УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН, Ш.РАДНААСЭД нарын дэмжлэгээр Говь-Алтай аймгийн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 10 сумдад 350 тонн (сум тус бүрт 35 тонн) малын тэжээл хүргэх тусламжийн цуваа өнөөдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу хөдөллөө.
Өнгөрсөн зун хур бороо бага байсны улмаас газрын чийгшил буурч, ургамлын гарц муугаас үүдэн өвөлжилт, цаашлаад хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Зарим сумдын нутагт 2020 оны зун газрын өнгө засах хэмжээний л өвс, ургамлын гарцтай байсан. Тус аймгийн газар нутгийн 22 гаруй хувьд өвөлжилт, хаваржилт боломжтой, 78 орчим хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ байхгүй болсноос отор нүүдэл хийж өөр сум, аймгийн нутагт нүүдэллэн явж байна.
Засгийн газрын шийдвэрээр 2 удаагийн цуваа болон Дэлхийн банкны тусламжаар малын өвс, тэжээлийн тусламж Говь-Алтай аймагт хүрсэн бөгөөд Орон нутгийн удирдлага болон малчдаас өвс тэжээлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар санал хүсэлт ирүүлсэний дагуу сонгогдсон УИХ-ын гишүүд асуудлыг холбогдох газарт уламжилж, шийдвэрлээд байна.
Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нар болон холбогдох бусад албаныхан цувааг хөдөлгөлөө. Тусламжийн цувааг аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө ах ахуйн газраас сумд руу хуваарилан малчдад хүргэх юм.