Тарган байх муухай. Тэгэхээр турах хэрэгтэй. Бургас шиг болохгүй ч, ядаж хэвийн жиндээ очих ёстой. Ингэж бодоод хоолны дэглэм бариад, овоо жин хаслаа. Бие хөнгөрөөд цаанаа л сайхан. Гэсэн ч даашинз өмсөхөөр гэдэс хавиар бөндийгөөд байхаар сэтгэлээр унана. Ер нэгэнт таргалчихаар хэвлий хавийн өөх ингээд “царцчихдаг” юм болов уу. Яагаад тэр л хэсгээр нимгэрдэггүй юм бол. Турахаар элдэв арга хайж, “гэдэстэйгээ” тэмцэж буй хүмүүсийн ийм нэгэн асуултад америк судлаачид хариулт олжээ. Спортоор хичээллэж, хоолны дэг тэр бүү хэл мацаг барьсан ч хэвлийн өөх бусад хэсгийнхээс удаан “хайлдаг” учир нь плексин Д1 хэмээх гентэй холбоотой.Үүний улмаас таргалсан буюу өөхтэй хэсгүүд алим хэлбэртэй болж, бондойдог гэнэ. Өдгөө эл генийн бүтцийг задлах талаар эрдэмтэд ажиллаж байгаа гэнэ.