Цэндийн Дамдинсүрэн эрхэмтэй Шаргалжуутын амралтад нэг өрөөнд хэд хонохдоо цуг авхуулсан зургаа эргэн үзэх зуур нэгэн дурсамж сэргэлээ. Тэр дурсамжаас үүдээд Говь-Алтайн Жаргалантын хошуунд очиж, хамтралын сургагчаар ажиллаж эхэлсэн нь 1930 оны үед тохиожээ. Өөрийнхөө намтарт “...Бурхан буудай уулын өвөрт Төгрөг гэдэг газарт хамтрал байгуулав. Олон айл, мал бөөгнөрүүлсэн учраас мал нь зун таргалсангүй. Тэгэхлээр нь намар хонийг хэд хэдэн зуугаар сүрэг болгож, хүмүүст хувааж өгөөд айлуудыг “Малын сайн бэлчээрт гаргаж таргалуул...” гээд тарааж нүүлгэв. Гэтэл Дотоод яамны төлөөлөгч Сартуулын Чойжинжав “Хамтрал тараав” гэж дээд газарт худал мэдээ явуулаад намайг хамтралын сургагчийн албанаас 1931 оны гуравдугаар сарын 15-нд халуулав. Сүү, тосны түр сургуульд монгол бичгийн багшаар ажиллав. Гэхчилэн бичсэнээс үзвэл Алтай нутагт минь эрдэм номын эрхэм хүмүүн гэрэл гэгээгээ цацруулж явсны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.
1940 оны нэгдүгээр сарын 27 бол агуу их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн тухайд бас нэг үл мартагдах өдөр нь. Дотоод яаманд баригдан, 15 сар мөрдөнд байцаагдаад “хэрэгт холбогдолгүй болж” цагаадсан байдаг юм. Ингээд 1940 оноос Шинжлэх ухааны хүрээлэнд үргэлжлэн ажиллаж байхдаа “Нууц товчоо”-г орчуулж эхэлжээ. Москвад 1950 оны аравдугаар сарын 24-нд дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. “Гэсэрийн туужийн түүхэн үндэс” бүтээлээрээ хамгаалсан тухай Шаргалжуутад дурсан ярьсан бөлгөө.
Эрдмийн зэрэг хамгаалахаас өмнөхөн 1950 оны наймдугаар сарын 22-нд Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар томилогдсон баримт нь бий. Дээрх цөөн зүйлээс ургуулан бодоход Алтайд ажилласан богино хугацаа их эрдэмтний цаашдын ажил үйлс хөгжин дэвжихэд өлзийгөө хайрласан нь илэрхий. Бүр хожмоо БНМАУ-ын Эрдмийн зэрэг цол олгох улсын комиссоос 1957 оны аравдугаар сарын 22-ны өдөр нэг тоот тогтоолоор Ц.Дамдинсүрэнд профессор цол олгожээ.
Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр (академичаар) 1961 онд сонгогдсон түүнд 1972 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Эрдмийн зэрэг цол олгох комиссоос докторын зэрэг олгосон байдаг юм.
Хамгаалсан сэдэв нь “Орчин үеийн Монголын яруу найраг”. Цэндийн Дамдинсүрэн гуайн эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийн нэр зарим хэвлэлд зөрүүтэй нийтлэгдсэн байдаг л юм. Энд өөрийнх нь бичиж үлдээсэн гурван үеийн намтарт түшиглэн бас амралтад цөөн хоног нэг өрөөнд аж төрөхдөө сонсож дуулснаа сэргээн санаж хэдэн мөр тэрлэв.
Орь залуухан хорин хоёрхон настайдаа манай Говь-Алтай аймагт Сүү, тосны түр сургуульд монгол бичгийн хичээл зааж явсан Ц.Дамдинсүрэн Монгол Улсынхаа шинжлэх ухааны академийг толгойлох болтлоо оюуны бяд, амьдралын хат суусан жилүүдийн ойцон, цойцон цөөн баримтыг он цаг, үйл явдлын түүхэн ойтой холбогдуулан түүвэрлэсэн минь энэ болой.
Бэлтгэсэн: Р.Чулуун