Та хүүхдүүддээ юу өвлүүлж өгөхийг хүсдэг вэ. Орон байр, унах унааг нь бэлдээд хамгийн сайн боловсрол эзэмшүүлнэ гэж зорьж явна уу? Тэд таны үлдээсэн өвөөр хэрхэн аж төрөх тухай бодож үзсэн үү. Өндөр боловсрол, сайн ажил, тухлаг гэрээс илүү чухал зүйл бийг та мартаагүй биз.
- Охин минь чи ээжтэйгээ адилхан уу?
- Үгүй ээ, огтхон ч адилхан биш. Нинжин сэтгэл, холч ухааных нь алийг ч дуурайгаагүй өөдгүй охин...
Энэ бол “Өв залгамжлагчид” жүжгийн гол дүр Банди, Майцэцэг нарын дунд болсон яриа. Өнгө мөнгөний орчлонд бид үр хүүхдүүддээ сэтгэлээс илүү хөндий хоосон болгоныг өвлүүлээд байгаа юм уу даа. Тэртээ 1986 онд Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглож, үзэгчдийг байлдан дагуулж байсан “Өв залгамжлагчид” жүжиг Олон улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа амиллаа. “Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж эрхлэгч маань энэ жүжгийн зохиолыг XX зуунд бичиж, тухайн үеийн залуусын дүр төрхийг харуулсан бол энэ зуунд ч дээрх сэдэв, жүжгийн утга агуулга хуучраагүй хэвээр байгаа юм. “Сайн зохиол хэзээд үнэ цэнэтэй, утга агуулга нь хүртээмжтэй байдаг” хэмээн жүжгийн найруулагч О.Бат-Өлзий ярьсан. Энэ өвөл Дорнод аймагт ажиллаж, шинэ драмын жүжигтэй болгон, тэндхийн театрын тайзыг “гоёсон” найруулагч маань яг одоо ажлынхаа ард гарчихсан ч сэтгэл амраагүй янзтай. Орон нутгийн театр, чуулгад драмын жүжигчид тийм ч олон байдаггүй. Хөгжимчин, бүжигчин нь ч жүжиглэж, хөрвөх чадвартай байхаас аргагүй. Тийм болохоор энэ уран бүтээл найруулагчаас илүү өндөр ур чадвар, хүч хөдөлмөр шаардсан. Баасан гаригийн Ворой, нээлтийн тоглолтын дараа улаан хөшиг хаагдаж, үзэгчид өөр хоорондоо таатай үгс хэлэлцэн гарч явахыг харсан хойноо л найруулагч багахан уужирсан байх. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрынхан өчигдөр жүжгээ дахин нэг удаа тоглосон байх учиртай. Дөрөвдүгээр сарын эхээр хоёр ч тоглолт төлөвлөөд байсан. Найруулагч О.Бат-Өлзий жаахан хүүхдээ үлдээгээд хол явах гэж байгаа аав шиг л жүжигчдэдээ сэтгэл зовнин, сайтар захиж, амжилт хүсэхийг нь хараад тоглолтуудын дараа хэрхсэнээ бушуухан дуулгахгүй бол сэтгэл нь амрахгүй болохыг түвэггүй ойлгов.
ӨВӨӨСӨӨ ТАТГАЛЗСАН МАЙЦЭЦЭГ БУЮУ ЗАЛУУ ЖҮЖИГЧИН
Төрийн шагналт, алдарт зураач нэгэн бүтээлдээ хамаг анхаарлаа хандуулан, дахин дахин зурж, сэтгэлд нийцээгүйгээ авч чулуудаж суугаагаар жүжиг эхэлдэг. Түүнийг Банди гэдэг. Алдар хүндийн оргилд хүрч, ард түмэндээ хүндлэгдэж явсан энэ эрхэм одоо бага хүү Баатартайгаа хамт амьдардаг. Том хүү болон ганц охин нь тусдаа гарчихсан болохоор тэдний ярьгэр эл хуль. Банди жаахан балгадаг болохоор хүү Баатар нь далимдуулж, ааваасаа мөнгө л авахыг бодно. Нэгэн өдөр түүнээс ярилцлага авахыг хүссэн сэтгүүлч бүсгүй тэднийд ирдэг. Түүнийг Майцэцэг гэдэг. Хүү Баатарыг нь төдийгүй орчин үеийн залуусын хувиа хичээсэн, холч ухаангүй, залхуу, уйтгартай амьдралыг шүүмжилсэн яриа яван явсаар Майцэцэгийн ээжтэй холбогдоно.
Анх түүнийг энэ гэрт орж ирэхэд л Банди зураач нүдийг нь зурж, яриаг нь анхааралтай сонсож байсан бөгөөд түүнийг ээжийн ганц охин, бас ээж нь өөд болсон тухай дуулаад нэлээд нухацтай харав. Тэгээд ээжийнх нь зургийг асууж, олж харсан даруйдаа ухаан балартах шахав. Тийм ээ, энэ бүсгүй түүний залуу насандаа дурлаж, хайрлаж, бүхнээ зориулж явсан эмэгтэйнх нь охин буюу Бандийн бага охин болж таарлаа. Зураач аав охиндоо энэ тухай хэлээгүй ч хүүхдүүддээ түрүүлж хэлээд, үлдсэн бүх өвөө түүнд зориулахыг хүсдэг. Эндээс л бүх хүний үнэн төрх харагдана. Эд хөрөнгө, эрх мэдлийн төлөөх тэмцэл, бусдад ихэмсэг эерэг харагдах гэсэн шуналт хүсэл, ямар ч бодлогогүй амьдрал нь тодорсоор эцэстээ тэсэрнэ.
