“Үнэртэй усгүйгээр хорвоог төсөөлбөл хар цагаанаар харахтай адил. Гэтэл энэ ертөнц өнгө алагласан, хэчнээн үзэсгэлэнтэй билээ дээ. Үнэртэн ч гэсэн үүнтэй адил тансаг, баялаг, таашаалтай урлагийн бүтээл” хэмээн тодорхойлсон хүн бол “Үнэртэй усанд дурлагсдын клуб” хэмээх 60 мянга орчим гишүүнтэй фэйсбүүк бүлгийн удирдагч Н.Орчлон. Өнгөрсөн онд тус бүлгээс үнэртэй усанд дурлагчдын өдөрлөг зохион байгуулж, энэ үеэр сүрчигний музейтэй болох мөрөөдөл тээж явдгаа хэлсэн түүнийг уг нь “Хообий” буландаа урьсан боловч агуулгаасаа бага зэрэг хазайсан. Учир нь тэрбээр Гаагийн олон улсын шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг юм байна.
-Хэзээнээс үнэртэй усанд дурласан бэ?
-Би энэ түүхээ дурсах дуртай. 1990-ээд онд “Дэнжийн мянга” захад хүмүүс “Axe” хэмээх лаазтай үнэр дарагч Оросоос авчирч зардаг байлаа. Тэгээд олон өнгө алагласан лаазтай үнэр дарагч дундаас “Africa” нэртэйг нь алга руугаа цацаж үнэртсэн юм. Тэр мөчид дээрээс хурц нар шарж, сармагчингууд дүүлээд, элдэв янзын шувуу жиргэж, би яг л Африкийн ширэнгэн ойд оччихсон мэт өвөрмөц мэдрэмж төрсөн. Тэр үеэс хойш үнэртэнд дурласан даа.
-Таны цуглуулгад хэчнээн үнэртэй ус байдаг вэ. Онцлохоос нь дурдахгүй юу?
-Уг нь би 5-7 үнэртэй ус л ээлжилж түрхдэг байлаа. Сүүлийн хэдэн жил идэвхтэй цуглуулж, одоогоор 100-150 үнэртний хооронд хэлбэлздэг. Учир нь худалдаж авахаас гадна хүмүүст бэлэглэдэг учир цуглуулгын тоо ихсэж, буурдаг юм. “MDCI Parfums” компанийн хоёр сүрчиг миний цуглуулгын хамгийн үнэ цэнэтэй нь. Энэ компани дэлхийн хамгийн нэр хүндтэй үнэртэн зохион бүтээгч мастеруудаар маш цөөн тоогоор сүрчиг бүтээлгэдэг юм. Энэ брэндийн үнэртнүүдийн сав буюу бортого нь эртний Грек, Ромыг санагдуулам баримал хэлбэрийн тагтай учир маш үзэсгэлэнтэй харагддаг.
-Та 60 мянга орчим гишүүнтэй, Үнэртэй усанд дурлагсдын фэйсбүүк хуудас толгойлж, байнга шинэ содон мэдээлэл нийтэлдэг юм билээ. Үнэртэн зохион бүтээгч болъё гэж бодож байсан уу?
-Үнэртэн цуглуулж, тэдгээрийн тухай судалж, мэдлэгээ бусадтай хуваалцах нь зүгээр л миний хообий. Монголчууд сүрчгийг хааяа нэг түрхдэг, анхилуун хэрэглээ гэж харахаас илүүтэй энэ бол үнэртний ертөнцөөр аялуулдаг далавч гэж мэдэрч, янз бүрийн үнэртэй ус хэрэглэдэг болоосой гэж хүсдэг. Тиймээс бүлгийнхээ гишүүдийн урьд нь мэддэггүй байсан брэнд, үнэртнүүдийг танилцуулж, мэдлэгийг нь дээшлүүлэх гэж хичээдэг. Үнэртэн бүтээгч мастер болоход би оройтсон байх. Тэгээд ч би хуульч мэргэжилдээ хайртай.
-Энэ чиглэлээр суралцсан монгол хүн байдаг болов уу. Монголд “Бөртэ” нэртэй үнэртэй ус үйлдвэрлэж эхэлсэн тухай дуулсан. Үнэртэн зохион бүтээгч болохын тулд ямар даваа туулах шаардлагатай вэ?
