Гавьяат жүжигчин, нэрт алиалагч Б.Содномын охин Монголын анхны эмэгтэй алиалагч, Жаргалан Инээдмийн өдрийг тохиолдуулан хамтран уран бүтээл туурвиж явсан нөхдөө дурсан доорх нийтлэлийг бэлджээ. Түүний ургийн овог нь хүртэл Алиа. Б.Содном гуайг хүмүүс “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдойн дүрээр илүү сайн мэддэг ч тэрбээр Ж.Данзангийнхаа хамтаар манежнаа “Толь” шог гараагаараа алдаршсан юм. Охин ч гэсэн аавынхаа мэргэжлийг өвлөж, циркийн урлагтай амьдралаа холбон, өдгөө ч зүрхэндээ нандигнасаар явдаг.
Өнөөдөр дөрвөн сарын нэгээн гэж...
Монголчуудад, тэр дундаа циркийн урлагт хайртай үзэгчдэд дөрөвдүгээр сарын 1, Инээдмийн баярыг бүрэн утгаар нь ойлгуулдаг байсан хүмүүс бол алиалагч нар. Циркийн урлагийн үндсэн таван төрлийн нэг болсон энэ төрлөөр Монголд цирк үүссэн цагаас хойш авьяастнууд хичээллэж, 1935 онд Чүлтэм, Сүндэв нар, 1939 оноос дипломатч байсан Санжаа, 1941-1942 оноос ардын жүжигчин, “алиа” хэмээх Жамбын Данзан, Түмэнбаяр, “чөтгөр” хочит Бадарч, Лувсанхүү нар алиаллын төрлөөр тодорч, олноо танигджээ. 1941-1983 онд ардын жүжигчин Ж.Данзан, гавьяат жүжигчин Б.Содном, Ж.Дамдинсүрэн, 1960-аад онд Лувсанчимэд, Ж.Сандаг, тэднийг залгамжлан Д.Цэдэнбал буюу Цээеэ, Д.Энхээ, Ж.Сандаг, гавьяат жүжигчин Д.Батсүх, жүжигчин Т.Латиф, Р.Мандах-Оргил, Д.Магсаржав, Ч.Хатанбаатар, Н.Баасанжаргал болон гавьяат жүжигчин Б.Батзаяа, “тогдгор” Галсантогтох нар инээдэнд ганхдаггүй хөх асарт шуугиулж явжээ.
Циркийн үзүүлбэрүүдийн дунд холбоос болж, үзэгчдийг хөгжөөдөг алиалагч нарын ажил хамгийн хэцүү нь. Тэд бие даасан үзүүлбэр бэлдэхээс гадна бусад номерт ч хүч сэлбэн оролцож, тоглонгоо алиалж л байдаг. Инээдмийн баяраар Хүүхэд залуучуудын театрт “Элдэв зураг”, Драмын театрт “Найрын ширээний ууц”, ДБЭТ-т “Ламбугайн нулимс” тоглож байхад Улсын циркт мөн л баярын хөтөлбөр эхэлж, үзэгчдийн хүсэлтээр тоглосоор нэг сар болчихдог байж билээ. Циркийн алиалагчид инээдмийн төрлөөр 300 гаруй шог гараа, 70 гаруй антрей буюу том хэмжээний шог гараа тоглодог байсан. Инээлгэн баясгагчид маань шог зохиолчдын зохиолоос санаа авахаас гадна өөрсдөө сэдэж, санаачилж олон ч үзүүлбэр гаргасан.
Гавьяат жүжигчин Б.Содном, Д.Батсүх, Д.Цээеэ, Т.Латиф бол цаг үеийн шалгуураар тодорсон шилдгүүд. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Алиалагч нарыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж хэлсэн нь бий. Маргаангүй үнэн үг энэ. Хошин шогийн мэдрэмж, түүний бусдад түгээх чадвар бол давтагдашгүй ховор зүйл. 1980-аад оны үед Москвагийн циркийн сургуулийг төгссөн 10 алиалагч Монголд ирж байлаа. Тэднээс авьяас хөдөлмөрөөрөө гавьяат жүжигчин Д.Батсүх илүү тодорчээ. Бачка маань циркийн урлагт төдийгүй хошин урлаг, кинонд ч инээлгэх авьяасаараа мөнхөрсөн.
Олон улсын уралдааны чанар чансаа яригддаг хатуу шалгууртай үед манай Батсүх Куба улсад болсон тэмцээнээс шагнал хүртэж гайхуулж байлаа. Хорвоогийн олон үзэгчийг инээлгэх хувьтай төрсөн алиалагч нар 60 нас ч хүрэлгүй, зарим нь алдар гавьяа ч хүртэлгүй хорвоог орхисон нь юутай харамсалтай. Дөрөвдүгээр сарын 1 ойртох тусам би тэднийгээ илүү санаж, дурсах дуртай. Манай шилдгүүд тайлан тоглолт олонтаа хийж, тэр бүртээ үзэгчдээ хоороор нь инээлгэдэг байлаа. Цээеэ, Латиф, Батсүх гурав 62 удаа тайлан тоглолт хийсэн байна.
Цээеэ ах агаарын нисэлт, хөлөөр шидэгч зэрэг үзүүлбэрт тоглодог байсныг үзэгчид мартаагүй биз ээ. Бас Ж.Данзан гуайн хүү Энхээ сандлын тэнцвэр, сул утсан дээрх тэнцвэр зэрэг үзүүлбэр тоглож, монголчуудаас урьтаж Япон улсад хөл тавьж тоглолтоо хийж байлаа. Алиалагч Ж.Сандаг бөмбөлөг дээрх акробат, утсан дээрх тэнцвэрээр алдаршсан. Манай алиалагч нарын тоглосон кино олон бий. “Мөнгөн буйл”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Морьтой ч болоосой”, “Нандин эрдэнэ” гээд нэрлэбэл олон. Хальсанд үлдсэн тэднийхээ дүрийг харах бүрт дурсамж сэргэн хамт тоглож, тэдэндээ тусалж, зэмлүүлж, магтуулж хамт инээж байсан цагаа хамгийн их үгүйлдэг юм. Урлаг хатуу, урлагийн замнал амаргүй. Тэр замд тодрон, Алтангадас адил гялалзана гэдэг их хүмүүний хувь заяа билээ.