“976” уран зургийн галерей гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монголын Контемпорари-2015” үзэсгэлэн энэ сарын 3-нд нээлтээ хийлээ.
“Цэнхэр нар” урлангийн уран бүтээлч Ч.Батбилэг, Б.Орхонтуул, Ж.Анунаран, Д.Бөхшандас, Д.Амартүвшин, Д.Баярцэцэг нар хамтран уг үзэсглэнг гаргаж байгаа юм. Үзэсгэлэнгийн үүдээр ороход Монгол Улсын мөнгөн дэвсгэртээр шалавч хийсэн, цаашилбал эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл ханандаа өлгөж, бэлгэвчийг өнгө өнгөөр будаж газраар хаясан энэхүү урлагийн талаар үзэсгэлэнг зохион байгуулагч Ё.Далх-Очироос тодрууллаа.
Контемпорари урлагийн талаар тайлбар хийгээч?
-Контемпорари урлагийг манай мэргэжлийн уран бүтээлчид болон нийгэмд хүлээж авах мэдээлэл мэдлэг нь их доогуур байдаг юм. “Цэнхэр нар” урлан гадаадын олон улсын байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаа явуулдаг. Тэрүүгээрээ дамжуулаад уран бүтээлчдээ гадны томоохон үзэсгэлэнд оролцуулдаг. Бид нар өөрсдөө энэхүү мэдлэг мэдээллээ боловсронгуй болгохоор залуучууддаа зориулж жил болгон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж Европын уран бүтээлчид болон яг энэ контемпорари урлагаар мэргэшсэн хүмүүсийг уриад орон зайны урлаг хийдэг. Контемпорари бол дэлхий дахинд 20-р зууны үеэс хөгжсөн урлаг. Ялангуяа Англид үүссэн гэдэг. Эдүгээ оюуны орон зайг илэрхийлдэг урлаг юм. Зураач хүн ганцхан хавтгай хоосон зайд зурдаг бол контемпорари урлаг бол техник технологи түүнийг дэвшүүлж байгаа санаагаа илүү их боловсруулдаг тийм л урлаг. Олон улсын дүрслэх урлагийн хөгжлөөс бид хоцрогдчихсон. Тэрэнд адилхан хэмжээнд хүрэхийн тулд контемпорари урлагийн төв зайлшгүй байх шаардлагатай. Тэр ч утгаараа залуучуудтайгаа хамтарч контемпорари урлагийг хөгжүүлэх тал дээр ажиллаж байна.
-Манайханы урлагийг ойлгох үзэл хэр түвшинд байдаг бол?
-Нэг үеэ бодвол харьцангуй өөр болчихож бизнесмэн болон томоохон мөнгөтэй хүмүүс энэ урлагийг сонирхож, бүтээл худалдан авч эхэлж байгаа. Монголд контемпорари урлагийн галерей болон музей байдаг гэж та нар сонсоогүй байх. Контемпорари урлагийг монголчууддаа харуулах, тэр урлагийг ойлгуулах зорилгоор бид бүтээлээ гаргадаг.
-Энэ удаагийн үзэсгэлэнг урд жилүүдээс юугаараа онцлог вэ?
-Бид өмнө нь Maxmall төвийн уран зургийн танхимд үзэсгэлэнгээ гаргаж байсан. Маш энгийн элементээр нийгэмд тулгамдаж буй асуудлыг гаргаж тавихыг хүсдэг. Энэ удаагийн үзэсгэлэнд ирж үзэж байж л биднийг юу хэлэх гээд байгааг ойлгох болно.
-Зарим уран бүтээлчид модернизм, контемпорари урлагийг үгүйсгээд байдаг?
-Манай мэргэжлийн уран бүтээлчид болон гавъяат, доктор, профессорууд урлагт онол тавиад байдаг. Тэр онол дээрээ заавал нэг сэтгэлгээний хязгаарлалт хийдэг. Ийм байх ёстой, тийм байх ёстой гээд баахан юм ярьдаг байхгүй юу. Гэтэл тэнд сэтгэлгээний асуудал байдаг. Монголчуудын өгөгдсөн өгөгдөл нь орон зайны сэтгэлгээтэй. Мэргэжлийн хүмүүстэй ярьсанаас жирийн нэг аргал түүдэг эмээтэй юм яривал шууд ойлголцоход арай хялбар. Контенпорари урлагаар дамжуулан дэвшүүлээд байгаа санаа бол зүгээр нэг улс орны асуудал биш хүн төрөлхтний хувьд өөр дохио, мессежүүдийг өгч байгаа юм.
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