Дөнгөж өнгөрсөн зууны эхээр л автомашин хэмээх төмөр тэрэгтэй анх танилцаж байсан монголчууд хэдийнэ машин тоноглолын ертөнцөд чадвараа гайхуулаад эхэлжээ. Өнгөрөгч сард Японы Нагоя хотод болсон “Auto tuning 2015” шоунд “Obo customs”-ын хамт олны загварыг нь гаргаж, их биеийн гаднах заслыг хийж гүйцэтгэсэн машин VIP төрөлд гранпри шагнал хүртжээ. Дрифтийн спортыг Японоос гаралтай хэмээдэг. Тиймдээ ч Японыг спорт машин тоноглох урлагийн төв гэж болно. Дэлхийд технологи, ур чадвараар тэргүүлж буй орны залуусыг ардаа орхиж, монгол ухаан, ур чадвараа шагшуулж чадсан “Obo customs”-ын захирал Д.Оюунбаатартай холбогдож тэмцээний талаар тодрууллаа.
-Танай хамт олныг Японд болсон тюнингийн тэмцээнд шагнал авсан гэж сонслоо. Ямар тэмцээнд оролцож, ямар амжилт гаргав?
-Энэ удаад бид өөрсдөө машин бэлдэж оролцоогүй. Японы машин тоноглодог компанийн захиалгаар машины их биеийн загварыг шинэчлэн гаргаж, түүнийхээ дагуу засаж, тоноглон тэмцээнд оролцоход бэлэн болгосон. Бидэнд ийм санал нэлээд ирдэг ч цаг зав багатай учир тэр бүр хүлээн авч чаддаггүй. Машин тоноглож засна гэдэг багагүй зардал шаарддаг. Тийм ч учраас товлосон хугацаандаа чанартай гүйцэтгэх нь их чухал. Энэ удаагийн захиалгыг хийж дуусган, захиалагчдаа хүлээлгэн өгөхөд их талархан хүлээж авсан. Бидний тоноглосон машиныг Нагоя хотод болсон “Авто тюнинг 2015” гэх цугларалт тэмцээнд оролцуулсан юм билээ. Нийт 200 гаруй машин оролцсоноос VIP төрөлд гранпри шагнал авсан хэмээх сайхан мэдээг бидэнд дуулгасан.
-“Obo customs”-ын хамт олон ямар зорилгоор арлын орныг зорьсон юм бэ?
-Япон бол спорт машин тоноглолын төв. Тиймээс шинэ гарч буй технологийг судлах, түүнчлэн туршлага судалж, ажилчдаа дадлагажуулах, Орост болох шоунд оролцуулах машинуудынхаа сэлбэгийг бэлдэх зорилгоор энд ирээд байна.
-Монголд хэзээ ирэх вэ?
-Ирэх тавдугаар сард нутаг буцахаар төлөвлөж байна. Очмогцоо “Байкал мотор шоу-2015”-д оролцох бэлтгэл ажилдаа орно. Арван жилийн түүхтэй “Байкал мотор шоу”-нд манай улсаас өмнө нь хоёр ч удаа оролцож байсан юм. Өнгөрөгч онд “Obo customs”-ын залуус шилдэг хэв маяг төрөлд гранпри, шилдэг инженер төрөлд гуравдугаар байр, үзэгчдийн таашаалд нийцсэн болон ивээн тэтгэгчийн шагнал хүртэж байсан юм.
О.УНДАРМАА