Энэ жүжгийн хамгийн эерэг бөгөөд ухаалаг, аливааг дэнслэн хэлж чаддаг ганц дүр нь Майцэцэг. Энэ дүрд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын залуу жүжигчин Г.Энхболор тоглосон. Тэрбээр өнгөрсөн жил СУИС төгсөөд нутагтаа ирж ажиллаж байгаа залуу боловсон хүчин. Орон нутгийн театр, чуулгад мэргэжлийн ур чадвартай залуу боловсон хүчин ус агаар мэт хэрэгтэй. Гэсэн ч хот бараадах гэсэн хүсэлтнүүд тэр бүр орон нутагт ирэхгүй. Тиймээс нутгаа зорьж, очоод шинэ уран бүтээлд зүрх сэтгэлээ шингээн, өсөж хөгжихөөр тэмүүлж байгаа залуу жүжигчинд талархал илэрхийлье. Туршлага багатай жүжигчин хэдий ч анхны дүрээ боломжийн хэмжээнд гаргалаа хэмээн найруулагч түүнийг сайшаасан.
БҮХНИЙ ЗАНГИЛАА БАНДИ
Үр хүүхдүүддээ боловсрол, мөнгө хөрөнгө бий болгож чадсан ч нинжин сэтгэл, холч ухаантай болгож чадаагүй түүнийг шүүмжлэх үзэгч олон байсан. Харин энэ дүрд тоглосон жүжигчин С.Ганбаатар “Үзэгчид Бандийг буруутгаж байгаа ч би өмөөрнө. Нийгэмд байгаа л дүр. Залуу насандаа алдаа гаргадаггүй хэн байх билээ” гэж ярьсан. Тэрбээр найруулагчийнхаа тавилтыг нэлээд өвөрмөц болсон гэж үзэж буй. 18 жил энэ театрт ажиллаж байгаа түүний хувьд “Өв залгамжлагчид” жүжгийг амилуулж, гол дүрд нь тоглосондоо маш их баярлаж байсан. Анх найруулагчийнхаа шийдлийг бүрэн гүйцэд ойлгоогүй байхдаа их л бүрхэг, бас таагүй санагдаж байсан ч эцэстээ түүний шийдэл зөв болсныг хүлээн зөвшөөрсөн гэсэн.
ТАЙЗНЫ ЗУРААЧИЙН АЖИЛ БОЛ ЖҮЖГИЙН АМИН СҮНС
Сүүлийн үед театрын тайзны зураачаар гаршин ажиллаж, “Гэгээн Муза”-гийн эзэн болж байсан “Грийн арт” нэгдлийн уран бүтээлч О.Баярмагнай жүжгийн тайзыг урлажээ. Зураач хүний тухай жүжиг болохоор өвөрмөц шийдэл үгүйлэгдэж байсан нь аргагүй. Зураач О.Баярмагнайгийн бүтээсэн тайз жаазаар дүүрсэн байх бөгөөд ихэнх нь хоосон ч хүний амьдралын түүх, уран бүтээлийн замналыг илэрхийлж байгаа нь тодорхой. Уран бүтээлчдийн дотоод мөн чанар аливаа уран бүтээлд чухал үүрэгтэй байдаг. Тайзны зураач, найруулагчийн урлал хоорондоо нийцэж байж л сайн уран бүтээл бий болно. Түүний урласан тайз өдгөө Дорнодод байгаа ч хэзээ нэг өдөр Улаанбаатарт ирж тоглоход нь үзэгчдэд харах завшаан тохиох биз ээ.
Уншигч та бүхэн ч бас доорх зургаас түүний урлалыг харж буй биз. Хоосон, хоосон, хоосон... Гэхдээ дотор нь ямар нэг зүйл байх учиртай, бас байгаа. Далдыг ил болгож харах нүд л танд хэрэгтэй. Орон нутагт тоглож байгаа хэдий ч гэрлийн өгөлт, дуу шуугаа нэлээд боломжийн түвшинд гаргаж чадсан болохоор нэгэн цул бүтээл болжээ. Олон улсын театрын өдрөөр эх нутгийн минь зүүн хязгаарт амилж, үзэгчдийг баярлуулсан “Өв залгамжлагчид”-ийг нэгэн сэтгэлээр хамтран бүтээсэн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрынханд баяр хүргэе. Тэд өнгөрсөн онд театрынхаа тайзнаа И.Штраусын “Сарьсан багваахай” опереттаг залсан бол одоо драмын шинэ жүжигтэй боллоо.
Ирэх жил 70 жилийнх нь ой тохиох энэ театрт удахгүй симфони найрал хөгжмийн болон бүжгийн шинэхэн бүтээл амилуулах төлөвлөгөөтэй байгаагаа тус театрын дарга Л.Наранхүү ярьсан. 30 настай залуу дарга театраа үзэгчээр, тайзаа уран бүтээлээр дүүрэн байлгахын төлөө үргэлж санаачилга гаргаж ажилладаг нь анхаарал татаж байлаа. Мэргэжилтэн дутагдалтай орон нутгийн театр гэж хойш суулгүй төвөөс найруулагч, зураач урьж үзэгчдийнхээ урлагийн боловсролыг нь дээшлүүлж, оюуны цангааг нь тайлж яваа түүний хичээл зүтгэлийн үр дүн удахгүй гарах биз ээ.
Ж.СОЛОНГО