“Лемонс” хамтлаг ирэх бямба гаригт гурав дахь цомгийнхоо баярыг “Hi-Fi рекордc”-ын төв салбарт тэмдэглэх нь. “III” цомогт “Хүсэл”, “Сүүлийн уянга”, “Өөр өглөө”, “Гурван улирал” тэргүүтэй 10 альтернатив, рок дуу багтжээ. “Уайт арч” студид бичүүлсэн цомгийн микс, мастерийг Нью-Йоркийн дууны инженер Жэймс Гүүдвин хийж, БНСУ-д хэвлүүлжээ.
“Хөгжим нь зөөлөн хэрнээ үг нь сонсогчдод хүнд мэдрэмж төрүүлнэ байх. Манай хамтлагийн гурав дахь цомог тул ийн нэрлэж, гурвалжин дүрс хавтасны зурагтаа багтаасан” хэмээн “Лемонс”-ынхон ярьсан. Сонирхуулахад, 2004 онд байгуулагдсан тус хамтлаг 2006 онд “Red album”-аа хэвлүүлсэн бол үүнээс гурван жилийн дараа “Залуу Лениний ойролцоо”-гоо худалдаанд гаргажээ.