Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппиний сагсан бөмбөгийн мэргэжлийн дээд лиг буюу PBA-д (Philippine Basketball Association) тоглох гэрээ байгуулжээ. Филиппин улс сагсан бөмбөгийн хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт тооцогддог. Тэр дундаа PBA бол Азийн анхны мэргэжлийн холбоо бөгөөд энэ онд 40 жилийн ойгоо тэмдэглэх юм байна. NBA-ы дараа эрэмбэлэгддэг энэхүү нэр хүндтэй лигийн хувьд Азиас анхны легионер тамирчин авч байгаа нь монгол залуу. Манай Т.Санчир PBA-ы найман удаагийн аварга “Ginebra Kings” багийн довтлогчоор очиж байгаа аж. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тохиолдож буй онцгой үйл явдлын эзэн болсон түүнтэй өчигдөр 15.00 цагт холбоо барьж, зарим зүйлийг тодрууллаа.
-Сайн байна уу, “Утасны анд” байна. Филиппиний мэргэжлийн дээд лигт тоглохоор болсонд тань баяр хүргэе. Дөрөвдүгээр сарын 1-нд энэ мэдээллийг цахим хуудастаа тавьсан болохоор хүмүүс баярлахын зэрэгцээ бас “тоглоом” биш байгаа даа гэж эргэлзэж байлаа.
-Зарим хүн харин тэгж бодсон юм шиг байна лээ. Гэхдээ яалт ч үгүй цаг хугацаа нь тэгж таарлаа. Дөрөвдүгээр сарын 1-нд гэрээндээ гарын үсэг зурсан юм.
-PBA-аас танд хэзээ анх санал тавьсан бэ. Бас хэзээ Филиппин явах вэ?
-Инчоны Азийн наадмын дараагаар хэд хэдэн газраас санал ирсэн л дээ. Тэгээд өнгөрсөн хугацаанд нэлээд судалж байгаад Филиппиний “Ginebra Kings” багийг сонголоо. Энэ сарын 8-нд тус улсыг зорино. Лиг тавдугаар сарын дундуур эхэлнэ.
-Лигийн тоглолт хэр удаан үргэлжлэх вэ. Ер нь тэнд хэдий хэр хугацаанд амьдрах бодолтой байна. Гэр бүлийнхнээ авч явах уу?
-Миний тоглох “Governor’s Cup” таваас наймдугаар сарын хооронд үргэлжлэх юм билээ. Лиг дуусахаар шууд Монголдоо ирэх үү, эсвэл гэрээгээ дахин сунгаад тоглох уу гэдэг одоогоор тодорхой биш байгаа. Эхнэр, хүүгээ дагуулж явах, эсэхээ ч мэдэхгүй байна. Үнэндээ одоохондоо надад олон зүйл бодох зав алга. Нарийн төлөвлөсөн юмгүй байна. Юу ч гэсэн эхлээд очъё, тоглоод үзье. Бүх зүйл надаас шалтгаална, тиймээс хичээх болно оо.
-Шинэ багийнхнаа судалж амжсан уу?
-Ерөнхийд нь мэднэ ээ. Саяхан хоёр хамгаалагчаа сольсон гэсэн. Сүүлийн хэдэн жил лигтээ төдийлэн өндөр амжилт үзүүлээгүй юм билээ. Гэхдээ тэр нь бүрэлдэх үүн тааруудаа биш, дасгалжуулагчаа ойрхон сольсных гэж таамагладаг гэсэн. Одоо ч намайг шинэ дасгалжуулагчтай угтаж авах бололтой.
-Баярлалаа. Амжилт хүсье. Булган сүүлтэй байж, араасаа олон монгол залуусыг дагуулаарай.
Л.ГАНЧИМЭГ