-Үнэртний мастерийн мэргэжил албан ёсоор эзэмшсэн монгол хүн байдаг, эсэхийг би мэдэхгүй юм байна. Үнэртэн зохион бүтээгч бол хүн төрөлхтний хамгийн анхны мэргэжлүүдийн нэг. 4000-5000 жилийн өмнө эртний Египет, Энэтхэгт үнэртэн бүтээдэг байсан тухай түүхийн сурвалж бичгүүдэд дурдсан байдаг. Хүссэн хүн бүр үнэртэн зохион бүтээгч болдоггүй юм билээ. Хамгийн шударга бус бас хамгийн хатуу шалгууртай, хүчирхэг бизнесийн монополийн атганд орсон мэргэжил. Үнэртний мастер бэлтгэдэг мэргэжлийн сургууль дэлхийд цөөн байдаг бөгөөд суралцагчдадаа өндөр шалгуур тавьж, тэдний тоотой хэдхэн нь төгсдөг. Сүрчиг бүтээгчээр ажилладаг хүний тоо сансрын нисэгчээс ч цөөн гэсэн судалгаа бий. Дэлхийн зах зээлд буй бүх л үнэртэй усыг 200-300 орчим хүн бүтээдгийн дотор мэргэжлийн өндөр түвшинд үнэлэгдсэн алдартай нь 30-аас хэтрэхгүй гээд л бод. Сүрчиг зохион бүтээгч болохын тулд дараах хэдэн замын аль нэгийг сонгох боломжтой. Францад байдаг SIPCA, болон GIP сургуульд сурч болохоос гадна үнэртэн үйлдвэрлэгч компаниудын сургалтын төвд сууж болно. Гэхдээ тухайн компанийн ажилтан байх ёстой юм билээ. Химийн анхан шатны боловсролтой байх хэрэгтэй. Жилд хэдэн мянган хүн дээрх сургуулиудад сурах хүсэлт явуулдгаас гар, хөлийн хуруунд багтахаар цөөхнийг нь элсүүлдэг. Мөн урлагийн зарим институт, үнэртний компани, мастерууд олон нийтэд богино хугацааны нээлттэй сургалт зохион байгуулж, ерөнхий мэдлэг олгодог. Англид “Plymouth”, “The Perfumery Art School” зэрэг сургууль мастерийн мэргэжлийн боловсрол олгох биечилсэн болон алсын зайн сургалт явуулдаг юм байна лээ. Монголд хамгийн ойрхон нь гэвэл Тайландад “The Perfumer’s World” гэдэг байгууллага мөн богино хугацааны мэргэжлийн сургалтын хөтөлбөртэй гэнэ.
-Өмхийрч ялзарсныг эс тооцвол байгалийн бүтээлүүдийн үнэрээс танд аль нь таалагддаггүй вэ?
-Үнэртэй усны найрлагад ороогүй байх үеийн, жинхэнэ хүдрийн заарны үнэрийг хэлнэ. Түүний үнэрийг хүмүүс янз бүрээр тодорхойлдог. Миний хувьд хурц үедээ яг л хатаад хуршсан өөх шиг, арай зөөлөн байхдаа эмэгтэй хүний хөлөрсөн торгомсог арьс шиг санагддаг. Харин сүрчигний найрлагад орохоороо дулаахан, тослог, мансууруулмаар мэдрэмж төрүүлдэг. Хүдрийн заарны хамгийн чухал ид шид нь сүрчигний үнэрээ барих чадварыг дээшлүүлдэг. Эрэгчин хүдэр ороо нь орсон үедээ эмэгчнээ татах үнэр ялгаруулж, хээлтдэг. Ялгаруулдаг үнэрийг нь хүн төрөлхтөн эртнээс мэдэж, ардын уламжлалт эмчилгээнд ашигладаг байсан юм билээ. Манай өвөг дээдэс хүртэл тэрийг мэддэг, анхилуун үнэрийнх нь талаар ардын дуу зохиосон нь бий. Хүдэр Монголоос гадна Энэтхэг, Пакистан, Төвд, Хятад, ОХУ зэрэг оронд нутагладаг. Үнэ цэнэтэйгээсээ болж хүдэр хууль бус ангийн хохирогч болдог. 1979 оноос үнэртэнд хүдрийн заар ашиглахыг хорьж, химийн аргаар гаргаж, эсвэл ойролцоо үнэртэй ургамлын тос ашигладаг болсон.
-Хүдрийн заараар хийдэг монгол хааны нэртэй үнэртэн байдаг гэл үү?
