Хүн төрөлхтөн эрт дээр үеэс өөр хоорондоо захидлаар харилцах, шийдвэр даалгаврыг цаасан хэлбэрээр дамжуулах зэрэг нь зайн сургалтын анхны эхлэл; 1890-1920 оны үеийн радио ашигласан сургалтын хэлбэр нь е-сургалтын ууган хувилбарууд байжээ хэмээн өнөөдрийн үйл явцыг өнгөрсөнд дүйцүүлэн үзэж байна. Е-сургалт ба цахим сургалтын эхлэлүүд 2000 оноос тавигдаж, онлайн оролцоо, нээлттэй сургалтын боломжууд нэмэгдэж эхэлснээрМООС үүсэх гарцнь нээгджээ.
МООС сургалтын хэлбэр нь “нээлттэй боловсролын арга” –аас (OER) үүсэлтэй бөгөөд түүний анхны загварыг MIT-ийн “нээлттэй сургалтын боломж” төслийн үр дүнгээс үүдэлтэй гэж үздэг байна. Канадын Принс Эдвард Айланд мужийн их сургуулийн профессор Дайв Кормер МООС хэмээх анхны нэр, хэллэгийг 2008 онд гаргаж, ийм хэлбэрийн сургалтыг тус улсын Алберта мужийн Афабаскагийн их сургуулийн судлаач, доктор Жорж Сэйминс, Үндэстний судалгааны төвийн философич Стефен Даунес нар анх удаа зохион байгуулжээ.
МООСs сургалтын хэлбэрүүд 2011 оноос Хойд Америкийн их сургуулиудад хөгжих хандлагууд эрчимтэй явагдаж, Мери Вашингтоны их сургуулийн Жим Грүүм, Нью Иоркийн их сургуулийн Мехайл Брансон нар хэд хэдэн их сургуулиудад эхлүүлсэн байна. Станфортын их сургууль 2011 оны намар МООС- ийг гурван чиглэлд туршихад “Хиймэл оюун ухааны танилцуулга” сургалтын элсэлтэд 190 орны 160 мянга гаруй оюутан хамрагдсан нь МООС сургалтын хэлбэр нь үнэхээр л хил хязгааргүй, нээлттэй, онлайн орчинд олныг хамруулж болохыг таниулж, дэлхийн алдартай их сургуулиуд даруй нэвтрүүлэхийг чухалчилж эхэлжээ. Америкийн Нью-Йорк Таймс сонины газраас шилдэг их сургуулиуд болон шинээр үүсч санхүү нь бэхжсэн Coursera, edX, Udacity, Udemy, P2PU зэрэг онлайн сургалтын платформуудыг түшиглэн 2012 оныг “МООС-ийн жил” болгон зарлаж байжээ.
Онлайн сургалтын анхны “Coursera” платформыг Станфортын их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны профессор Эндрүү Нг ба Дафин Колер нар өөрсдийн эхлүүлсэн МООС сургалтаа өргөжүүлэн, дэлхийд тэргүүлэгч Лондонгийн Эзэн хааны коллеж, Эйлийн ба Женевийн их сургуулиудын мэргэжлийн сертификат, боловсролын зэрэг олгодог жишигт нийцсэн дээд боловсролын онлайн сургалтын орон зай, платформ бий болгох зорилгоор 2012 онд байгуулжээ. Тус байгууллагын анхны хамтрагч нь Принсетоны, Мичагиний, Пенсильваний их сургуулиуд байсан бөгөөд өнөөдөр 150 их сургуулиудтай хоршиж, дэлхий даяараас элссэн 40 сая гаруй суралцагсдад 4400 шахам цахим сургалт, хичээлүүдийг ганцаарчилсан, тусгай мэргэжлийн, мэргэжлийн сертификатын, мастерийн сертификатын, зэргийн (бакалавр, магистр) гэсэн таван төрлөөр МООСs явуулдаг энэ чиглэлийн манлайлагч болжээ. Coursera нь их сургуулиуд төдийгүй салбартаа тэргүүлэгч бусад байгууллагуудтай хамтарч инженер, мэдээллийн шинжлэх ухаан, машин механизм судлал, математик, бизнес, компьютерийн шинжлэх ухаан, дижитал маркетинг, хүмүүнлэгийн ухаан, анагаах ухаан, биологи, нийгмийн шинжлэх ухаан зэрэг олон чиглэлээр МООСs –ийн үйлчилгээ үзүүлж гэрчилгээ олгож байна.
