2023.06.16 Жуулчлалын компанийн автобус Эмээлт орчимд осолдсоноос дотор нь сууж явсан Непал улсын 26 иргэн хүнд , хөнгөн гэмтэж , түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэгдэв .
2023.07.01 Төв аймагт жуулчин тээвэрлэж явсан “Фургон” маркийн автомашин осолдож, гадаадын дөрвөн иргэн гэмтсэнийг ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
2023.07.11 Сингапур улсаас ирсэн зургаан жуулчныг суулгаж явсан “Фургон” машин Дундговь аймгийн Хулд сумын нутагт онхолдсоноос болж хоёр зорчигч хүнд гэмтэв.
2023.08.08 Франц улсын хоёр эмэгтэй жуулчин аяллын хөтөчдөө хүчирхийлүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргав. Тэд морин аялал зохион байгуулагч монгол залуу өөрсдийг нь мансууруулж байгаад хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлэг өгчээ. Өдгөө уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
2023.08.23 Хөвсгөл аймгийн Цагааннуур сумд хөтөч, жолоочийн хамт аялж байсан БНСУ-ын хоёр иргэн усанд осолдож, амиа алдав.
Ойрхон хугацаанд шил шилээ даран гарсан эдгээр осол, хэрэг аялал зохион байгуулагч компаниудад илүү хариуцлагатай, сонор сэрэмжтэй байх сэрэмжлүүлэг, дохиог өгч байна. Манай улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх олон арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд нүүдэлчдийн өлгий нутгийг зорих гадаад иргэдийн цуваа уртассан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр энэ их өсөлт, урсгалыг дагаад осол цөөнгүй гарах болов. Зам, тээврийн болон усны осол гээд манай улсын хүн амын нас баралт, гэмтлийн тэргүүлэх шалтгаан болсон хүчин зүйлс жуулчдын амь, эрүүл мэндэд аюул эрсдэл учруулж эхэллээ. Аялахаар, сайхан дурсамж бүтээхээр ирээд хүний нутагт золгүй байдлаар амиа алдана гэдэг юутай харамсалтай.
Олонд мэдээлэл нь ил болсон эдгээр хэргээс харахад гадаадын иргэд бүгд л аяллын ямар нэг компаниар үйлчлүүлсэн, автобус, “Фургон” зэрэг жуулчин тээвэрлэдэг машинаар зорчиж байсан, тэр ч бүү хэл, жолооч, хөтөчтэй явсан гэдэг нь илэрхий байна. Уг нь жуулчид осол, эрсдэлээс сэргийлэхийн тулд л тур оператор, аяллын агентлагаар үйлчлүүлж, мэргэжлийн хөтөч, тайлбарлагч, жолооч хөлсөлдөг юм. Гэтэл ингэж итгэл хүлээлгэж сонгосон хүмүүс нь хариуцлагагүй хандлага, хайнга зангаараа тэднийг хохироох болов.
Жуулчин тээвэрлэдэг жолооч нартай холбоотой гомдол, шүүмжлэл энэ салбарт тасардаггүй. Хөдөө хээр очихоороо жуулчидтайгаа өрсөж найрладаг, хурд хэтрүүлж давхидаг, бохир заваан байдлаараа ялгардаг, харилцааны наад захын соёлгүй, үйлчлүүлэгчийнхээ эд зүйлийг хулгайлдаг гээд элдэв яриа байнга сонсогддог.
Яг ийм тохиолдолд “Улсын маань нэр хүнд уналаа”, “Монголчуудын нэрийг муугаар гаргалаа” хэмээн нэгнийгээ өрөвдөн хаацайлж, явцуу эрх ашиг ярихын оронд зөрчил дутагдал дахиж гаргахгүй байх тал дээр илүү анхаарах ёстой юм. Даан ч монголчууд хариуцлага, хандлагын асуудлаа хойш тавиад хаацайлах, хамгаалах аалиа түрүүнд тавьдаг нийтлэг дутагдалтай.
Энэ болгоныг тоолгүй өнгөрөөж, наргиан наадам болгон өөгшүүлсний горыг өнгөрсөн зун цөөнгүй жуулчин амслаа. Мөн аялахаар ирсэн эмэгтэй жуулчдыг шоглодог, хүчирхийлдэг явдал ч цөөнгүй гардаг. Одоогоос тав орчим жилийн өмнө манай улсад аялсан нэгэн франц эмэгтэй хөдөөгийн эрчүүдийн зэрлэг бүдүүлгийг гайхаж, нэг бус удаа хүчирхийлэлд өртсөн талаараа хэвлэлд ярилцлага өгсөн байв. Бид тухайн үед мөн л тоогоогүй өнгөрөөсөн. Гэтэл энэ байдал даамжирсаар эцэстээ хөтөч нь үйлчлүүлэгчээ хүчирхийлэх хэмжээнд хүрлээ. Халаасны хулгайчид ч жуулчдыг “хашраагаад” удаж байна. Аялагч олшрохын хэрээр энэ төрлийн хэрэг ч сүүлийн үед ихсэв. Онгоцны буудлаас эхлээд томоохон зочид буудал, үйлчилгээний газар гээд аль хүн олон, хөдөлгөөн ихтэй газруудад халаасны хулгайчид эргэлдэх боллоо. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хүртэл хулгайчид үүрлэснийг аялал жуулчлалын салбарынхан нэгэндээ сэрэмжлүүлэг болгон хэлнэ лээ. Ямар аргатайдаа л “Гол маршрутад багтдаг газрууддаа цагдаагийнхныг эргүүлд гаргая” гэж санал хэлэх вэ дээ. Ерөөс манай улсын бизнес эрхлэгчид жуулчныхаа аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэхээсээ илүү яаж хэдэн төгрөг салгах вэ гэдгээ л урьтал болгодог гэлтэй. Нэгэн мэргэжилтний “Монгол орон бол жуулчдын хувьд тэр чигтээ эксрим аяллын талбар” гэж хэлсэн нь энэ үед эрхгүй санаанд оров. Нээрэн л бид жуулчдадаа экстрим гэсэн болгоныг харамгүй үзүүлсээр байна.
