“Содура” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Ч.Очгэрэл бол миний зочин. Өвөл ороогүй хэнз цас малгайлан малгайлан орсон цав цагаан Улаанбаатарт энэ ярилцлагыг хийсэн юм. “Содура” бол туульсын шинжтэй драм. Зургийг нь тайгад дөрвөн улирал дараалан авсан Монголын анхны уран сайхны кино. Чин сэтгэл, үнэн харц, үхэл амьдрал дундах тайгын мелодрам. Зэрлэг байгалийн үзэсгэлэн, цаатны хат, хайр дурлал, хүсэл хясал, бөө удганы зан үйл гээд хүний сэтгэлийг хөвсөлзүүлсэн дүрслэлүүд дэлгэцнээ амилна. ...Содура охины нулимсыг өвөртөө шингээн дүнхийх тэртээ хүнхэр тайгад нойтон цас хаялна. Тэгэхэд Содура энэ чигтээ царцчихна уу гэмээр хөдөлгөөнгүй сууна. Яг л уул шиг. Түүний дээрээс цас том томоороо унасаар. Бээрсэн гарт нь хайртынх нь бэлэг болгон өгч амжаагүй үхэшгүй мөнхийн цагаан уул цэцэг... Редакцид маань ямар Содура орж ирэх бол. Түүнийг хүлээх зуур төсөөллүүд уралдлаа. Тайгын үзэсгэлэнт охины дэлгэцэн дэх дүр төрх л бууна. Ингээд Ч.Очгэрэл ирлээ. Харааны шил, судалтай цамц, хөх жийнстэй, цасны гутал жийсэн өндөр, туранхай бүсгүй өмнө минь суув.
-Энэ цас чамд тайгыг санагдуулав уу?
-Отгийн ахлагч бид хоёрын ярилцдаг хэсгийг яг ийм нойтон цаснаар авсан юм. Өнөө өглөө босоод цонхоор хармагц надад шууд л тэр цас санаанд орсон. Хотын хүмүүс хүйтэн нойтонд зутрах биш. Хөдөө тайгын цас гэдэг бидний огт мэдэхгүй хүйтэн юм билээ. Тэнд л голдоо ортол даарч үзсэн.
-Өнөөдөр (гуравдугаар сарын 27) отгийн ахлагчид тоглосон талийгаач Ц.Батхуягийн төрсөн өдөр тохиож байна. Зураг авалтын үеэр чамайг Амбий ахаасаа их зүйл асууж зөвлөдөг, нэлээд дотно байсныг сонссон.
-Бид хамтдаа бүтэн жил ажиллаж, амьдарчээ. Амбий ах жинхэнэ отгийн ахлагч шиг байсан. Тэр дээл хувцас нь яг л өөрийнх нь юм шиг суусан. Хүүхдүүдээсээ хол, аав ээжээсээ хол, гэрээ санасан надад Амбий ахтайгаа ярьж хөөрч, инээж хөхөрч байсан минь бас нэгэн жаргал байж. Ахынхаа дэргэд байхад үүлтэй тэнгэр цэлмэг юм шиг санагддаг байсан. Надад аав шиг хандаж, асуусан болгонд минь далайцтай сайхан хариулаад өгнө. Тэр хүний талаар ярих юм маш их үлдсэн дээ. Энэ ярилцлагаараа дамжуулаад ахынхаа ар гэр, үр хүүхдэд нь эмгэнэл илэрхийлье.
-Чиний ямар жүжиглэлтийг голж, яг аль хэсгийнхийг сайшаан магтаж байв?
-Амбий ахын онцлог гэх үү дээ, шууд магтдаггүй, шүүмжилдэг ч үгүй. Дандаа л цаад утгаар нь, аль эсвэл алиа марзан маягаар хэлнэ. Тухайн үед нь элгээ хөштөл инээгээд өнгөрөх боловч гэртээ орсон хойноо бодоход яг л голоор нь том дүгнэлт хэлж өгсөн байдаг юм.
-Гэр гэж урцаа хэлж байна уу?
-Жүжигчид урцанд амьдраагүй. Тэр урцнууд бол манай киноны зураачдын ажил. Зураг авалтын талбайд гайхалтай гоё отог барьсан. Бидний амьдардаг кэмп отгоос 2-3 км зайтай. Улирал солигдох бүрт отог маань сайхан байгальтай нутаг руу нүүнэ дээ.
