Монгол улсад анх удаа судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, санал авах хэлэлцүүлэг өрнөж байна. Хөдөө аж ахуйн их сургууль нь сүүлийн жилүүдэд Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох зорилт дэвшүүлж “ХААИС: Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль” хөтөлбөрийг анх санаачлан боловсруулж ажилласан. Тус их сургуулийн онцлог нь харьяандаа үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнг багтаасан байдаг ба энэ нь дээд боловсрол, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхэд чухал түлхэц болдог юм. Тиймээс тус их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулгатай судалгааны их сургуулийн олон улсын жишиг, хандлага болон энэ хууль хэрэгжсэнээр ямар эерэг үр дүн авчрах боломжтой талаар ярилцлаа.
-Судалгааны их сургууль гэдэг нэр томьёо хэдийнээс үүссэн. Олон улсад хэрхэн хөгжиж ирсэн түүхээс яриагаа эхэлье?
-Их сургуулийг түүний дотор судалгааны их сургуулийг тодорхойлох нэг чухал хэмжүүр буюу илэрхийлэл бол бие даасан байдал, академик эрх чөлөө юм. Дэлхийн олон оронд их сургууль нь тухайн улс орон, бүс нутаг түүнчлэн дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн дэвшилд чухал хувь нэмэр оруулдаг, түүчээлэгч институц болон хөгжиж ирсэн түүхтэй.
Их сургууль нь аливаа улс орны хөгжилд чухал шаардлагатай, өндөр мэдлэг ур чадвартай дээд боловсролтой мэргэжилтэнг бакалаврын болон ахисан түвшинд бэлтгэхээс гадна, хөгжлийн тулгуур асуудал, стратегийн зорилтуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, шинжлэх ухаан, технологи, шинэ мэдлэгийг бүтээгч тул улс орнууд их сургуулийн хөгжилд онцгой ач холбогдол өгч ирсэн байдаг.
Мөн орчин үед их сургууль нь судалгааны ажлын үр нөлөөг дээшлүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацыг түүчээлэх, мэдлэгийг баялаг болгох, технологи дамжуулах, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зэрэг асуудалд илүү ач холбогдол өгч судалгааны их сургууль (research university), энтрепрениур их сургууль (entrepreneur university) зэрэг чиглэлээр төрөлжин хөгжиж байна.
XIX зуун, XX зууны эхэн үе хүртэл Европын их сургуулиуд нь дэлхийн дээд боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх байр суурийг тогтоож байсан бөгөөд орчин үеийн дэлхийн тэргүүлэх судалгааны их сургууль болох АНУ-ын Харвард, Иель болон Корнель зэрэг их сургуулиудад сайн жишиг болсон байдаг.
Дэлхийн нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг хандлага нь үйлдвэрлэл, нөөцөд тулгуурласан эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжих шаардлага хэрэгцээтэй уялдан шинжлэх ухаан, шинэ мэдлэг болон ур чадвартай мэргэжилтний хэрэгцээ урьд урьдынхаас илүү болсон. Үүнтэй уялдан их сургуулиудад шинэ сорил тулгарсан бөгөөд үүнийг амжилттай туулан гарах үүднээс их сургуулиуд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд илүү өндөр ач холбогдол өгөх шаардлага үүссэн. Ийнхүү их сургуулиудад шинэ мэдлэг бүтээх, өөрсдийн бий болгосон оюуны өмчийг хамгаалах, баталгаажуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэх болсон нь судалгааны их сургуулиудыг төлөвшихөд чухал үр нөлөөтэй болсон.
Сүүлийн жилүүдэд Азийн орнууд түүний дотор Япон, БНСУ, БНХАУ зэрэг орнууд судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд онцгой анхаарч маш богино хугацаанд сайн үр дүнд хүрсэн жишээ олон байдаг.
-Судалгааны их сургууль болох гол шалгуур үзүүлэлт нь юу байдаг вэ. Энэ болзол шалгуурыг хангах сургууль манай улсад бий юу?
Судлаач Салми, 2009 онд хэвлүүлсэн “Дэлхийн төвшний их сургуулиудыг хөгжүүлэх нь” бүтээлдээ судалгааны их сургуулийн үндсэн суурь нь нэгдүгээрт; удирдлагын бие даасан байдал, сайн засаглал, манлайлал, оновчтой менежмент, хоёрдугаарт; гоц авьяастнуудын төвлөрөл буюу шилдэг судлаач, профессор багш, оюутныг татсан байдал, гуравдугаарт; санхүүгийн олон эх үүсвэр, санхүүгийн чадавх, сургалт, судалгааны таатай орчин юм гэж тодорхойлсон байдаг.
Монгол Улсын хувьд томоохон их сургуулиудад өнөөдөр төвлөрсөн оюуны нөөцийг оновчтой ашиглах, их сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны чадавхийг хөгжүүлэх, чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх, профессор багш, судлаачдын шинэ мэдлэг бүтээх үйл ажиллагааг дэмжих замаар мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах үүднээс судалгааны их сургуулиудыг хөгжүүлэх, төлөвшүүлэх зайлшгүй хэрэгцээтэй уялдуулан уг хуулийн төслийг боловсруулсан гэж ойлгож, цөөнгүй тооны их сургууль талархалтайгаар хүлээн авч байна.
