Холливудынхан мөнгөө үрж ядан, тансагладгийн үргэлж шүүмжилж, байгаль хамгаалах үйлсэд харамгүй хандивладаг жүжигчин Леонардо Ди Каприо эдлэн газартаа үзэсгэлэнт амралтын газар байгуулж буй гэнэ. Эдлэн газар гэдэг нь үнэндээ бол нэг арал бөгөөд Төв Америкт орших Белиз улсын зүүн хэсэгт Карибын тэнгисийн эрэгт бий аж.
Түүний бүрдүүлсэн багт архитектор, дизайнер, инженерүүдээс гадна нэртэй эрдэмтэд багтсан байна. Каприо энэхүү арлыг анх хараад дэндүү хайр гамгүй эдэлсэнд нь бухимдаж байсан гэнэ. Тиймээс мод тарьж, загас үржүүлж, нэг ёсондоо байгалийг нь нөхөн сэргээхэд анхаарч эхэлсэн бөгөөд амралтын газар гэдэг нь нэг талаас энэ ажлынх нь нэг хэсэг юм байна. Дашрамд, Мексик, Гватемалтай хил залгадаг Белизийг 1973 оноос өмнө Британийн Гондурас гэдэг байв. 22.966 ам кмнутаг дэвсгэртэй энэ улсын хүн ам ойролцоогоор 310.000 аж.