Урлагийн бүхэл бүтэн нэг төрлийг нуран унахыг нь хүлээгээд, мартагдаж одохыг нь хараад зүгээр суух зүрх сэтгэл уран бүтээлчдэд үгүй. Хайнга, өөриймсүү биш сэтгэлээр тойргийн гадна гаргаж, мэргэжлийн урлагийн салбараас шахан холдуулахаар завдсан төрөл бол цирк билээ. 74 жилийн түүхтэй Улсын цирк хувьчлагдсанаасаа хойш уруу дорой нэр зүүсээр, хэдэн циркчин нь Хуучин цирк буюу Циркийн сургуулийн бэлтгэлийн байранд толгой хоргодож буй. Энд байхгүй юм үгүй. Циркийн урлагийн олимп болсон Монте карлогоос хүрэл цом хүртсэн “Circus mongolia Khadgaa”, олон улсын циркчдийн уралдааны мөнгө, хүрэл цомын эзэн, “Нарны циркт”-т тоглож буй монгол нугараачийг бэлтгэсэн “X roses” студи, 75 жилийн түүхтэй Монголын циркийн сургууль болон циркийн үе үеийн жүжигчид жижиг хийдийн дайтай байранд толгой хоргодож байгаа. Энэ байрыг засварлаж, шинэчлэх тухай асуудал хоёр яам дамнан яригдсан ч эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ онд Циркийн сургуулийн халаалт зогсож, дээвэр цоорч, манеж нь багадаж байгаа нь хэнд ч хамаагүй болжээ.
Тиймээс Циркийн сургуулийнхан санаачлага гаргаж, найз нөхөд болон циркийн урлагт элэгтэй хүмүүсийг уриалан, тэднээс гуйж барилгын материал аваад өөрсдийн хүчээр байраа засаж байна. Өнгөрсөн долоо хоногтоо манежныхаа хэмжээг томруулж, өргөтгөсөн бол одоо дээврээ засварлахаар зэхэж байна. Өөрсдийг нь гэж тусах дээдсийн гэгээ үгүй ч дороос нь ч атугай төөнөх нь тэдний хүсэл биз ээ.