Ээжийн бүүвэйн дуу үлгэрийн цагаар солигдох үед л үлгэрийн ном монгол багачуудад ямар их үгүйлэгдэж буй нь анзаарагддаг. Номын дэлгүүрийн тавиур дээр өнгө алаглан өрсөн хүүхдийн түмэн зүйлийн ном байх ч, эх орны, үндэсний гэх тодотголтой нь хуруу дарам цөөн. Ялангуяа хүүхдийн сэтгэхүй, хэл яриаг хөгжүүлэн, хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг монгол үлгэрийн номын залгамж халаа тасраад байсан билээ. Тэр ч байтугай сүүлийн 10 жилд даацтай хүүхдийн зохиол шинээр төрсөнгүй хэмээн зохиолч, судлаачид дүгнэдэг.
Тиймдээ ч тэр хоосон орон зайг дүүргэж, монгол багачуудыг унших ном, үлгэрлэх үндэсний баатартай болгосноороо зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн үлгэрийн цуврал хүүхдийн уран зохиолын түүхнээ нэгэн хуудас сөхсөн гэж хэлж болно.
Өчигдөр тохиосон Дэлхийн хүүхдийн номын өдрөөр “хуримаа” хийсэн үлгэрийн зургаан цуврал тус бүр өөрийн гэсэн сургаалийг үлгэрийн баатруудаар дамжуулан өгүүлэх болно. “Балчир Есүхэй”-н түүх айдсаа хэрхэн даван туулахыг зааж, “Хөх гуталт” үлгэр шударга зангийн үнэ цэнийг ойлгуулж, “Цэнхэр шувуу”-ны түүх мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тууштай тэмцэхийг зөвлөнө.
Үлгэрүүдийн хэлэх санаа төдийгүй бичлэгийн ур хийц, үгийн сонголт нь багачуудын үгийн санг баяжуулахуйц уран яруу, тансаг болсон нь эхний өгүүлбэрээс л анзаарагдана. Зохиолч үлгэрийн номын агуулга, үзэл санаа төдийгүй өнгө будаг, дүр төрхийг чухалд тооцсон нь илт.
“Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийн жигүүрийг дэлгэж, эр зориг хайрлаж хурцалсан зургаан түүх тус бүр хүүхдийн номын зургаан зураачийг төрүүлсэн нь давхар давхар бэлэг болсон” хэмээн Монголын уран зохиолын академийн ерөнхийлөгч До.Цэнджав дүгнэсэн.
Үлгэрийн цувралын хамгийн бяцхан зураач нь зохиолчийн бага хүү найман настай Б.Батхаан байсан бол ууган хүү Б.Умард нь “Балчир Есүхэй”-н зургийг зуржээ.
О.УНДАРМАА