"Залуу дугуйчин" клубээс байгаль орчинд ээлтэй унадаг дугуйг унадаг, сонирхдог бүхий л хүнийг “Эх дэлхийн цаг”-т нэгдэхийг уриалсан юм.
Үүний дагуу тус клубээс өчигдөр 18.30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйтай лаа асаах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд дугуйтай хүн тус бүр нэг ширхэг лаатай ирж оролцлоо.
“Эх дэлхийн цаг” хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүст зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг юм. Энэ нь хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байгаа аж. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой.