Дэлхийн хэмжээнд зүрхний өвчтэй 33 сая хүн амьдарч байгаа бөгөөд жилд 330 мянган хүн энэ өвчний улмаас нас барж байна. Харин манай улсад зүрх судасны шалтгаантай өвчлөл, түүний нас баралт нь сүүлийн 20 жилд хоёр дахин өсчээ. Ялангуяа зүрхний цочмог шигдээс буюу зүрхийг тэжээдэг титэм судасны өвчнөөр өвдөж, гэнэтийн нас баралт нийт нас баралтын 34.4 хувийг эзэлж байна. Зүрх-судасны өвчний улмаас жил бүр 5500-6000 хүн буюу нас барж байгаа үүнээс насны бүлэг, хүйсээр авч үзвэл, 45-64 насны эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад зүрхний цус хомсдох өвчний нас баралт 4.2 дахин, тархины харвалтаас шалтгаалсан нас баралт 2 дахин өндөр байна. Энэ төрлийн өвчнийг эх орондоо эрт үед нь оношлож, дэвшилтэт технологи ашиглан цаг алдалгүй эмчлэх боломжтой болжээ. Энэ талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн эмч Д.Эрдэмбилэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед Монгол Улс зүрх, судасны өвчнөөр өвчлөгсдийн тоогоор нэлээд дээгүүрт бичигдэх боллоо. Тэр тусмаа өвчлөл залуужиж, дөнгөж 20-25 насны залуус зүрхний шигдээсээр өвчлөх тохиолдол ихэслээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Судалгаанаас харахад сүүлийн 10-аад жилийн хугацаанд зүрх, судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 30 гаруй хувийг эзэлж байна. Хамгийн харамсалтай нь 20 орчим насны залуус уг өвчнөөр өвчлөх нь ихэссэн. Гуравдугаар эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасаг нь улсдаа ганц байгаа тасаг юм. Энд эмчлүүлж буй иргэдийн дийлэнх хувийг 35-40 хүртэлх насны залуус эзэлж байна. Үүнээс залуу нь ч ирдэг болчихоод байгаа. Манай иргэд архи, тамхи, өндөр калоритой хоол хүнс их хэрэглэдэг хэрнээ дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадахгүй байна. Үүнээс болоод 20-30 насны залуус ид хийж бүтээх насан дээрээ хөдөлмөрийн чадвараа алдах, цаашлаад нас барах эрсдлийг дагуулж байна.
-Хүн өдөрт хэдэн алхам хийж байж зүрхээ эрүүл байлгаж чадах вэ?
-Хамгийн багаар бодоход өдөрт 8 км буюу 10,000 алхалт хийж байж хүний бие эрүүл байж чадна.
-Зүрхний шигдээс нь урьдчилан оношилж, эмчилснээр 100 хувь эдгэх боломжтой өвчин мөн үү?
-Тийм ээ. Зүрх нь өөрөө хүчтэй өвдөлт өгдөг эрхтэн биш. Өөрөөр хэлбэл, зүрх хэтэрхий ачаалласнаас зүрхний булчинг цусаар хангаж байдаг судас бөглөрч, дотор давчдах, бачуурах, халуу оргих, эрүү өвдөх зэрэг зовиур илэрдэг. Гэхдээ дээрх шинж тэмдэг илрэхээс өмнө хүний ачаалал даах чадвар буурах, их гүйсэн мэт бахардах жижиг зовиур ойрын зайд илрээд эхэлдэг. Үүнийг хүмүүс ханиад хүрэх, астма, эсвэл уушгитай их холбож ойлгосноороо цаг алдах нь их. Иймд тухайн хүнд бага ч гэсэн зовиур мэдэгдвэл нэн даруй эмнэлгийн байгууллагад хандсанаар урьдчилан сэргийлэх, оношлох боломжтой юм.
-Судас бөглөрснийг хэрхэн мэдэх вэ?
-Зүрхний ачаалал хэрхэн дааж байгаагаас мэдрэгдэнэ. Эрүүл хүний зүрх тайван байхдаа минутанд 60-100 цохилно. Алхах, гүйх зэргээр зүрхийг ачааллуулаад ирэхээр судасны нарийсал илүү мэдрэгдэж, зовиурууд нэмэгдээд эхэлнэ. Тэрнээс биш зүгээр сууж байхад зүрхээр хатгуулах, хөндүүрлэвэл яаралтай шинжилгээ хийлгэх ёстойн шинж юм.
-Зүрхний хэм их, бага хэмжээгээр алдагдвал хэрхэн мэдэх боломжтой вэ?
-Хэвийн зүрх минутанд дунджаар 80 цохилдог бол цагт 4800, нэг өдөрт 115 мянган удаа, жилийн хугацаанд 42 сая удаа цохилдог, зогсолтгүй ажилладаг булчин юм. Тийм учраас зүрхнийхээ цохилтыг хянаж байх нь эргээд эрүүл амьдралын эхлэл болдог. Тогтмол цохилт хэт удааширвал бамбайн дутагдал, эсвэл 100-гаас их байвал бамбайн илүүдэл гэх мэт бүхий л өвчнийг “хэлж өгдөг”. Иймээс зүрхний цохилтоо үргэлж хянаж байх нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог. Тухайлбал ихэнх зүрхний мэргэшлийн эмч нар ухаалаг бугуйвч буюу бидний нэрлэж заншсанаар ухаалаг цагийг ашигладаг. Энэ бугуйвч зүрхний хэм алдагдахад чичиргээт дохио өгдөг. Ухаалаг бугуйвчны хамгийн том давуу тал нь энэ юм шүү дээ. Иргэдийн эрүүл энхийн манаанд бидэнтэй хамт зогсдог гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Ер нь хүн зүрхний пульсээ 24 цагийн турш хянаж байх нь гэнэтийн нас баралтаас сэргийлж чаддаг.