MIT ба Харвардын их сургуулиуд хамтарч 2012 онд MOOC чиглэлд сургалт-боловсролын ашгийн бус, нээлттэй нөөц материал бүхий дэлхийд чанараар тэргүүлэгч платформ бий болгох зорилгоор “еdX” –ийг байгуулжээ. Өнөөдөр еdX нь дэлхийн тэргүүлэгч их сургуулиуд болон IBM, Microsoft зэрэг шилдэг компаниудтай хоршиж 2800 гаруй цахим сургалт, хичээлүүд; 57 сая гаруй элсэгчтэй, дэлхийн олон орныг төлөөлсөн 25 сая гаруй идэвхтэй суралцагчтай онлайн сургалтын манлайлагч төв болжээ.
Coursera нь бизнес ба компьютерийн шинжлэх ухаан зэрэг мэргэжлийн чиглэлд түлхүү чиглэгддэг бол edX нь хүмүүнлэг ба байгалийн ухааны цахим сургалтуудыг голлодог зэргээрээ өөр хоорондоо ялгаатай аж. Coursera- платформын сургалтын дээрх төрлүүдээс хамаарч элссэн дамжаагаа бүрэн дүүргэж гэрчилгээ авахад 30-90 ам долларын төлбөр шаардлагатай, edX нь ашгийн бус статустай хэдий ч гэрчилгээ олгоход бага хэмжээний зохих төлбөр шаардана.
МООС (Massive Open Online Course) сургалт нь хөгжлийнхөө явцад олон талт ойлголтуудыг агуулж байсан тул философич Стефен Даунес cМOOCs ба хМООСs гэсэн хоёр өөр хувилбарт ялган зааглахыг санал болгожээ. Тэрээр cМOOCs (connectivity) сургалт нь хМООСs –ийг бодвол илүү “бүтээлч ба динамик” шинжтэй гэж үзээд, хМООСs сургалтыг “телевизороор мэдээллэх, цахим ном ба текст ашиглах”-тай адилтгаж болно хэмээн тайлбарласан байна.
cМOOCs-ыг үндсэндээ “онолд суурилсан сургалтын арга” –д үндэслэгддэг, суралцагчдыг өөр хоорондоо харилцах, бусдынхаа асуултанд хариулах, төсөл хөтөлбөрийг хамтарч гүйцэтгэхэд чиглүүлж; багаар хамтарч шинийг бүтээх, МООС-ыг хамтдаа хөгжүүлэх, сайжруулах боломжуудыг бүрдүүлдэг хэмээн үзэж байна. Лондон хотын их сургуулийн Эндрю Рейвинскрофт - коннектив МOOCs сургалт нь хамтын ярилцлага ба мэдээлэл солилцох талыг түлхүү дэмждэг гэжээ.
хМООСs-ыг уламжлалт сургалтанд илүү суурилдаг, тухайн сэдвийн хүрээнд сонсгосон лекц ба өөрийгөө шалгах тестээр тодорхой мэдлэгийг олгохыг зорьдог, багш бол мэдлэг олгогч, оюутнуудын асуулт хариултын харилцаа хязгаарлагдмал, онцгой ойлгомжгүй зүйл дээр л өөр хоорондоо зөвлөлдөх боломж олгогддог гэжээ. Зарим сургалтууд нь шаардагдах төлбөрийн хүрээнд дүнжүүлэх материал тарааж, сертификат олгодог байна.
