Францад төвтэй Европ дахь монгол зохиолчдын нийгэмлэг байгуулагдаж, албан ёсны зөвшөөрлөө авчээ. Тус нийгэмлэг нь Европт ажиллаж амьдарч буй уран бүтээлчдээ нэгтгэх, Монголын утга зохиолыг түгээн дэлгэрүүлэх, хилийн чанадад эх хэл бичиг, үндэсний соён гэгээрлийг түгээн дэлгэрүүлэх, утга зохиол, яруу найраг сонирхдог, бичихийг хүсдэг, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй монголчууддаа урам дэм өгөх зорилготой бөгөөд тус нийгэмлэгийн тэргүүнээр зохиолч, сэтгүүлч Батчулууны Эрдэнэсолонго сонгогджээ.
Б.Эрдэнэсолонго нь "Ардын эрх", "Монголын мэдээ", "Үнэн", "Зууны мэдээ" зэрэг өдөр тутмын хэвлэлд олон жил ажилласан бөгөөд Орхон аймгийн телевиз, радиогийн захирлаар ажиллаж байсан, яруу найргийн таван түүвэр хэвлүүлсэн уран бүтээлч юм.
Мөн уг нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар сурвалжилга, хэвлэл, уран зохиол, хүний эрхийн салбарт идэвхитэй оролцдог, 2008 оны Нийгэм соёлын төлөөлөгч гадаад эмэгтэйн шагналыг хүртсэн, кино уран бүтээлч, орчуулагч Ш.Э.Урантуяа томилогджээ.
Ташрамд дуулгахад, тус нийгэмлэг нь энэ чиглэлээр Европт байгуулагдаж байгаа анхны албан ёсны байгууллага юм байна.