-Акодын дүрийг бүтээсэн О.Амгаланбаатар та хоёр энэ кинонд тоглохоосоо өмнө биенээ огт таньдаггүй байсан юм билээ. Түүний дүр төрхийг анх хараад, түүнтэй хайр сэтгэлтэн болж тоглоно гэж төсөөлөхөд хэр ойр санагдсан бэ?
-Содурагийн дүрд сонгогдсоны дараа UBS телевизийн байранд болсон нэг хурлын үеэр Амгаланбаатартай уулзаж байлаа. Анх харахад монголжуу төрхтэй хүн санагдсан. Тэгээд натурт очиход бид хоёрыг бие биетэйгээ сайн танилц, ойлголц, дүрээ хамтарч бэлд гээд тусгайлан цаг гаргаж өгдөг байсан. Амгаланбаатарын урлагт чин сэтгэлээсээ ханддаг нь хүндэтгэх сэтгэл төрүүлж байлаа.
-Та хоёр одоо энгийн танилууд уу, эсвэл найзууд болсон уу?
-Бид сайхан найзууд болсон. Ер нь зураг авах хугацаанд бусад уран бүтээлчтэй сайхан нөхөрлөл үүсгэдэг, хамт олонтой болдог нь кинонд тоглохын нэг сайхан зүйл юм даа.
-Чи кинонд тоглохоос өмнө хамт олны дунд орж ажиллаж үзсэн үү?
-Өө, би чинь олон газар ажилласан. Алийг нь ч удаан хийж үзээгүй болохоос. Өсвөр насныхны дунд зохиогдож байсан “Мongolian beauty” нэвтрүүлэгт оролцсоныг дараа хөтлөгчөөр нь ажиллаж байсан. Оюутан байх хугацаандаа МҮОНТ гээд хэд хэдэн телевизэд дадлага хийж байлаа.
-Хүмүүс чамайг “банкны” О.Чулуунбатын бэр гэдэг. Харин Чимидийн Очгэрэл гэж хэн бэ. Энэ авьяаслаг охин хаанаас гараад ирэв, ямар гэр бүлээс гаралтай, ямар сургууль төгссөн юм бол гээд л сонирхож байгаа даа?
-(инээгээд) Энэ асуултыг тавьсанд баярлалаа. Хүмүүс намайг хадам ааваар минь овоглож, Чулуунбатын бэр гэж хандах гээд байдаг талтай. Би урлагт дуртай, хайр цалгисан сайхан гэр бүлд төрж өссөн. Миний аавыг Чимид, ээжийг минь Осоржамаа гэдэг. Би хоёр хүүхэдтэй айлын ууган охин. Миний дүүг Ч.Очирболд гэдэг. Надаас гурав дүү, номын мөр хөөсөн залуу бий. Аав минь сайхан дуулдаг, ер нь урлагийн олон талын авьяастай. Ээж минь намайг багад хаа байсан I хорооллоос Хүүхдийн ордны дууны, бүжгийн гээд зөөгөөгүй дугуйлан байхгүй дээ. Хамгийн сүүлд драмын дугуйланд нэг сар явсан байдаг юм. Хэрэв надад урлагийн авьяас байгаа бол ааваасаа удамшсан, бас ээжийнхээ хичээл зүтгэлээр олсон гэж бодож байна. Би МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн.
-Мэргэжлээрээ дипломат албанд ч юм уу ажиллах боломж байсан уу?
-Гуравдугаар дамжаанд байхдаа Блүүмбергт дадлага хийсэн юм. Тэгээд тэндээ ажиллах боломж гарсан боловч хичээл, хүүхдүүд гээд цаг зав хомс болохоор чадаагүй. Дээд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах бодол байсан ч яг тэр үед “Содура”-гийн гэрээг хийсэн. Ганц бие хүмүүс үндсэн ажлаа хийгээд хажуугаар нь кинонд тоглох гэхчилэн бүгдийг нь амжуулдаг байж магадгүй. Ний нуугүй хэлэхэд миний хувьд ар гэрийн ажлаа хойш тавиад олон юм руу зэрэг гүйх боломжгүй л дээ.
-Кино руугаа эргээд оръё. “Содура” киноны дүрүүдийн хувцас хэрэглэл надад таалагдсан. Нэг тийм нууцлаг, эртний юм шиг, үлгэрийн юм шиг эгэл бус харагдсан.
-Энэ бас л манай киноны зураачдын ажил. Жүжигчдээс гадна бусад олон уран бүтээлчийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр энэ кино боссон. “Содура” үндэстэн ястны ёс заншил, өв уламжлалыг харуулсан кино учраас зураачдын ур чадварыг нэлээд сорьсон бүтээл гэж боддог. Ихэвчлэн өндөр өсгийт, эсвэл пүүзтэй явдаг надад бол цаатны гутал байнга өмсөх хэцүү байсан. Явдал хүртэл өөрчлөгдсөн юм шиг санагдаад. Бид эхэндээ дээл болон бусад чимэг зүүлттэйгээ унтдаг байлаа. Дасах гээд тэр шүү дээ.
-Чи их эрт ээж болжээ.
-Тийм ээ, 20 дөнгөж гараад охин, хүү хоёроо төрүүлсэн. Хагас жилийн өмнө дахиад нэг шинэ хүнтэй боллоо. Аав, ээжийн эрх танхил охин байсан тэр ертөнцдөө л хүнтэй суугаад ээж болчихсон гэсэн үг. Хүмүүс насанд хүрээд бие дааж амьдрах оролдлого хийдэг тийм нэг чухал үе байдаг шүү дээ. Харин би тэр үеийг алгасчихсан юм шиг санагддаг. Одоо нөхөр, гурван хүүхэдтэй л болохоос аав, ээжийн охин хэвээрээ явна.
-Эрт гэрлэлээ, эрт ээж боллоо гэж харамсаж байв уу. Анх чамайг гэрлэх гэж байгаагаа хэлэхэд танайхан эсэргүүцсэн үү?
-Эрт гэрлэсэн маань хувь тавилан л гэж боддог. Байгаадаа ханаж амьдрах чинь аз жаргалыг авчирдаг шүү дээ. Өөрт байхгүй, байгаагүй зүйлд харамсах нь ч утгагүй хэрэг. Мэдээж хоёр ойрхон хүүхэдтэй 21 настай ээж чөлөөтэй яваа найз охидоо хараад янз бүрийн юм боддог л байсан байх. Одоо бол гурван хүүхдийн ээж болчихлоо, мэргэжил боловсрол эзэмшлээ, мөрөөдлөө биелүүлж кинонд тоглолоо. Өнөөдөртөө хангалттай. Анх гэрлэхэд манай аав, ээж хоёр намайг хориглож байсан нь үнэн. Манай хүн надаас хэдэн насаар ах. Намайг хүний эхнэр болоход хэтэрхий жаахан байна гээд харамлаж байсан хэрэг л дээ. Одоо бол хүргэндээ сайн гэж. Хааяа нэг ховлохоор баргийн буруу өгөхгүй шүү.
-Хэрвээ одоогийн Очгэрэл биш байсан бол Содурагийн дүрийг гүнд нь ортол ойлгох байсан болов уу?
-Би яг энэ тухай ээжтэйгээ ярьж байсан. Ээж болоогүй, амьдралд эрт хөл тавиагүй бол алдхан биедээ ахадсан зовлон туулж байгаа Содураг дутуу л ойлгох байсан даа гэж.
-Содурагийн уйлах тоолон үнэн гашуун байлаа. Тийм болохоор үзэгчид хүртэл зүрхэндээ ойрхон хүлээж авсан. Тэр нулимсыг яаж гаргаж байв. Олон дубль авахуулна, тэр бүрт уйлах гэдэг... Зарим тохиолдолд хиймэл нулимс хэрэглэж байв уу?
-Эхлээд Содурагийнхаа амьдралд ууссан. Тэр отогт байхдаа Содура чинь би гэж, миний амьдрал гэж итгэсэн. Нэг ч удаа хиймэл нулимс хэрэглээгүй. Очгэрэлийнхээ амьдралыг зохиомлоор тээш болгон хүндрүүлж бодох тохиолдол мэдээж гарсан. Эмэгтэй хүн хэдий өнгө тансаг үзэмжтэй ч бусдын л адил жаргана, зовно. Энэ нь тайгад ч байг, хотод ч байг ялгаагүй, уйлж дуулах, хайрлан дурлах, төрөх үхэх гээд яг л адилхан.
-Хамгийн их зовж давсан зураг юу байв?
-Акод, Аяана хоёрын анхны шөнийн дууг дуулах хэцүү байсан. Өөрийнхөө нөхрийг төсөөлсөн. Өөр бүсгүйтэй хуримлахад нь зориулан дуулж зогсох шиг гунигтай, гомдолтой санагдсан.
-Урцан дотор төрөх үеийн зургийг авахуулахдаа бие давхар байсан биз дээ?
-Таван сартай жирэмсэн байсан.
-Тэгээд жинхэнээсээ дүлсэн хэрэг үү?
-Худлаа дүлэх гэж байдаггүй юм билээ. Гэдсээ доогуур нь сойж баадагнаад, яг л төрөх гэж байгаа юм шиг хүчилж дүлсэн. “Бурхан өршөө, ингэж байж өөрөө төрчих вий” гэж үнэн голоосоо залбирч байсан.
-Бурхан минь...
-Тэр хэсэг үр хүүхэдтэй эмэгтэй хүн бүрийн өрийг өвтгөсөн байх аа.
-Танай нөхөр киног үзээд юу гэсэн бэ?
-Манай нөхөр ер нь их урлагт дуртай, нарийн мэдрэмжтэй хүн л дээ. “Содура” түүнд минь таалагдсан. Намайг кинонд тоглоход чадлаараа дэмжиж байсан болохоор нөхөртөө үзүүлэх гэж яарч байлаа. Хүнийг хажуудах нь хамгийн зөв шүүдэг шүү дээ. Миний тоглосон дүрийн тухайд хэний ч хэлээгүй шүүмжлэл, магтаалыг хэлсэн. Хамгийн гол нь надаар бахархсан. “Аав хурдан ирээсэй, үзүүлэх юмсан” гээд л байгаа. Одоогоор хадам аав маань эзгүй байгаа юм л даа. Би ч гэсэн киног маань үзээд юу гэхийг нь сонсох гэж яарч байна.
-“Учиртай гурван толгой”-н Хоролмаагийн дүрийг хайрынх нь төлөө эерүүлэн хардаг үзэгчид үеийн үед байсаар ирсэн. Үүний адил “Содура”-гийн Аяанаг зөвтгөх хүн гарах байх. Чи үзэгчийн хувиар Аяанаг хэрхэн дүгнэх вэ?
-Аяанагийн дүрийн мөн чанар хөл хүндтэй Содураг зовоох гэж хүдрийн мах өгөхөөс ч өмнө, Акодтай анхны шөнөө өнгөрүүлж байх үед хамгийн хурц илэрдэг. Акодыг өөрт нь ойртохгүй байхад эцгийнхээ, өөрийнхөө нэр төрийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ харуулж, хамраасаа цус гаргадаг. Аяана бол нэг талаас эцэг өвгөдийнхөө захиасанд үнэнч, ухаантай, зоримог хүн. Бас маш хор шартай охин. Гэхдээ миний бодлоор бодит амьдрал дээр шартай хортой нь бус, хүлээцтэй тэвчээртэй нь хождог юм шиг ээ.
-Харин чиний нүдээр Содура...
-Хүнийхээ хувьд дэндүү цайлган. Гэнэндээ л багш нь гэх олиггүй эрд дурлаж, түүнээсээ хүүхэдтэй болоод тайгадаа буцахаас өөр аргагүй болсон. Гэнэдсээр байгаад киноны төгсгөлд ирнэ. Харин үр хүүхдээ үзээд тайгын төлөө, цаатны амьдралын төлөө аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх шинэ зам дээр гарч зогссон.
-“Содура” маш олон нууцтай төгссөн дөө. Хэрвээ хоёрдугаар анги гэж хийх бол Содура юунд хүрсэн байгаасай гэж боддог вэ?
-Хүүдээ, тайгадаа эргэж очно. Гэхдээ цаатнууддаа маш том бэлэгтэй очоосой гэж хүсэж байна. Судалгаатай, отог омгоо хөгжүүлэх том төсөлтэй очоосой.
-Алс тайгаас өөртөө ямар нэг дурсгал авчирсан уу. Ер нь тайга чамд ямар сургамж өгсөн бэ?
-Хар нуурын эргээр явж байхдаа хунгийн өд олсноо хадгалчихсан, одоо манай гэрт бий. Тайга, энэ кино миний тэвчээр, хүлээцийг чангалж өгсөн.
-Жинхэнэ цаатан иргэдтэй уулзаж ярилцаж байв уу?
-Бид тайгын жинхэнэ эздийнх гүнд орсон л доо. Миний хувьд тэдэнтэй ярилцах гэж их оролдсон. Цаатнууд ер нь нууцлаг, бүрэг хүмүүс. Хүний нүд рүү харж чадахгүй тэгж их гэрэвшдэг. Нийгэмшээгүй болохоор тэр биз дээ. Юм асуухаар “Тийм”, эсвэл “Үгүй” л гэсэн хариулт сонсоно.
-Отгийн ахлагч нар нь ямаршуу хүмүүс байх юм?
-Отгийнхоо иргэдийг удирддаг гэдэг утгаараа бидэнтэй арай илүү харилцаж байсан нь ахлагч нар нь юм даа. Тэд отгоо төлөөлөн наймаа арилжаа хийнэ, гэрээ хэлэлцээний соёлд сурсан хүмүүс байх юм билээ.
-Бөө, удган нь онцгой санагдсан уу?
-Анх намайг Хөвсгөл явахад бөөгийн өлгий нутагт сэрэмжтэй явахыг олон хүн захиж байсан. Тайгад амьдардаг бөө, удганы урцаар ороход онцгойрох сүржин зүйлгүй юм билээ. Шүтээнээ ил залдаггүй, далд байлгадаг. Хэдийгээр би бөөгийн шүтлэггүй боловч бөөгийн зан үйлийг харахад ер бусын сэтгэгдэл төрж байсан.
-Чи зураг авалтаас буцаж явахдаа юу бодож байв?
-Тайгын амьдрал бол шоу хийх зүйл биш. Цус ойртсон, мэдлэг боловсролгүйн харанхуйд баригдсан хүмүүс тэнд үлдсэн. “Ээ хөөрхий цаатнууд минь” гэж хий хоосон халаглаад ч хэрэггүй. Одоо тайгадаа хоргодсон энэ хэдхэн иргэнийхээ ахуй амьдралыг цаашид яах, ахуй соёлыг нь хэрхэн авч үлдэхээ шийдэх цаг нь дэндүү тулгамдаж байна. Одоо чинь хэддүгээр зуун билээ, хүн төрөлхт өний хөгжил юунд хүрчихээд байгаа билээ. Монголчуудын нэг хэсэг тайгын гүнд биднээсээ улам бүр алсарсаар байгаа нь харамсалтай.
-Чи киногоо үзээд өөртөө сэтгэл ханасан уу. Эргээд харахад ингэх байж, тэгэх байж гэж бодох ямар хэсэг байв?
-Киноны нээлтийн үеэр л нэг үзсэн. Яг одоо бол хэлж мэдэхгүй юм. Тэр үед маш их сэтгэл хөдөлчихсөн байсан болохоор кино нүдний өмнүүр урсаад л, нэг мэдэхэд дуусчих шиг санагдсан. Одоо дахиад хэд үзэх санаа байна. Тэгэхдээ л алдаа, оноогоо нухацтай харна даа. Мэдээж надад дутуу хийсэн зүйл, алдаа бий л байх.
-Ч.Очгэрэл хэр өндөр хөлстэй жүжигчин болж байна?
-Би кино урлагт дөнгөж хөл тавьж байгаа шинэ хүн. Өөрийгөө өндөр үнэлэх хэмжээний туршлага, зориг суугаагүй байна. “Содура”-тай байгуулсан гэрээнийхээ дагуу хөлсөө авсан. Тэр цалин хөлс миний сэтгэлд нийцсэн.
-Дараагийн киноны санал ирж байна уу?
-Саналууд сонссоон. Гэхдээ би бэлэн биш болохоор хүлээж аваагүй. Өдөрт 2-3 цагийн чөлөөгөөр кинонд тоглож өөрийгөө ч, өрөөлийг ч хуурмааргүй байна. Дараагийн киноны маань санаа нь далайцтай, дорвитой уран бүтээл байгаасай.
Б.ЭНХЦЭЦЭГ