-“Serge Lutens” компани 1998 оноос “Хубилай хааны хүдрийн заар” хэмээх ус гаргах болсон. Кристофер Шилдрэйк хэмээх үнэртний мастерийн бүтээсэн энэ сүрчигнээс хүдрийн заар голлон сэнгэнэдэг нь ул сүрчгийг амьтанлаг үнэртний төрөлд гол төлөөлөгч болгосон. Үнэртэй усанд дурлагчдын дунд тачаангуй үнэртэнд тооцогддог. Энэ үнэртнийг ч гэсэн жинхэнэ хүдрийн заараар биш, химийн аргаар гаргасан үнэр ашиглан үйлдвэрлэдэг . Миний хувьд эл сүрчгийг үнэртэхэд морины дэлэн дээрээс хөдөө тал нутгийн үзэсгэлэнг ширтэн бодолхийлж зогсох шиг сэтгэгдэл төрдөг.
-Та цуглуулгадаа хэр их мөнгө зарцуулдаг вэ. Гэрийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ. Энэ тансаг хэрэглээ юү?
-Үүнийг зүгээр л эд материал гэж харвал үнэртэн цуглуулах нь мөнгөтэй хүмүүс хөрөнгөө гайхуулж буй мэт санагдаж мэдэх юм. Харин урлаг гэж үзвэл урлагийн бүтээл цуглуулж, үнэртний музейд зочилж байгаагаа ойлгох болно. Леонардо да Винчигийн “Мона Лиза”-г олон нийтэд дэлгэж байгаа нь үнэтэй эд хөрөнгө гайхуулсан хэрэг биш, хүн төрөлхтний соёлын өв болсон бүтээлийг таниулж байгаатай адил. Тэгэхээр бид урлагийн бүтээлээр гэрээ, өөрийгөө, эргэн тойрноо чимж байгаа хэрэг. Өндөр үнэтэй сүрчиг 100 мл нь 1000 ам.доллараас эхлээд 30-хан мл нь монгол мөнгөөр 419.218.000 төгрөг хүрэх нь бий тул тансаг хэрэглээ гэх хүмүүс байгаа. Гэхдээ ийм өндөр үнэтэйг нь авах боломжтой хүний тоо нийт үнэртэнд дурлагсдын 0.1 хувьд ч хүрэхгүй. Олонх нь та бидэн шиг энгийн хүн байдаг. Энэ урлагийн бүтээл хүмүүсийн бодсоноос хамаагүй хямдаар зарагддаг. Яагаад гэвэл сүрчиг бүтээхийн тулд дэлхийн дөрвөн тивд ургасан цэцэг, жимс модноос гарган авсан үнэт тосыг тээвэрлэж, боловсруулж, үнэртэн бүтээгчид уран сэтгэмжээрээ амь оруулж, дизайнерууд савыг нь бүтээж, маркетингийн менежерүүд сурталчилж, худалдагчид өдөржин зогссоны дүнд бидэнд ирдэг. Залуучууд нэг удаа зугаацаж наргихад үрдэг мөнгөөрөө үнэртэн авахад хэдэн сар, цаашлаад хэдэн жил ч хэрэглэнэ.
-Тусгайлан үнэртэй ус бүтээлгэх хүсэл танд байдаг уу. Энэ талаарх мэдээллээ хуваалцана уу?
-Үнэртэй ус хэдийгээр тансаг зэрэглэлд багтах боловч үнэндээ хүсэх юм бол хэн ч үнийг нь төлөөд авах боломжтой тул жинхэнэ дээдийн дээд хэрэглээнд тооцогддоггүй. Тиймээс захиалсан хүнээс нь өөр хүн худалдаж авах боломжгүй жинхэнэ тансаг хэрэглээний үнэртэн бий болсон. Үнэртэн зохион бүтээгчийн нэр хүнд, ур чадвар болон орцонд багтах өндөр үнэтэй материал, тансаг бортого зэргээсээ шалтгаалж захиалгын үнэртэн 10-100 мянган ам.долларын үнэтэй. Таны хүсэж байгаа үнэр, түүгээр юу бэлгэдэх, ямар дурсамжаа сануулах зүйл түрхмээр байгааг судалж, нэг захиалгаа бүтээхэд хэдэн сараас хэдэн жил хүртэл хөдөлмөрлөж, жилд цөөхөн хүний хүсэлтийг биелүүлдэг тул мөнгөтэй байхаас гадна дараалал хүлээх хэрэгтэй. Ийм өндөр үнэтэйг хүн бүр авах боломжгүй тул нэг шат доогуур тансаг хэрэглээний ус хэрэглэж болно. Хагас захиалгат сүрчгийг зарим нэг тусгай үйл явдал, тэмдэглэлт өдөр тохиолдуулж, эсвэл худалдааны зорилгоор цөөн тоогоор үйлдвэрлэдэг. Би лав хэзээ ч захиалгат үнэртэн хийлгэхгүй. Нэгдүгээрт, тийм санхүүгийн боломжгүй, хоёрдугаарт, ийм чадамж байсан ч гэсэн тэртэй тэргүй үнэртний зах зээлд сайн чанарын, өвөрмөц бүтээл олон бий. Үнэртэн сайн мэддэг, дурлагч долоон сая төгрөгтэй байхад л сайн чанарын цуглуулгатай болох боломжтой.
