Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны уулархаг бүс нутаг Тянь-Шаньд судлаачид нэгэн гайхалтай амьтантай таарчээ. Тэр бол огдойн овог, туулайн бүлэгт хамаарах Ili рika буюу или огдой бөгөөд сүүлийн 22 жилийн хугацаанд сураг тасраад байжээ. Тун ховор үзэгддэг дээрээс нь сайтар судлагдаагүй энэ амьтныг нутгийнхан “Ид шидийн туулай” хэмээдэг гэнэ. Шидэт туулайг байгаль хамгаалах “Ли Вэйдонд” байгууллагын ажилтнууд 1983 онд анх мөн л Тянь-Шань нутгаас илрүүлж, хэд хэдэн зураг дарж амжсан аж. Түүнээс хэдэн жилийн дараа или огдой гэнэт гарч ирсэн шигээ гэнэт л алга болсон байна. Өнгөрсөн хугацаанд түүнийг мөхөж үгүй болсонд тооцож байсан гэнэ. Судлаачдын мэдээлснээр шидэт туулайн тоо толгойг нарийвчлан гаргах боломжгүй ч, багцаалсан мэдээгээр өнгөрсөн 22 жилийн хугацаанд 70 гаруй хувиар буурсан нь харанга дэлсэх үзүүлэлт юм. Өөр нэг онцлох зүйл гэвэл эрдэмтэд или огдойг хулсны баавгайгаас ч илүү анхаарч, судалж, мөхлөөс аврах ёстой гэжээ. Учир нь одоогийн байдлаар уг бяцхан амьтан мөхлийн ирмэгт пандагаас хэд дахин илүү ойртсон аж. Харахад туулай болон хулганатай төстэй энэ амьтны биеийн урт ойролцоогоор 20 см гэхээс илүү мэдээлэл эрдэмтдэд байхгүйгээс гадна интернэтээс хайгаад ч өөр дорвитой зүйл олсонгүй. Эргэн ирсэн или огдой шиг Дэлхийн улаан номны мөхлийн ирмэгт ирсэн гэдэг ангилалд багтсан гурван жижиг амьтны талаар товч танилцуулъя.
Инээмтгий квокка
Хаанаас нь ч харсан чихмэл тоглоом шиг өхөөрдөм энэ амьтан имжийн овогт хамаардаг аж. Албан ёсны нэр нь богино сүүлт имж бөгөөд нутгийн хэлээр квокка гэнэ. Авсралид л таарах энэ амьтан “патиараа” татуулахдаа яавал өхөөрдөм байхаа мэддэг сүрхий золиг гэнэ. Тиймээс л хамгийн жаргалтай амьтан, инээдэг имж зэрэг “гуншинтай”. Австралид очсон жуулчдын хийх дуртай нэг зүйл нь квоккатой зургаа авахуулах явдал гэнэ. Учир нь тэр хэнийг ч ялгахгүй инээдэг гэнэ.
Гадаад төрхөөрөө квокка имжтэй нэлээд төстэй ч, жижиг бие, богино сүүлтэй. Биеийн урт нь хагас м, сүүл нь ойролцоогоор 30 см. Жин нь ердөө 2.5-5 кг. Шөнийн амьдралтай түүний дайсан нь үнэг, муур. Энэ амьтанд байгалиас заяасан нэгэн онцгой чанар бий. Юу гэхээр эвцэлдсэний дараа ганц л төл гаргах бөгөөд тэр нь эндсэн тохиолдолд дахин үржүүлгэд орохгүйгээр үр хөврөл бий болдог гэнэ. Эхлээд гарсан төл ээжийнхээ уутанд эсэн мэнд бойжиж эхэлбэл хэвлийд нөөцөнд “унтаа” байдалд хадгалагдах тэрхүү үр хөврөл төрөх хугацаагаа хүлээгээд, “сууж” байдаг аж. Тэгээд ах, эсвэл эгч нь эхийнхээ цүнхнээс гарч бие дааж эхэлмэгц хэвлийгээс уут руу шийлжинэ гэсэн үг. Инээмтгий имж дунджаар 10 насалдаг. Австралийн баруун хэсэгт орших нэгэн арал дээр анх хөл тавьсан голландчууд энд тэндгүй аварга том хархнууд гүйлдэж, үсэрч байхыг хараад тэр газрыг Роттнест хэмээн нэрлэсэн түүхтэй аж. Энэ нь голландаар хархны үүр гэсэн утгатай юм байна. Угтаа бол тэр нь харх биш, квокка байжээ.
