“Мэндэлсэн” цагаасаа олны сонорыг мялааж, хүн бүрийн мэддэг, аялдаг дуу болсон “Дөрвөн улирал, хоёр амраг” уран бүтээлийн төрсөн түүхийг өгүүлье.
1957 оны зургадугаар сарын 5-нд Монголын радио хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулснаар Улсын филармонийн үндсийг тавьсан түүхтэй. Улмаар 1972 оны долдугаар сарын 20- нд Төрийн шагналт Ц.Намсрайжавын санаачилгаар Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны “Баян Монгол” чуулга, Улсын ардын дуу, бүжгийн чуулгын “Соёл Эрдэнэ” дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн Монгол Улсын филармонийг байгуулжээ. Тус хамт олон анхны аялан тоглолтоо Хэнтий аймгаас эхлүүлэх үед энд өгүүлж буй “Дөрвөн улирал, хоёр амраг” дуу “мэндэлсэн” аж.
Хэнтийг зорьж явсан автобусны хамгийн арын суудалд тухайн үед Хөгжмийн зохиолчдын холбооны нарийн бичгийн даргаар байсан яруу найрагч, зохиолч, хөгжим судлаач Д.Батсүрэн сууж явжээ. Бүрий орох үед тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С.Баатарсүхэд нэгэн шүлэг өгсөн нь
“Хөвөн зөөлөн цасан ширхэг
Хацар дээр чинь буулаа хайрт минь
Хүйтэн цасан хайрав уу гэтэл
Хайлан урслаа хонгор минь
Хасын даль шиг хөмсгөн дээр чинь
Хашийн ширхэг буух гэж байсан юм
Хайртай чиний наран сэтгэлд
Хайлаа биз дээ хонгор минь...” гэсэн байв. Уг шүлэг С.Баатарсүхэд их таалагдаж, шуудхан банзан гитараа шүүрэн авч, тэр дор нь ая зохиожээ. Энэ тухайгаа тэрбээр “Анх уншихад их урт шүлэг санагдсан. Гэхдээ дунд нь модевляц оруултал дуундаа зохимжтой болж, эрэгтэй, эмэгтэй дуучны хоолойн өнгийг салгаад биччихсэн чинь шинэлэг дуу болсон доо. Хэнээр дуулуулах вэ гэж эрэл сурал ч болоогүй. Угаасаа Х.Галхүү, Л.Оюунчимэг нар автобусанд бидний дэргэд сууж явсан юм чинь. Тэд шинэхэн дууг минь сонсоод “Яг л бидний дуу байна” гээд уриалгахан дуулсан” гэж дурсав.
1970-аад оны эстрадын шилдэг уран бүтээлчдийн тоонд Х.Галхүү, Л.Оюунчимэг нар зүй ёсоор багтана. Дуулсан дуу бүр нь хүмүүст хүрч, хит болдог байсан тэдний хамтран дуулсан анхны уран бүтээл нь “Дөрвөн улирал, хоёр амраг” юм. Тэд Хэнтий аймагт хийсэн аялан тоглолтынхоо үеэр энэхүү дуугаа анхлан олны хүртээл болгож, үзэгчид нижигнэсэн алга ташилтаар хүлээн авчээ.
“Нүдэн нуур”, “Охин үр”, “Хүрээ байшин” зэрэг олон сайхан дууны хөгжмийг зохиосон С.Баатарсүх “Энэ дууг 1970-аад оны Монголын эстрад урлагт төрсөн анхны харилцаа дуу гэхэд хилсдэхгүй. Анх зохиосноосоо хойш нэг ч удаа засаж, янзлаагүй. Огт “оролдоогүй”. Олон ч дуучин дуулж байна даа” гэсэн.
Олонд анх хүргэсэн дуучдынхаа хоолойгоор “тамгалагдсан” энэ дууг “On’n off” продакшны бүтээсэн “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлэгт дуучин Ж.Чингис, Э.Минжинсор нар шинэчлэн дуулсан нь 2000-аад оны үед уг уран бүтээлийг залуусын дунд дахин хит болгосон юм. Түүнээс хойш дуучин О.Анхбаяр, Б.Халиун, Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нарын залуу дуучин өөр өөрсдийн хувилбараар олонд хүргээд байна.
Бэлтгэсэн: А.Тайшир