МООС сургалтын хувилбар нь ижил цаг хугацаанд маш олон хүмүүст нээлттэйгээр цахим хичээлийг толилуулахад зориулагдсан бол СООС (Corporate Open Online Course) сургалтын хэлбэр нь компаниудын брендийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тэдний ажиллах хүчний гоо зүй болон төлөвшлийг сайжруулах, залуусынх нь хөгжих цаг хугацааг хөнгөвчлөх, засаглалыг нь сайжруулах зэрэгт чиглэгдэж; SPOT (Small Private Open Course) сургалтын төрөл нь хувь хүн буюу жижиг бүлгээр хичээллэх хүмүүст захиалгаар үйлчилдэг байна.
Манай орны топ гэгдэх МУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ҮБИС, СЭЗИС, ХААИС-ийн веб хуудсанд шинээр элсэгчид болон суралцагчдад цахим сургалт, хичээлийн (MOOC, COOC, SPOT) талаар ямар мэдээлэл оруулсныг сонирхож үзэн тэдний оруулсан материалуудаас иш татав.
АШУҮИС нь “Цахим сургалтын төвийг Мультимедиа студийн хамт 2015 онд байгуулж, Цахим сургалтын системийг бүрдүүлснээр 27000 гаруй хэрэглэгчтэй, 460 гаруй багц хичээлийн 2200 орчим модултай, 47000 сорилын сантайгаар ажиллан, ард иргэд, суралцагч болон багш нарт зориулсан цахим хэлбэрээр сургалт явуулах, компьютерт суурилсан сорилын шалгалт авах, суралцагч нарт зориулсан цахим шууданг нээх зэргээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан зайн сургалт зохион байгуулах, ард иргэдэд цахим технологи ашиглан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээллийг хүргэхээр үйл ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээллийг оруулжээ. Тус сургуулийн энэхүү мэдээллээс үзвэл МООС гэсэн хэллэгийг хэрэглээгүй болохоос нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлүүдийг эх орондоо анх удаа санаачлан бэлтгэж, дэлхийн жишигт нийцүүлж буй нь бахархалтай байна.
ШУТИС нь “Нээлттэй боловсролын төв”-ийг 2019 онд байгуулж, төслийн санхүүжилтийн хүрээнд Монгол хэл дээрх анхны нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлийг (MOOC) боловсруулсан тухай веб сайтдаа байршуулсан нь энэ чиглэлээр эх орондоо манлайлагч болж буйд талархаж байна. Мөн тус төвөөс багш, оюутнууддаа хандаж “Та бүхэнд дэлхийд тэргүүлэгч MOOC платформуудын нэг болох COURSERA дээр байрлуулсан дэлхийн тэргүүлэгч их, дээд сургуулийн 4338 цахим курс, хичээлүүдийг англи хэл дээр судалж өөрийгөө хөгжүүлэх, боловсрол, мэргэжлээ дээшлүүлэх, хэрэв амжилттай дүүргэсэн тохиолдолд үнэ төлбөргүй гэрчилгээ-сертификатыг нь авах боломжийг ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвөөс олгож байна” гэсэн мэдээлэл оруулжээ.
СЭЗИС нь “Тасралтгүй Боловсролын Төв”-ийг байгуулж, Ногоон сургалтын орчинг ухаалаг цахим хэлбэртэй уялдуулан тасралтгүй боловсролын системд нэвтрүүлэх зорилготойгоор хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэж веб хуудсандаа тусгажээ.
ХААИС нь“Багшийн хөгжил төв”-ийг байгуулж, веб хуудсныхаа ЦАХИМ СУРГАЛТ хэсэгт “Бакалаврын элсэлтийн шаардлага хангасан оюутныг цахим сургалтад бүртгэнэ. Цахим буюу зайн сургалт нь дижитал технологид суурилан зайн хэлбэрээр явагдана. Цахим сургалтын үйл ажиллагаа нь “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”-аар зохицуулагдана” хэмээх мэдээллийг оруулжээ. Тус сургуулийн Мэдээллийн технологийн багш нар Google Classroom –г сургалтын үйлчилгээнд хэрхэн ашиглах талаар бусдадаа 3 жилийн өмнөөс сургалт явуулж эхэлсэн нь нийтээрээ цахим сургалтад гэнэт шилжсэн хүндрэлтэй энэхүү нөхцөлд багш нар нь зохих бэлтгэлтэй байгаа нь талархах үйлсийн нэг юм.