Хөгжим, хот, гэрэл зураг. “Гэрэг” сэтгүүлийн арт директор З.Энхмөнх (Куш)-ийг олон талын авьяастай хэмээн саяхан нэгэн мэдээндээ дурдсан билээ. Тэрбээр өдгөө гэрэл зургийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа. Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” уран бүтээлийн чөлөөт орон зайд очиж түүний бүтээлүүдийг харж болно. Үзэсгэлэнгийн амин сүнс нь Английн, герман гаралтай хөгжмийн зохиолч Макс Рихтерийн бүтээлүүд аж. Төсөөлөхөд З.Энхмөнх хотын гудамжаар алхахдаа чихэвчээр түүний хөгжмийг сонсдог бололтой. Орчин үеийн хамгийн алдартай кинонуудын хөгжмийг туурвисан уран бүтээлч амьдралаас харснаа, мэдэрснээ хөгжмөөр хэрхэн илэрхийлсэн нь түүнд нэгийг байтугай нэжгээдийг бодогдуулдаг гэх. Максын хөгжмөөр хөглөгдсөн сэтгэлээс нь гэрэл зургийн ийм бүтээлүүд төрснийг хөгжим судлаач, доктор Б.Батжаргал футурист хэмээн онцлов.
З.Энхмөнх Рихтерийн хөгжмүүдээс төрсөн зургуудаа цахимаар найзууддаа сонирхуулахаар төлөвлөж байгааг сонссон Урлагийн зөвлөлийнхөн даруй үзэсгэлэн болгон дэглээд үзэгчдэд хүргэж буй нь энэ юм байна. Үзэсгэлэнд дэлгэх зургуудыг манай улсын мэргэжлийн гэрэл зурагчдын анхдагчдын нэг С.Туяа шүүжээ. Энэ шатыг редакторлох гэдэг аж. Урлагийн энэ төрөлд мэргэшсэн нөхөд хамтын хүчээр олон нийтэд хүргэж буй “Рихтерийн тэмдэглэл” үзэсгэлэн ирэх сарын 3 хүртэл үргэлжлэх аж. Орчин үеийн тухай, ирээдүйн ч талаар гэрэл зургийн хэлээр хэрхэн ярилцаж болох бол. Та бас хараад, оролдоод үзээрэй.