Алаг даахай
Хятадын хойд хэсэг болон Монголын говьд л харж болох алаг даахай Дэлхийн улаан номны ховордож буй амьтад гэсэн ангилалд багтдаг. Монголчуудын хувьд энэ амьтныг сайн судалж, мэдсэн гэж болно. Тиймдээ ч алаг даахай ямар сүйхээтэй “хулгайч” болохыг газар дээр нь илрүүлж байсан баримт бий. Яадаг гэхээр, энэ амьтан ямаа, үнээг унтаж байхад нь хөхөж, ходоодоо баярлуулсан тохиолдол элбэг аж. Биенээсээ хэтийдсэн том чих, урт сүүлтэй, урд хоёр хөл нь богино харин хойд хоёр нь урт эл мэрэгч үүр, ноохой барьж чаддаггүй учраас бусдын орхисон нүхээр гэр хийдэг гэнэ. Эмэгчин даахай зуны адагт сард зургаа хүртэл ялман /чойрон ч гэж нэрлэдэг/гаргаж, тэднийгээ хөхүүлж, намартай золгож, өвөл хамтдаа ичсэний эцэст хавар харин “нүүрээ буруулаад” арилж өгнө. Зарим тохиолдолд ялмангууд эхийгээ унтаж байхад нь ичээнээсээ түрүүлж гараад арилаад өгдөг юм байна. Үүнээс нь үүдээд элбэрэлгүй амьтан гэх нь бий.
Алаг даахай хүн шиг өрөөсөн хөл дээрээ зогсож, гүйж чаддаг онцгой чадвартай нь судлаачдын анхаарлыг татдаг. Бас өөрийн биеийн уртаас 20 дахин хол үсэрдэг гэнэ. Сүүл нь гүйж, харайх үед тэнцвэржүүлэгчийн үүрэгтэйгээс гадна огцом эргэлт хийхэд чиглүүлэгч болдог аж. Сүүлнийх нь өөр нэг “шид” гэвэл аюул тулсан үед мулт үсрээд үлддэг явдал гэнэ. Тодруулбал, түүний сүүлнээс үмхээд авсан амьтан барьчихлаа гэж баярлах хэрэггүй, даахай тэр хэсгийг гээхэд хэзээд бэлэн явдаг юм гэнэ.
“Хуруун чинээ” буга
Ердөө 25-30 см өндөр хэрнээ хэрэгцээтэй үед 1.5-2.5 метр замыг ганц харайлтаар туулдаг энэ амьтан бол дэлхийн хамгийн жижиг буга. Зөвхөн Африкиийн баруун хэсгээр нутагладаг бөгөөд нутгийнхан хаан буга гэдэг. Ахадсан нэртэй бяцхан амьтны латин нэршил нь neotragus pygmaeus. Эрэгчний хувьд маш жижиг, богино, тэгээд хурц эвэртэй ч, тэр нь хэрэг болдоггүй аж. Учир нь эмэгчнийхээ анхаарлыг татах гэж, сүргийн манлайлагч болох гэж тэмцэлдэх хэрэг тэдэнд гардаггүй. Учир нь бяцхан буга жилийн турш үржүүлгэд орох чадвартай бөгөөд үүнийгээ тун эвтэй найртай гүйцэтгэдэг гэнэ. Эмэгчин нь 180 өдөр тээсэн гану төлөө өвлийн сүүлчийн сард гаргаж, хоёр сар хүртэл нь сүүгээрээ тэжээнэ. Амьдралынх нь хугацаа ердөө зургаан жил учраас төл нь 12 сарын дараа нас, бие гүйцнэ. Томхон шувууны идэш ч болчихдог “хуруун чинээ” буга 1704 онд хүмүүсийн хараанд анх өртсөн юм байна. Эрдэмтдийн мэдээлснээр энэ амьтан ердөө 3.5 см урт эвэртэй хэрнээ харьцангуй урт хэлтэй. Түүгээрээ хоолоо олж иддэг. Өөр онцлох зүйл гэвэл энэ буга усгүй амьдарч чаддаг аж. Учир нь хоол, хүнсээрээ дамжуулан усныхаа хэрэгцээг хангадаг аж.