Хэдийгээр өнөөдөр уг хуулийн төсөлд заасан шалгуур үзүүлэлтүүдийг Монгол Улсын их сургуулиуд хараахан хангаж чадахгүй байгаа ч Засгийн газраас хэрэгжүүлсэн “Дээд боловсролын шинэчлэл”-ийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд төрийн өмчийн ууган их сургуулиуд сургалт давамгайлсан их сургуулиас эрдэм шинжилгээ, судалгааны ажилд илүү ач холбогдол өгч, зохих үр дүнд хүрч байна. Ялангуяа Монгол улсын ууган их сургуулиудын хувьд уг хуулийн төсөлд заасан шалгуур үзүүлэлтийг ойрын үед хангах бүрэн боломж бий. Уг хууль их сургуулиудын хөгжлийн хүрэх түвшин, ирээдүйн чиг хандлагыг тогтооно хэмээн харж байна.
Тухайлбал, ХААИС-ийн хувьд сүүлийн жилүүдэд сургалт давамгайлсан их сургуулиас судалгаа, инновацыг хөгжүүлсэн их сургууль болон хөгжих стратегийн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Уг зорилгыг хэрэгжүүлэх үүднээс хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд сүүлийн 5 жилийн дотор, эрдмийн зэрэг /PhD/-тэй профессор багш нарын нийт багшид эзлэх жин 20 гаруй хувиар нэмэгдэж, 51.3 хувьд хүрсэн. Мөн судалгааны орчныг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 30 гаруй судалгааны лабораторийг шинээр байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар манай сургуулийн профессор багш нарын хэрэгжүүлж буй дотоодын судалгааны төслийн тоо 2016 онтой харьцуулахад 11 дахин, гадаадын болон олон улсын байгууллагын санхүүжилттэй судалгааны төслийн тоо 28 дахин нэмэгдэж, нийт судалгааны төслийн санхүүжилтийн хэмжээ хэдэн арван тэрбум болсон нь чамлахааргүй үзүүлэлт юм. Нийт судалгааны төслийн санхүүжилт тус их сургуулийн санхүүгийн үндсэн эх үүсвэр болсон сургалтын төлбөрийн орлогоос давсан болно.
Ийнхүү бидний боловсруулж, хэрэгжүүлж ажилласан “ХААИС: Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль” хөтөлбөр маань өргөжиж, 2018 онд Монгол Улсын Засгийн газрын “Судалгаанд суурилсан их сургууль” үндэсний хөтөлбөр болон батлагдаж байсан бол өнөөдөр уг хөтөлбөр маань Монгол Улсын хууль болохоор хэлэлцэгдэж байгаа нь олзуурхууштай.
Судалгааны их сургуулийн хууль батлагдсанаар Монгол улс үндэсний их сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр нөлөөг дэлхийн тэргүүлэх их сургуулиудын түвшинд хүргэж, тэдний жишгээр их сургуулиуд нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, хөгжлийн түлхүүр болох боломж бүрдэх юм.
Судалгааны их сургуулийн бас нэгэн чухал шалгуур үзүүлэлт бол мэдээж ахисан төвшний сургалт, судалгааны хамрах хүрээ, үр дүн байдаг. Энэ утгаараа судалгааны их сургууль мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйл болох чадварлаг, өндөр ур чадвартай залуу судлаачдыг бэлтгэх асуудал юм. Манай сургуулийн хувьд уг асуудалд онцгой ач холбогдол өгч ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар тус их сургуульд суралцагсадын 40 гаруй хувь нь ахисан төвшний суралцагсад байна. Ингэснээр судалгааны их сургуулийн төвшинд хүрэхэд нэг алхам ойртож буй юм. Мөн Профессор багш, судлаачдын нийтлүүлж буй бүтээлийн тоо, чанарт ч ахиц гарч байна.
-Та хуулийн төсөлтэй танилцсан байх. Хэр чамбай боловсруулагдсан гэж дүгнэж байна вэ?
-Хуулийн төсөлтэй танилцсан. Энэ хууль гаргах шаардлага, хэрэгцээ бий болсон талаар ч өмнө нь энэ чиглэлээр зохион байгуулагдаж байсан хурал, зөвлөгөөн дээр үзэл бодлоо тухай бүр илэрхийлж байсан. Уг хуулийн төслийг БШУ-ны яам санаачлан маш богино хугацаанд боломжийн төвшинд боловсруулсан гэж үзэж байна. Мэдээж, их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагын профессор багш, судлаачдын өргөн оролцоотой хэлэлцүүлгийн дүнд засаж, сайжруулах, нягталж чамбайруулах зүйл байх нь ойлгомжтой. Ийм боломжийг ч яамны зүгээс бидэнд олгож байгаад дээд боловсролын салбарынхан талархалтай хүлээн авч, идэвхтэй оролцож байна.
-Энэ хууль хэрэгжсэнээр боловсролын салбар цаашлаад улс оронд ямар дэвшлийг авч ирэх вэ?
Уг хууль хүчин төгөдөр болсноор Монгол Улсад үндэсний судалгааны их сургууль хөгжих эрх зүйн таатай орчин бүрдэх юм. Ингэснээр Монгол Улс их сургуулиудын эрдмийн нөөц, чадавхийг дэлхийн их сургуулиудын төвшинд хүргэж, төлөвшүүлж, хөгжүүлснээр судалгааны их сургууль нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж, үсрэнгүй хөгжих, өндөр хөгжилтэй орны төвшинд богино хугацаанд хүрэх боломж бүрдэх юм. Төр, их сургууль төвлөрсөн эрдмийн чадавх нөөцийг бүрэн дайчлан ашиглаж чадсанаар энэ нь улс орны хөгжилд томоохон түлхэц хөдөлгүүр болох юм.
-Манай орны эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг нь яах аргагүй хөдөө аж ахуй. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой ДНБ-нд эзлэх хувь буурч байгаа. Гэхдээ эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой гол салбарын нэг шүү дээ. Та дээр ХААИС-ийн судлаачдын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, судалгааны үр дүнд ихээхэн дэвшил гарсан талаар ярилаа. Тодорхой жишээ хэлэхгүй юу ... ?
-Манай салбарын судлаачид Монгол орны ХАА-н салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд онцгой хувь нэмэр оруулж байгаа. Тухайлбал: Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, профессор, шинжлэх ухаан доктор З.Батсүх нарын судлаачид Монгол орны малын гоц халдварт өвчин шүлхийн 5 хувилбарт вакциныг гарган авч, үйлдвэрлэх технологийг боловсруулан баталгаажуулсан ба одоо эх орондоо үйлдвэрлэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Вакцин үйлдвэрлэлийн өргөн туршилтыг ХХААХҮ, Биокомбинат УТҮГ-тай хамтран 450 сая төгрөгийн үйлдвэрлэл явуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Уг асуудал шийдэгдсэнээр шүлхийн вакцин гадаадаас худалдан авахад зарцуулдаг асар их хөрөнгийг эх орондоо үлдээх боломж бүрдэх юм.
Мөн Ургамал, газар тариалангийн хүрээлэн (УГТХ)-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор Я.Мягмарсүрэн ахлагчтай судлаачид сүүлийн жилүүдэд Монгол орны байгаль, газар зүйн онцлог, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлийг тооцсон улаан буудайн ган, өвчин хортонд тэсвэртэй, өндөр ургац өгдөг сортуудыг бий болгох чиглэлээр тууштай ажиллаж, зөвхөн сүүлийн 10 жилийн хугацаанд улаан буудайн 8 сортыг шинээр бүтээж, нутагшуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдаг. Тухайлбал УГТХ-ийн судлаачдын сүүлийн жилүүдэд бүтээсэн буудайн селекцийн сортууд Монгол улсын буудайн тариалангийн 40 гаруй хувьд үүнээс Дархан-144 сорт 30 орчим хувьд тус тус тариалагдаж байна. Сүүлийн 5 жилийн ургацыг авч үзэхэд Дархан-144 сортыг тариалснаар 1 га-с авах ургацыг 2-3.5 центнерээр нэмэгдүүлж нийт дүндээ 15-25 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломжийг тариаланчдад олгосон байна. Энэ мэт олон үр дүнг дурдаж болно.
Өнөөдрийн байдлаар манай их сургуулийн профессор, багш нарын гүйцэтгэж буй нийт судалгааны ажлын 40-50 хувь нь гадаадын хамтран ажилладаг их сургууль, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл юм. Одоогоор 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр олон улсын 86 төслийг хэрэгжүүлж байна. Энэ үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж, гадаадын судлаачидтай хамтын ажиллагаа өргөжиж байна.
Мөн салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх асуудлыг тус их сургууль бодлогоор дэмжин ажиллаж байна. Монгол орон эмийн болон эмчилгээний онцгой шинж чанартай ургамлан нөмрөгөөр баялаг. Нөгөө талаар эдгээр онцгой шинжтэй ургамлаар бэлчээрлэж, хооллосон малаас гарах хүнсний бүтээгдэхүүн нь эмчилгээ сэргийлэлтийн онцгой шинжтэй байдаг. Иймд эдгээр байгалийн болон биологийн онцгой нөөцийн дахин давтагдашгүй шинжийг олон талаас нь судлах, шинэ нэр төрлийн онцгой бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи боловсруулах, эдгээр бүтээгдэхүүнээ дэлхийн зорилтот зах зээлд гаргах зэрэг асуудлыг олон шинжлэх ухааны оролцоотой шийдвэрлэх шаардлага байдаг. Үүнд онцгой анхаарч ажиллах бодит шаардлага бий.