгөний шидтэн” гэгддэг Анри Матисс байлаа. Матисс бол фовистууд буюу “зэрлэгүүд” гэгдэх болсон, 1900-гаад оны эхэн үеийн шинэ залуу, өвөрмөц зураачдын түүчээ билээ. Зургуудынх нь өнгө будгийг “зэрлэг догшин” хэмээн тодорхойлж байснаас түүнийг эл бүлгэмийн “толгойлогч”-оор өргөмжилжээ. Харин 1920-иод оноос Матиссыг уламжлалт франц зургийн өв уламжлалыг сэргээгч гэж үзсэн бол өдгөө XX зууны хамгийн нөлөө бүхий, хамгийн онцгой зураачдын нэг, модернист уран зургийг хөгжүүлэгч хэмээн үнэлдэг.
Бараг 70 жил өнгөрөхөд хаа ч хэвлэгдээгүй, өнгөрсөн нэгдүгээр сард анх удаа “Design Observer” цахим хуудаснаа Жером Секлерийн хүү Дональд Секлерийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэгдсэн “Өнгөний шидтэн”-ий ховор яриаг товчлон хүргэж байна.
-Уран зурагт сэдэв байх нь чухал уу?
-Та надаас юу асууж байгаагаа мэдэж байна уу? Энэ асуултад чинь хариулахын тулд би бараг бүтэн ном уншиж өгөх дайны юм болно. “Сэдэв чухал биш” гэж хэлэх хүмүүс байдаг. Харин би тэдний нэг биш. Миний уран бүтээлийн гол сэдэв бол би өөрөө, миний үзэж харсан, итгэж үнэмшсэн бүхэн. Сэдэвгүй, бодож санасан зүйлгүй бол юу ч зураад хэрэггүй. Эмэгтэй хүний гоо сайхан, байгалийн өнгө үзэмж гээд сэдэв мундахгүй олон байна.
-Та голдуу эмэгтэй хүн, цэцэг зурдаг. Үүнийг сэдэв гэх үү?
-Урьд нь би зураг зурахаасаа өмнө цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах юм уу, урландаа ганцаараа, амьд цэцэг харж суудаг байлаа. Цэцэг олон янзын хэлбэр, хэмжээтэй, тоо томшгүй зураастай байдаг. Тэр бүхнийг нь тогтож харахад дотор цэлмэх шиг болдог юм. Намайг шүүмжилдэг хүмүүс голдуу зураачид байдаг. Тэдэнд би “Өөрсдийнхөө зургийг минийхтэй зэрэгцүүлж тавиад, сайн” гэж хэлнэ. Миний эсрэг чиглэсэн энэ бүх шүүмжлэлийг Сезанн л эхлүүлсэн. Америк оюутнууд энд ирэхээрээ “Сезанны зураг дээр байдаг шиг байшин хаана байдаг вэ” гэж асуудаг. Тэд зургийн санааг биш, өнгөн хэсгийг л олж харсан нь тэр.
-Таныг зогсоогоороо зурдаггүй, үргэлж сууж ажилладаг гэж сонссон юм байна.
-Энэ тухай би 40 жилийн өмнө, 1906 онд ярьж байсан. Миний энэ үзэл одоо бараг уриа лоозон болсон байна. Урлагийн ямар ч бүтээл хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэх ёсгүй. Тиймээс уран бүтээлч хүн сэтгэлд бугласан муу муухай, хүнд хэцүү бүхнээсээ ангижирч байж ажлаа хийх ёстой. Харин тэгэхийн тулд санаа сэтгэлээ амрааж, бие эрхтэнээ чөлөөлж, тайван, тэвчээртэй сууж сурах хэрэгтэй юм.
-Гэхдээ Гойя, Домье нарын зураачид амьдралын гашуун үнэнээс зайлсхийж байгаагүй. Пикассо ч гэсэн үнэнээс нүүр буруулж чадалгүй “Герника”-г бүтээсэн. Уран зохиолч ч мөн ялгаагүй. Шекспир, Милтон, Бальзак нар амьдралын хар барааныг байгаагаар нь харуулсан болохоороо л агуу гэгдсэн биш үү?
-Дүрслэх урлаг уран зохиолыг бодвол давуу тал ихтэй. Хамрах хүрээ нь илүү гэх үү дээ. Утга зохиолд юм бүхнийг нарийн чанд, яг таг байлгах хэрэгтэй байдаг. Харин дүрслэх урлагт зураачийн болоод үзэгчийн сэтгэлд хүрсэн, хэн нэгнийг нь догдлуулах ганц л зүйл байхад хангалттай байдаг юм. Мөнгөтэй хүн сайн зургийн үнийг нь хараад л үнэлж мэдэх бол гудамжны хүн өөр дээр нь сайн сайхны гэгээ тусгасны төлөө уран зургийг бишэрнэ. Харин банкны эзэн бол “200 мянган франк хүрч магадгүй юм” гэж бодсондоо өнөөх зургийг худалдаж явах жишээтэй. Тэгэхээр зургийн хамрах хүрээ илүү байгаа биз.
-Модернист уран зургийг урлаг биш гэдэг хүн олон бий. Орчин цагийн дүрслэх урлагийн хөгжил уран барилгаас эхлээд ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг нь хүртэл өөрчлөөд байхад олон нийт орчин үеийн уран зургийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Үүнийг яаж өөрчлөх вэ?
