-Төрөлт сүүлийн 15 жилийн доод түвшиндээ хүрлээ-
Манай улсад өнгөрсөн онд 65 586 хүүхэд мэндэлжээ. Энэ бол сүүлийн 15 жилийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт аж. 2023 оны эхний есөн сарын байдлаар манай улс 49 033 иргэнээ хүлээн авсан байна. Үүн дээр үлдсэн гурван сарын үзүүлэлтийг нэмлээ ч төдийлөн “амжилт” олохгүй бололтой. Учир нь Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр сард ойролцоогоор 5400 хүүхэд төрдөг гэнэ. Эл жишгээр тооцож үзвэл 2023 онд мэндэлсэн хүүхдийн тоо дөнгөж л 65000-д хүрч, төрөлтийн “шугам” дахиад л уруудах бололтой. Эдгээр тоон үзүүлэлт юу “өгүүлэв”, ямар шалтгаанаар төрөлт буурав, үүнд ямар хүчин зүйл нөлөөлөөд байгаа юм бол.
Төрөлт сүүлийн таван жилд буюу 2019 оноос хойш тогтмол буурчээ. Түүнээс өмнөх жилүүдэд бол өсөлт, бууралт ээлжилж ирсэн байдаг. Уг нь манай улсад нөхөн үржихүйн насны хүн амд огцом өөрчлөлт ажиглагдаагүй гэнэ. Гэвч холбогдох албаныхан нь үүний шалтгаан, нөхцөлийг бүрэн тодорхойлж чадаагүй л байна. Өөрөөр хэлбэл, төрсөн хүүхэд, амаржсан эхийн тоо яагаад буурсныг тодруулсан дорвитой судалгаа алга.
ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) болон холбогдох бусад байгууллагынхан хамтран 2030 он хүртэл төрөлт ямар түвшинд байхыг таамагласан тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалын дагуу цар тахлын өмнөхөн гаргажээ. Тэрхүү тооцооллоор бол манай улсад жилд 90 000-95 000 эх амаржина гэсэн дүн гарсан аж. Гэтэл тэдний төсөөлсөнд хүрэх нь битгий хэл, 30 орчим хувиар буурчихлаа.
Дээрх тооцоолол яагаад биелээгүй, үүнд ямар шалтгаан нөлөөлсөн талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн ерөнхий зөвлөх эмч Ш.Энхтөрөөс тодруулахад “Төрөлт буурсан гол шалтгааныг тогтоосон, нарийвчилсан судалгааны дүн манайд одоогоор алга. Харин таамаглалууд бий. Жишээ нь, цар тахал хүмүүсийг айдаст автуулсан. Түүний дараагийн буюу шилжилтийн үед ч айдас, болгоомжлол нь үргэлжлэх төлөвтэй байгаа. Уг нөхцөл байдал нь төрөлт буурахад нөлөөлөв үү гэж харж байна. Гэхдээ энэ бол зөвхөн таамаглал шүү. Ер нь төрөлт буурахад эх, хүүхдийн эрүүл мэнд гэхээсээ илүү гаднын хүчин зүйл чухал нөлөө үзүүлдэг. Нийгэм, эдийн засаг, боловсрол, хүрээлэн буй орчин, амьжиргааны нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлийг үүнд хамруулж болно” хэмээлээ.
“ОРЛОГЫГ НЬ ӨСГӨХГҮЙ БОЛ ТӨРӨЛТ НЭМЭГДЭХГҮЙ”
Төрөлтийн нийлбэр коэффицент буюу нэг эмэгтэйн амьдралынхаа турш төрүүлэх хүүхдийн тоог манай улс дундажлан тооцдог. Нэгэн жишээ дурдахад, 1990 онд буюу ардчилсан тогтолцоонд шилжих үед нэг эхийн төрүүлэх хүүхдийн тоо дөрвөөс илүү байсан аж. Харин 2005 онд нэг болж буурсан нь түүхэн доод түвшин гэнэ. Түүнээс хойш бага зэрэг өссөөр 2019 оны эцэст гурав болжээ. Харин сүүлийн таван жилд дахин буурснаар өнгөрсөн оны эцсийн байдлаар нэг монгол эмэгтэй дунджаар хоёр хүүхэд төрүүлж байна гэсэн дүнг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Эл тоо хоёроос уруудвал нөхөн үржихүйн эргэн нөхөгдөх түвшин хангагдсангүй гэж судлаачид үздэг аж. Өөрөөр хэлбэл, хүн амын өсөлт саарна гэсэн үг юм.
Төрөлтийг дэмжих арга хэмжээ авахгүй бол тоон үзүүлэлтүүд цаашид ч уруудахыг “Амгалан” амаржих газрын эмнэл зүй эрхэлсэн дэд захирал С.Ганболд онцоллоо. Тэрбээр “2015 онд 80 000 гаруй хүүхэд төрсөн. Гэтэл өнгөрсөн оны эцсийн байдлаар 65 000 гаруй болж буурлаа шүү дээ. Би 36 жил эх барих эмчээр ажиллаж байгаа. Энэ туршлагадаа үндэслэн төрөлт буурсныг үндсэн гурван шалтгаантай гэж хэлж болно. Нэгдүгээрт, нөхөн үржихүйн насны залуус боловсролдоо илүүтэй анхаарч байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд төрүүлэхийн оронд мэдлэг, боловсролоо дээшлүүлэх нь чухал гэж үзэж буй юм. Хоёрдугаарт, улс орны эдийн засаг хүнд байгаа. Таван хүүхэд төрүүлэх, эсвэл нэгийг төрүүлж өсгөхийн хооронд асар их ялгаа гарна биз дээ. Олон хүүхэд төрүүлэх хүсэл байвч өрхийн орлого, санхүүгийн байдал нь нэг хүүхэд өсгөхөд ч хүрэлцэхээргүй байна шүү дээ. Гуравдугаарт, нөхөн үржихүйн насны залуус гадаад руу явж, ажиллаж, амьдрах нь ихэслээ. БНСУ, Австрали, Япон руу залуус явсаар байгааг бид өдөр бүр л харж байна. 40-50, түүнээс дээш насныхан төдийлөн явахгүй, дандаа залуус л эх орноо орхиод байгаа биз дээ. Ийм байдлыг өөрчилж, залуусаа дэмжин, тогтвортой, өндөр цалинтай ажлын байр олноор бий болгохгүй бол төрөлт нэмэгдэхгүй, цаашид улам л буурна гэж таамаглаж байна” гэсэн юм.
“БИ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХГҮЙ”
Манай улсын хүн ам 2033 онд дөрөв, 2048 онд таван саяд хүрэх тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Хэрэв төрөлт ийм маягаар буурсаар байвал дээрх “зорилт”-д хүрэхгүй. Үүнээс сэргийлэхийн тулд төрөлтийг дэмжих ямар боломжуудыг эрх баригчид бий болгох шаардлагатай талаар АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Мөнхцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Төрөлт буурсан нь зөвхөн анагаах ухааны бус, нийгмийн томоохон асуудал юм. Би залуучууд, оюутнуудтай голчлон ажилладаг. Тэдний яриа, хандлага, ирээдүйн зорилго зэргээс ажиглахад ерөөсөө нийгмийн нөхцөл байдал үүнд нөлөөлж байна. “Та нар хүүхэд төрүүлэхгүй юм уу” гэж оюутнуудаасаа асуухаар “Үгүй” л гэдэг. Үнэхээр ч тийм. Амьдрах орчин нөхцөл, цалин, орлого сайн улс оронд л төрөлт нэмэгддэг. Товчхондоо, амьдрал ахуй нь сайн, хангалттай хэмжээний орлоготой байж л хүүхэд төрүүлнэ шүү дээ. Гэтэл манайд одоо ямар байгаа билээ. Оюутнууд сургуулиа хурдхан төгсөөд гадаадад ажиллаж, амьдрахыг хүсэж байгаа юм. Тэгэхээр манай улсад өдгөө хэн хүүхэд төрүүлээд байна вэ гээд харахаар ихэвчлэн 35-аас дээш насныхан байдаг. Амьдрал нь харьцангуй тогтворжиж, хүүхэд төрүүлэх боломж бүрдлээ гэж үзсэн үеийнхэн гэсэн үг шүү дээ. Бараг 40-өөс дээш насныхан ч гэж тодорхойлж болохоор байна. Эдгээрт тулгуурлан дүгнэхэд, цаашид төрөлтийг нэмэгдүүлье, хүн амаа өсгөе гэвэл манай улс залуучуудаа дэмжиж, тэдний цалин, орлогыг нь стой. Эс тэгвэл төрөлт улам л буурна” хэмээлээ.
ОДОНГООС ӨӨР ДЭМЖЛЭГ АЛГА
“Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд ядуусын эгнээнд шилждэг гэхэд буруудахгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тус бүр нэг удаа авдаг. Үүнийг жирэмсний амралт авахаас өмнөх үеийн цалингийн дунджаар тооцон олгодог юм билээ. Энэхүү хоёр төрлийн тэтгэмжийн мөнгөөр амаржихдаа бэлтгэх, хүүхэд төрсний дараа шаардлагатай өлгий, хувцас, сүү гэх мэтийг аваад л дуусна. Түүнээс хойш хүүхдээ гурван нас хүртэл нь “Цалинтай ээж” гэх 50 000 төгрөг ар бүр авдаг. Бас хүүхдийн мөнгө гэж 100 000 төгрөгийг сар бүр төрөөс олгож байна. Ингээд тооцохоор сард 150 000 төгрөгийн орлоготой гэсэн үг. Ийм мөнгөөр өнөө үед яаж сарын хугацаанд амьдрах вэ. Долоо хоногт ч хүрэлцэхгүй шүү дээ. Тиймээс хүүхэдтэй болохын тулд урьдчилан мөнгө хуримтлуулах шаардлага тулгарч байгаа юм” гэж амаржсаны амралтаа аваад нэг жил болж буй ээж ярилаа.
Монголд хүүхэд төрүүлж, өсгөж буй хүн бүхэнд л тулгардаг зовлон нь ийм. Цаашлаад хүүхэд жаахан томорлоо гэхэд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ тааруу. Улсын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдүүд нэг ангид 30-40-өөрөө чихцэлдэн суух нь ч бий. Тийм учраас ээж, аавууд хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд хувийн цэцэрлэг, сургуульд оруулахыг хичээнэ. Гэтэл тэдгээрийн төлбөрийг олонх эцэг, эх, асран хамгаалагч төлөх боломжгүй байна. Түүнчлэн амьдрах аюулгүй орчин нөхцөл хангагдаагүй, өвөл нь агаарын, зун нь хөрсний бохирдол ихтэй гээд монгол хүн эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа эхлээд л түмэн зовлон, саадтай “нүүр тулж” байна. Уг нь “Монголын үрс маш олон болтугай” гэж манайхан ярих дуртай. Төрийн тэргүүнүүд ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах бүрдээ л энэ үгийг эш татдаг. Тэгсэн хэрнээ хүн амаа өсгөхөд шаардлагатай орчин нөхцөлийг бодлогоор бүрдүүлж чаддаггүй. “Эхийн алдар” одонгоос өөр дэмжлэггүй учраас төрөлт ойрын хугацаанд лав нэмэгдэхгүйг тоон үзүүлэлтүүд “сануулж” байна. Одонгийн төлөө хүүхэд гаргах хүн одоо байхгүй гэдгийг хэзээ ойлгох вэ.
Бэлтгэсэн: М.Оч