“Нью-Йорк” таймс сэтгүүл 2015 оны эрэгтэй хаврын гадуур хувцасны гоёлын чиг хандлагыг танилцууллаа. Эрчүүд энэ хавар ямар гоёл өмсөх вэ?
Эрэгтэй ажил хэрэгч хүрэм дэгжин залуусын хувьд бараг л амин сүнс нь гэвэл буруудахгүй. Учир нь тэд өвөл, хавар, намрын турш пальтогоор гоёдог шүү дээ. Эрчүүдийн дийлэнх нь ажил хэрэгч хослол байхад бүх арга хэмжээнд өмсч болох супер хувцас гэж төсөөлдөг. Тэгвэл бидний энэ сэтгэлгээнд дэлхийн том брэндүүд хэрхэн хариулсан байдаг бол. Мэдээж эмэгтэй хүнтэй адил олон төрлийн гоёл чимэглэл ашигладаггүй ч тэдэнд өөрсдийн гэсэн гоёл байдаг.
Харин алдартай дизайнер, загвар шүүмжлэгчид хэлэхдээ “Жил ирэх тусам эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гадуур хүрэмний загвар адилхан болж байгаа. Цаашдаа ч хоорондоо ялгагдахааргүй загварын хувцсаар гоёх болно” гэж тодорхойлсон байна. Магадгүй ирээдүйд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцасны сонголт, загвар илүү адилхан болж ч болох юм.
“Christian Dior” компанийхан энэ хаврын эрэгтэй, эмэгтэй загвараа танилцуулжээ. Тэдний загвар бараан хэрнээ тод өнгийг эрэлхийлэх бөгөөд мөр унжсан, өвдөг давсан урт загвартай. Хуучны уламжлалт гадуур хүрмийн загварыг харуулах хэрнээ “Futuristic type” стилийг ч өөртөө шингээсэн байх аж. Зах, энгэрийн загвар нь хуучны хэрнээ материалын хувьд шинэлэг. “Christian Dior” уран зөгнөлт, бодит ертөнцийн хэв маягийг тун ухаалгаар зохицуулсан нь 2015 оны эрэгтэй хавар намрын коллекцийг танилцуулах үеэр хүрэлцэн ирсэн зочдыг алмайруулжээ.
“Louis Vuitton” брэндийн хувьд хавар, намрынхаа загварыг нэгдүгээр сарын 22-нд Парис хотноо танилцуулжээ. Тэдний хаврын эрэгтэй пальтоны загвар харьцангуй залуу үеийнхэнд зориулагдсан гэж болно. Мэдээж өнгө, материал нь “Louis Vuitton” брэндийн онцлогийг илтгэх аж. Харин загварын хувьд олон хүнийг гайхшруулсан гэж хэлж болно. Жишээ нь, брэндийнхээ лого болсон өнгийг малгай, богино, тод өнгийн хээтэй хослуулсан байв. Мэдээж ажил хэрэгч эрэгтэйн гадуур хүрэм учраас бага зэргийн классик хэв маягийг оруулж өгчээ. Ихэвчлэн хуучны уламжлалт хэв маягийг харуулдаг брэнд энэ удаад уламжлалт хэв маягаасаа татгалзсан уу гэлтэй харагдав.
Тансаг байдлыг эрхэмлэдэг “Gucci” брэндийн гадуур хувцас энэ жил Европын орнуудад трэнд болж байна. Тэдний тансаг, классик загварууд эрчүүдийг олон өнгийн зангианаас татгалзахад хүргэжээ. Зангианы оронд тус брэндийнхэн торгомсог материалтай ороолтоор гангарахыг санал болгож байна. Мөн пальтоны өнгө хослолын өнгөтэй адил, эсвэл хослосон өнгөтэй байх бөгөөд дотуураа өмссөн пиджак нь огт өөр төрлийн өнгөтэй байх ёстой гэх жишээний. Мэдээж уламжлалт суурь болсон загвар, эрчилсэн үслэг даавууны болон ноосон хатуу даавуун материал нь “Gucci” брэндийн ажил хэрэгч гадуур хүрмийн загварыг тодорхойлж байгаа юм. Ажил хэрэгч залууст сонирхуулахад ажил хэрэгч өмд шагайгаар татсан урттай байх нь илүү зохимжтой харагдана.