-Шинэлэг юмыг хэзээ л бүх нийтээрээ алга ташин хүлээж авдаг байлаа. Намайг анх зурж эхлэхэд хүн бүр л шүүмжилж байсан. Би тоогоогүй, зуръя гэснээ л зурсан. Хүлээн зөвшөөрөгдтөлөө зурсан. Тэгээд нэг зүйлийг маш сайн ойлгосон юм. Хүмүүс бид бие биенээ хэзээ ч бүрэн гүйцэд ойлгодоггүй, ердөө хүлээн зөвшөөрдөг юм байна гэдгийг. Уран зургийг урьд хожид хэзээ ч одоогийнх шиг олон хүн сонирхож байгаагүй. Үеийн үед агуу зураачид байх нь жам ч гэсэн өнөө цагийн зураачдыг нэг талаар азтай гэж болно.
-Тэгэхдээ дүрслэх урлаг хөгжлөө гээд зураачийн амьдрал өөрчлөгдсөнгүй. Зураачдыг нийгмийн зүтгэлтэн гэж үзэж, төр засгаас харж үзэх хэрэгтэй гэж та боддог уу. Тэгвэл хоногийн хоолондоо санаа зовохоо больж, илүү сайн бүтээл туурвих юм шиг санагддаг.
-Би амар хялбар зүйлд дургүй хүн. Зураачдыг улсаас тэтгэдэг болбол амралтын өдрөөрөө хүн болгон бийр барьдаг болчихно. Бид муу зураачдаар дутаагүй. Сайн зураач болъё гэвэл эхлээд амьдрал үзэх хэрэгтэй. Хэцүү бэрхийг давж байж өөрийгөө олно, бяд сууна. Би түрүүн хэлсэн. Дүрслэх урлаг сонирхох хүн олон болжээ гэж. Тийм хүмүүс нар мандаж, жаргахын, цэцэг дэлгэрэхийн сайхныг хараад сэтгэл нь хөдөлдөг. Өөрсдийгөө ямар нэг сайхан зүйл бүтээчихнэ гэж боддог, санаанд нь багтаад байдаг. Гэхдээ жинхэнэ бүтээл яаж төрүүлэхээ тэд мэдэхгүй. Төрөлхийн авьяастай хүн тэдний дунд ховор. Тийм болохоор хүлээн зөвшөөрөгдсөн ахмад уран бүтээлчид нь авьяаслаг залуусыг олж тодруулаад, тэднийг нь төр засаг дэмждэг байвал зүгээр. Харин тэдгээр залуусын бүтээл улсын өмч байх ёстой. Залуу зураачийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх нь бус, өөрөө чинхүү хүсэлтэй байх нь чухал. Хайртай, дуртай зүйлийнхээ төлөө зовж шаналж үзэх нь амьдралын жам.
-Гэхдээ дандаа сайн гэхээсээ олон зураач бэлтгэх нь чухал гэж би бодох юм. Тэгвэл нэгд, олон нийт урлагийг илүү ойлгодог болно. Хоёрт, олны дундаас агуу уран бүтээлч төрөх магадлал илүү. Ер нь зураач гэхээрээ л ходоод хоосон явах ёсгүй биз дээ?
-Та судалгаагаа дутуу хийсэн байна. Орох орон, оочих аягагүй явсан бүх зураач хожмоо сайн зураач болсон. Үгүйдээ л өөрийнхөө хүчээр амьдралаа босгосон байдаг. Бүгд шүү. Пикассо, Магритт, Руо, миний бие гээд бүгд л хэцүүхэн амьдралтай байлаа. Түүнийхээ хүчээр өөрсдийгөө ойлгодог болсон. Өөрийгөө мэдэхгүй хүн уран зураг ойлгохгүй. Энэ бол дүрслэх урлагийн алтан дүрэм.
-Урландаа байхдаа зураач хүн гадаад ертөнцөөс хэр тусгаарлагддаг вэ?
-Гадаа байхаас бараг ялгаагүй дээ. Өөрт төрсөн мэдрэмжээ жаазалж л суугаа болохоос зураач хүн бусдаас тэс ондоо “амьтан” биш. Үүл зурна, морь зурна. Тэгэхийн тулд гадагшаа гарах хэрэгтэй. Би нэг удаа цэлгэр цонхны наана зогсоо жаахан охины зураг зурсан юм. Гүйцээж чадалгүй их удсан. Түр орхичихоод байхдаа Номхон далайн арлуудаар аялж, тэнгэр нь бүр тэртээ дээр харагддаг Нью-Йорк хотыг, бас Чикаго, Лос-Анжелес, Сан-Франциског үзсэн. Панамын сувагт хүртэл очсон. Тэгээд эргэж ирмэгцээ л өнөө зургаа гүйцээчихсэн.
-Залуу зураачдын бүтээлээс таны өнгө аяс их цухалздаг. Ялангуяа өнгө будгаараа та уран зургийн чиг хандлагыг өөрчилсөн.
-Өөрчилье гэж өөрчлөөгүй юм шүү. Миний буруу биш.
-Танд өнгөний онол гэхээр юм байдаг уу?
-Байхгүй. Би ер нь дүрэм журамд захирагддаггүй хүн. Анх зурж эхлэхдээ Луврын зургуудыг хуулбарладаг байлаа. Тэгэхэд өнгө хэчнээн чухал болохыг өөртөө нээсэн. Хурц өнгөнүүдийг хольж үзье гэж шийдсэн. Гэтэл хамгийн энгийн санагддаг зүйл хийхэд хамгийн хэцүү байдаг юм билээ. Өнгөний хоршил, гэрэл сүүдэр гэдэг яг л хөгжим шиг.
-Францын орчин үеийн уран зураг гэхээр одоо Пикассо та хоёрын арга барилыг хольж, сольсноо жаахан болхидуу буулгачихсан зургууд л харагдах болж. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нийлнэ. Коктейлэрхүү юм л болчихоод байгаа.
Г.ЛХАГВА