Хятадын “Hainan аirlines” компани хүнсний тосноос гарган авсан түлшээр цэнэглэсэн "Боинг-737" онгоцоор орон нутагт зорчигч тээвэрлэсэн талаараа мэдээлжээ. Энэ бол дэлхийн түүхэнд био түлшээр нислэг хийсэн хоёр дахь тохиолдол юм. Өнгөрсөн бямба гаригт Шанхайгаас Бээжин рүү хийсэн эл нислэгт ашигласан түлшийг Хятад улсад үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны газруудын хаягдал тосыг боловсруулан гаргаж авсан гэнэ. Ийнхүү хаягдал хүнс ашигласнаар байгаль орчны бохирдлыг бага боловч бууруулах боломжтойг харуулсан чухал үйл явдал боллоо хэмээн тус улсын Засгийн газар үнэлжээ. “Боинг” корпорац өнгөрсөн жил Хятадын “Commercial аircraft” компанитай хамтран ажиллах гэрээ хийсэн бөгөөд энэ дагуу байгальд ээлтэй түлш гарган авчээ. Дашрамд сонирхуулахад, 2012 онд био түлшийг Канадын агаарын тээврийнхэн анх туршжээ. Үүнээс хойш Австралитай хамтран газрын болон хүнсний тосыг хольж, био түлш гарган туршиж байсан аж.