-Нууц биш бол таны энэ зүүж байгаа бугуйвч ямар бугуйвч вэ?
-Энэ бол Huawei Band 4 гэдэг ухаалаг бугуйвч.
-Ухаалаг буйвч эрүүл мэндэд нэн хэрэгтэй гэж ярьлаа. Яг юуг хэлээд байгаа вэ. Дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?
-Ухаалаг бугуйвч гэдэг зүйл нь халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох боломжтой. Үүнд, идэвхтэй хөдөлгөөн, биеийн жингийн илүүдэл, чихрийн шижин, бие организм ачааллаа дааж байгаа эсэхийг мэдэх боломжтой. Нэгдүгээрт, зүрхний цохилт хянадаг болохыг түрүүн дурдсан. Өвчин хэлж биш хийсч ирдэг. Хүнд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Иймд аливаа зовиур, шинж тэмдэг илэрвэл өөрөө өөрийгөө оношлох боломжийг олгож байна.
Хоёрдугаарт, хөдөлгөөн болон энерги зарцуулалтаа хэмжих боломжтой. Зүрхний тасагт жингийн илүүдэлтэй өвчтөн их ирдэг. Ялангуяа 6-11 насны хүүхдүүд илүүдэл жин ихтэй болсон. Энэ нь өөрөө зүрхний өвчний нөхцөл болж байна. Дээрээс нь тухайн хүний бодисын солилцоо өдөр тутмын алхалтдаа дасчихсан байдаг. Үүнийг түргэсгэхийн тулд энгийн үеийнхээсээ илүү хөдлөх хэрэгтэй. Гэхдээ бид яг үнэндээ өдөрт хэр их хөдөлгөөн хийж хэдий хэр энерги зарцуулж байгаагаа мэддэггүй.
Гуравдугаарт, бат бөх нойрсолтыг анализ байдлаар хянаж тохирох зөвөлгөөг харуулдаг. Ихэнх зүрхний өвчлөлүүд ядаргаа болон хэт ачааллаас үүдэлтэй байдаг. Эрүүл хүн өдөрт 7-8 цаг унтах ёстой. Унтах үед бие организм эргээд сэргэдэг. Жишээлбэл, зүрхний цохилт удааширч, тархи, булчингууд амарч, гэмтсэн эд эсүүд нөхөн төлждөг. Зөвхөн стрессээс болж энэ бүгдийг үгүй хийж болохгүй. Иймд ухаалаг цагны нойр хэмжигч болон сэрүүлэгний тусламжтай өөрийн нойрны түвшингээ мэдэх боломжтой. Өдөрт 7 цаг унтлаа гэхэд гүн унталт болон хөнгөн унталт нь хэчнээн цаг үргэлжилж, хэр их сэрвэлзэж байгаагаа циклиэр дамжуулж мэддэг болдог.
-Даралтын аппарат болон ухаалаг бугуйвчны хэрэглээний ялгаа юу вэ?
-Техник технологи хөгжихийн хэрээр хүний нас уртсаж байна. Энэ хэрээрээ орчин үеийн дэвшилтэд технологийг эрүүл мэндийн салбарт ихээр ашиглаж байна гэсэн үг. Гар утасны ар дахь пульс хэмжигч, автомат даралтын аппарат, пульс оксиметр зэрэг зүрхний хэмийг хянах зориулалттай хэд хэдэн зүйл бий ч унтаж байхдаа ч зүрхээ хянах боломжтой ганц технологи нь одоогоор ухаалаг бугуйвч л байна. Түүнчлэн дээрх аргууд нь ганц удаагийнх бөгөөд ухаалаг цаг шиг дата бааз (сан) үүсгэж чаддаггүй.
Унтаж байхдаа ч зүрхээ хянах боломжтой ганц технологи нь одоогоор ухаалаг бугуйвч л байна.
-Зүрхний хэм алдагдлаа гэж заах үед хүн хамгийн түрүүнд юунаас татгалзах ёстой вэ?
-Тийм тохиолдолд хамгийн түрүүнд тайван байж, зүрхээ амраах хэрэгтэй. Мөн зүрхний цохилтыг түргэсгэдэг хоол хүнс, кофе, эм тариа зэргээс зайлсхийх нь зүйтэй. Дараа нь цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандаж, зүрхний цахилгаан бичлэг хийлгэж, шигдээс болоод зүрхний бусад өвчлөлөөс өөрийгөө хамгаалах ёстой. Энэ ч утгаараа манай иргэдийг техник технологи хөгжсөн энэ үед эрүүл мэндийн байдлыг тань байнга хянаж байдаг ийм ухаалаг бугуйвчийг ашиглаж хэрэглэж сураасай гэж хувьдаа боддог. Хүн эрүүл мэндээ оройтсон хойно нь мэдэх биш тогтмол хянаж урьдчилан сэргийлж байх нь чухал.