Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг гэсэн үгтэй дуу бий. Олны яриа ортой болж, Дуут нуур үнэхээр “дуулжээ”. Энэ сарын 1-нд Ховд аймгийн Дуут сумын нутаг дахь Дуут нуурын эрэг орчмоос газрын гүнээс ус оргилон гарч, байгалийн ховор сонин үзэгдэл болсон байна. Нуурын эргэн тойрны газраас ус өдөржин олгойдож, яг л усан оргилуур шиг харагдаж байсан тухай хүмүүс ярьж байна. Дуут нуур дуулж байгаагийн илрэл болсон ус 2-3 метр орчим өндөрт оргилж байсан гэнэ.
Нуур ийн “дуулсны” учрыг Дуур нуурынхан өвөл дулаан байсантай холбон тайлбарлаж байна. “Газрын хөрс гүндээ хүртэл хөлдөөгүй учраас гүний ус дээшлэн хуримтлагдсан байж. Хөрс гэсэхээр гүний ус түрэн гарч ирж байгаа болов уу” хэмээн нутгийн иргэд ярилаа. Ховд аймгийн “Эко” телевизийн зураглаач Г.Улам-Оргил тус суманд ажлаар явж байгаад байгалийн энэ ховор үзэгдэлтэй таарч, дүрс бичлэг хийсэн байна.