-Үнэртэй усыг ямар нөхцөлд, хэр удаан хадгалах ёстой вэ?
-Зарим компани тагийг нь нээснээс хойш төдий хугацаанд хэрэглэнэ гэж мэргэжилтнүүдийнхээ тооцож гаргасан хадгалах хугацааг сүрчигний бортого дээр тэмдэглэдэг. Миний бодлоор тийм тэмдэглэгээгүй бол хадгалах хугацааг ойролцоогоор гурван жил гэж тооцдог. Энэ нь сүрчиг цуглуулагчдын хувьд маш богино хугацаа. Тухайлбал, би 150 гаруй сүрчгээ нэгийг нь жилд хоёрхон удаа түрхэх тооцоо гарч байна. Чанар муутай, буруу хадгалсан сүрчигнүүд үнэрээ алддаг. Тиймээс би сүрчигнүүдээ горимынх нь дагуу хадгалж, авснаас нь хойш 5-10 жил хэрэглэнэ гэж тооцож байгаа. 20, 30 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн хэрнээ одоо хүртэл үнэрээ алдаагүй уснууд бас бий. Үнэртэй усыг нарны тусгал, чийг, халуун “алдаг”. Цонхны тавцан, ариун цэврийн өрөө зэрэг газар хадгалбал хэдэн жил байтугай хэдэн өдрийн дотор үнэт тоснууд нь устана. Аль болох өөрийнх нь хайрцагтай, виноны хөргөгчинд хадгалбал сайн. Зарим улсад гоо сайхны бүтээгдэхүүн хадгалах зориулалттай хөргөгч зардаг юм билээ.
-Та Гаагийн олон улсын эрүүгийн шүүхэд ажилладаг гэсэн үү?
-Олон улсын эрүүгийн шүүхэд 10 дахь жилдээ өмгөөлөгчөөр ажиллаж байна. Голландын Гааг хотноо байдаг эл шүүх нь олон улсынх тул ажлын байраа интернэтээр нээлттэй зарладаг. Ингэснээр дэлхийн аль ч өнцөг булангаас зарласан ажлын байранд шалгуулж болно. Би 2005 онд шүүхийн хохирогчийн өмгөөлөгчийн албанд зарласан ажлын байранд орох өргөдөл гаргаж, бичгийн шалгалтад орон, утсаар ярилцлага өгөөд дараа нь Гаагт биеэр очиж ярилцах даваа давж байж тэнцсэн.
-Та өмнө нь хаана ажиллаж байсан бэ?
-Хуучнаар Цагдаагийн дээд сургууль буюу Хууль сахиулахын их сургуульд хуульч мэргэжил эзэмшээд мөрдөн байцаагчаар хоёр жил ажилласан. АНУ-д магистрт суралцаад Калифорни мужийн улсын өмгөөлөгчийн албанд дадлагажигч өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Монголдоо ирсэн. Нутагтаа гурван жил ажиллаад Голланд, Герман, Франц, Бельги, Швейцарь, Италид сургалтад хамрагдсан.
-Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Сан Хюун Сон манай улсад айлчлахад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг монгол хүнийг тус байгууллагад шүүгчээр ажиллуулах хүсэлт тавьсан. Тэнд монгол хүн шүүгчээр ажиллах боломж хэр байдаг вэ?
-Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэг болон НҮБ-ын гишүүнээс гадна Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нэгдсэн тул өөрийн иргэнээ тус байгууллагын шүүгч, прокурорт нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй. Шүүгч, ерөнхий прокурорууд шүүхийн гишүүн орнуудын төлөөлөгч нараас бүрдсэн Ассамблейгээс сонгуулиар өрсөлдөж, есөн жилийн хугацаагаар томилогддог юм. Би ч гэсэн монгол хүн энэ шүүхийн шүүгч, прокуророор сонгогдоосой гэж дотроо хүсэж, мөрөөддөг. Үүнээс гадна шүүхийн бусад албанд хуульч, өмгөөлөгчөөр ажиллаарай, боломж бий шүү гэж монгол хуульчиддаа энэ завшааныг ашиглан уриалмаар байна.
-Та ямар том хэргүүд дээр ажиллаж байсан бэ?
-Миний хувьд энэ шүүхийн байнгын өмгөөлөгчийн хувиар манай шүүхэд татагдаж ирсэн бүх л хэрэгт тодорхой хэмжээгээр ажиллаж ирсэн. Тэдгээрийн дундаас Уганда, Конго, Кени улсад үйлдэгдсэн гурван хэрэгт голчлон ажилласан туршлагатай.
-Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Уучлаарай, хэргийн талаар ярих хориотой байдаг юм.
-Таны бодлоор манай улс Ром-Германы эрх зүйн тогтолцоогоор явах зөв үү, эсвэл нүүдэлчний маягийн, Англи-Саксон систем тохирох уу?
-Хэдийгээр дэлхийн эрх зүйн системүүдийг ерөнхийд нь Ром-Германы, Англи-Саксоны гэх мэтээр ангилж ирсэн боловч өнөө үеийн бодит байдалд бол зөвхөн онолын шинж чанартай л тодорхойлолтууд болж үлдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь өдгөө дэлхийн ямар ч оронд Ром-Германы эсвэл Англи-Саксоны хууль зүйн тогтолцооны сонгодог хэлбэрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй болсон. Миний харж байгаагаар энэ нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, орчин үед дэлхийн бүх л тусгаар орон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд захирагдаж, олон улсын хуулийг хууль тогтоомжийнхоо нэг хэсэг гэж үздэг. Гэтэл олон улсын эрх зүйн хэм хэмжээнүүд нь ямар нэгэн эрх зүйн тогтолцоонд харьяалагддаггүй шүү дээ. Жишээ хэлбэл, Их Британи нийтлэг эрх зүйн тогтолцоотой (Англи-Саксоны) бол Франц эх газрын (Ром-Германы) эрх зүйн тогтолцоотой гэсэн уламжлалт ойлголт байдаг. Гэтэл хоёулаа Европын Хүний эрхийн конвенцийн гишүүн тул олон улсын гэрээг сахиж мөрдөхөөс гадна энэ конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Европын комиссын шийдвэрүүд, энэхүү конвенцтой холбоотой маргааныг шийдвэрлэсэн Европын хүний эрхийн шүүхийн тогтоолыг яг адилхан биелүүлэх үүрэгтэй. Гааг хотноо байгаа олон улсын шүүхүүд ч гэсэн олон улсын эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ тухайн улсын гэрээ конвенц гэх мэт хуулийн эх сурвалждаа яг юу гэж заасан бэ гэдэгт тулгуурлан шийдвэрээ гаргадаг болохоос, тухайн маргалдагч орнуудын дотоодын хууль эрх зүйн тогтолцооны ялгааг нарийн харгалзаж үздэггүй. Дэлгэрүүлбэл, ямар ч улс орон дотоодынхоо хууль тогтоомжид өөрөөр заасан гэсэн үндэслэлээр олон улсын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхыг хориглодог гэсэн үг. Дараагийн нэг шалтгаан нь юу вэ гэвэл эдгээр уламжлалт эрх зүйн тогтолцоонууд нь өөр өөрийн давуу, сул талуудтай гэдэг нь хөгжлийнхөө түүхэн явцад батлагдсан болохоор өнөөдөр улс орнууд хууль эрх зүйн системдээ хамгийн үр дүнтэй арга, ашигтай хувилбаруудыг нэгнээсээ сайн дураараа суралцаж, тухай бүрт нь дутуугаа нөхдөг дундын замыг сонгодог болсон. Миний ажиллаж байгаа олон улсын шүүхийн хэрэглэж буй хуулийн эх сурвалж гэхэд холимог, өөрөөр хэлбэл гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх процессийг бүрдүүлэхдээ Ром-Герман болон Англи-Саксоны системээс хамгийн давуу талуудыг нь түүдэг.
Б.ДӨЛГӨӨН