НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Цэвэр эрчим хүч Монгол Улсын хөгжил дэвшилд” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Эл хэлэлцүүлэг нь Тогтвортой хөгжлийн долоо дахь буюу “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх” зорилгын хэрэгжилтийг дэмжих хүрээнд энэ оноос эхлэн жил бүр тэмдэглэхээр болсон “Олон улсын цэвэр эрчим хүчний өдөр”-ийн хүрээнд зохион байгуулснаараа онцлог байв. Бодлого боловсруулагч, хөгжлийн түнш, иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл, хувийн хэвшлийн мэргэжилтнүүд оролцсон уг хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын цэвэр эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй сорилт, боломжит шийдлүүд, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтийг бүгдэд эрх, тэгш хүртээмжтэй байлгах нь яагаад чухал зэргийг ярилцсан юм. Эрчим хүчний эх үүсвэрийнхээ 90 гаруй хувийг нүүрснээс буюу ДЦС-аас үйлдвэрлэдэг манай улсад дээрх шилжилтийг хийх нь нэн чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавиад буй. 2020 оны байдлаар манай улсын нийт хүлэмжийн хийн 44.78 хувийг эрчим хүчний салбараас ялгаруулж байсныг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенцын тайланд дурдсан билээ. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Цэвэр эрчим хүчний шилжилтийн хэрэгцээ шаардлага нь эдийн засгийн сорилтуудаас илүү эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой” гэжээ.
Бэлтгэсэн Б.Сонор