Жуулчдын хувьд хамгийн чухал зүйл бол тав тух, аюулгүй байдал. Үүнийг хангаж чадаагүй бол аялагчид Монголыг эрсдэлтэй гэж үзэн дөлнө. Алдартай, олны танил хүмүүсийг урин авчирч, маркетинг, сурталчилгаа хийгээд ч нэмэргүй. Долдугаар сард манай улсад ирсэн БНСУ-ын алдартнуудын “нааш хөтөлсөн” жуулчдын хэд нь саяхан болсон ослоос үүдэн төлөвлөгөөгөө өөрчилснийг тооцоолох аргагүй. Жуулчдын хувьд аяллын төлөвлөгөө, маршрутаа гаргахад хамгийн чухал хөтөч болдог зүйл нь бусдын сэтгэгдэл. Тиймээс ч “Нэг жуулчныг дахин ирүүлэх биш, түүнд эерэг сэтгэгдэл төрүүлэх замаар ойр дотнынх нь хүмүүсийг татах нь чухал” гэдэг. Техник, технологи үсрэнгүй хөгжсөн өнөө үед жуулчид цахим сүлжээгээр дамжуулан ихэнх мэдээллээ авч буй. Аялагчид хохирсон, осолдсон тухай бараан мэдээ нийгмийн сүлжээгээр дамжин олон улсад хөвдний түймэр шиг л хурдтай тархдаг. Тэр болгон жуулчдын сонголт, шийдвэрээ гаргахад нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тиймээс бид хаана, хаанаа хариуцлагатай байх шаардлага тулгарлаа.
Шинэчлэн найруулж баталсан Аялал жуулчлалын тухай хуульд жуулчны аюулгүй байдалтай холбоотой тусгай бүлэг бий. Үүнд “Монгол Улсын нутаг дэвсгэрт жуулчны аюулгүй байдлыг цагдаагийн болон аялал жуулчлалын байгууллага хангана”, “Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жуулчинд учирч болзошгүй аюул, халдварт өвчин, тахал болон зорчиход аюултай газар, байршлын жагсаалтыг гарган аялал жуулчлалын байгууллага, жуулчинд мэдээлэх бөгөөд өөрийн цахим хуудсанд тухай бүр байршуулах үүрэгтэй”, “Жуулчин аяллын явцад эрсдэлт нөхцөлд орсон, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, албадлагын арга хэмжээ авхуулсан тохиолдолд аялал жуулчлалын байгууллага тухайн хэрэг, зөрчлийг боломжит, богино хугацаанд шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллана” гэсэн чухал заалтыг тусгасан ч бодит амьдралд хэрэгжилт нь туйлын хангалтгүй байна. Цагдаагийн болон аялал жуулчлалын байгууллага гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаагаас л энэ зун ийм олон хүн хохирлоо. БОАЖЯ, аяллын компаниуд болзошгүй эрсдэлээс сэргийлэх мэдээ, мэдээллийг хангалттай түгээж чадаагүйгээс л жуулчид усанд осолдож, хүчирхийлэлд өртөв. Яг ийм тохиолдолд “Улсын маань нэр хүнд уналаа”, “Монголчуудын нэрийг муугаар гаргалаа” хэмээн нэгнийгээ өрөвдөн хаацайлж, явцуу эрх ашиг ярихын оронд зөрчил дутагдал дахиж гаргахгүй байх тал дээр илүү анхаарах ёстой юм. Даанч монголчууд хариуцлага, хандлагын асуудлаа хойш тавиад хаацайлах, хамгаалах аалиа түрүүнд тавьдаг нийтлэг дутагдалтай.
Шинэ хууль дахь гэрээ болон жуулчны аюулгүй байдалтай холбоотой заалтыг яг таг мөрдөж, хэрэгжилтийг нь сайжруулбал гадаадын иргэд зөрчил, гэмт хэрэгт холбогдох, хохирох явдал буурна гэдгийг салбарын хүмүүс хэлж байна. Гагцхүү хуулиа хэрэгжүүлэх нь чухал аж. Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож хөгжүүлэх амбицтай, ирэх жилүүдэд түүхэнд байгаагүй олон тооны аялагч хүлээж авах том зорилт дэвшүүлсний хувьд бид жуулчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, эрсдэлт нөхцөлд оруулахгүй байх чиглэлд анхаарах нь эн тэргүүний шаардлага болоод байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл