Монголын шилдэг их сургууль ШУТИС 60 жилийн ойгоо арвин “ургацтай” тэмдэглэж байна. Нэгэн жарны хугацаанд түүхээ бичиж, улсдаа тэргүүлэгч болсон тус хамт олон дараагийн 60 жилд дэлхийн шилдгүүдийн нэг болох зорилтдоо хүрэхээр түүчээлж явна. Бүрэлдэхүүндээ 11 сургууль, бизнес болон инженерийн ахисан түвшний сургууль, ШУТИС-Коосен технологийн коллеж, ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль, эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэн, сургалт судалгааны 46 төвтэй энэ сургууль судалгааны профессорын 18 баг, 2000 гаруй багш, ажилтантайгаар 20 000 гаруй оюутан, суралцагчийг Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад бэлтгэн, сургаж байна. Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт ШУТИС бол инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг том голомт төдийгүй дээд боловсрол, шинжлэх ухаан технологи, соёлын цогц төв юм.
Дээд боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлийг манлайлан сургалтын кредит систем, их сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем, профессорын багийн зохион байгуулалт, электрон сургалтын систем, инженерийн дээд боловсролын шинэчлэлийн олон улсын CDIO-гийн шинэ стандартыг сургалтад нэвтрүүлэх, байгууллагын болон хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэл хийлгэх зэрэг олон шинэчлэл, өөрчлөлтийн анхдагч бол яах аргагүй ШУТИС билээ.
Тус сургуулийн нийт багш нарын 40 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой бөгөөд шинийг санаачлагч, эрдэмтэн судлаачид нано, био, гео-мэдээллийн технологи зэрэг орчин үеийн шинжлэх ухааны олон чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, дэвшилт технологи эзэмшин, үндэсний үйлдвэрлэлд нэвтрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар. Чацаргана, цөцгийн тос боловсруулах төхөөрөмж, хүнсний олон нэрийн бүтээгдэхүүн болон хөвөн, ноосон даавуу, арьс шир боловсруулах, үйлдвэрлэх технологи, орон сууцны халаалт, шинэ материал, эрчим хүчийг хэмнэлттэй ашиглах технологи, замын хөдөлгөөний гэрэл дохио зэргээр үйлдвэрлэлд нэвтрүүлсэн олон шилдэг бүтээл бол чухамхүү энэ хамт олны амжилт. Өдгөө хэдэн арван ажил, судалгааг туршилтын шатанд амжилттай хэрэгжүүлж буй талаараа Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга, доктор Х.Отгон-Эрдэнэ мэдээлсэн юм.
Гадаадын 200 гаруй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон бусад байгууллагатай хамтран ажиллаж, профессор багш, оюутан солилцоо, хамтарсан судалгааны ажлуудыг эрчимтэй хөгжүүлж, олон улсын 20 гаруй их, дээд сургуультай хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж буй ШУТИС-ийн захирал, ОХУ-ын Москва хотын Үндэсний судалгааны эрчим хүчний их сургууль, Байгалын чанд дахь болон Эрхүүгийн Улсын их сургуулийн Хүндэт профессор Б.Очирбаттай ярилцлаа.
-Танай хамт олон судалгаанд суурилсан их сургууль болох зорилтынхоо хүрээнд судалгаа, инновацын дэд бүтэц бүрдүүлэхээр олон ажлыг өнгөрсөн жарны хугацаанд, ялангуяа сүүлийн 10-аад жил харьцангуй хурдацтай хөгжүүлж, олон лаборатори, судалгааны төвтэй болсон. 60 жилийн ойн босгон дээр төв сургуулийнхаа дэргэд Эрдэм шинжилгээ, технологи инновацын төв нээж байна. Ярилцлагаа эл төвийн талаарх мэдээллээр эхэлье. Яагаад гэвэл энэ бол ШУТИС-ийн багш, ажилтнуудын чин сэтгэл, зүтгэлээр боссон, оюутан, суралцагчдын сургалтын орчныг шат ахиулсан асар том бүтээн байгуулалт шүү дээ.
-Бид хичээлийн шинэ VIII байраа Эрдэм шинжилгээ, технологи инновацын төв гэж нэрлэсэн юм. Аливаа их, дээд сургууль судалгааны байгууллага болон ахиж дэвшдэг нь хөгжлийн онцлог юм. Орчин цагт их сургуулийг судалгаагүйгээр төсөөлөх аргагүй. Дэлхийн дээд боловсролын сургуулиудыг үнэлдэг, хүлээн зөвшөөрдөг ганц үзүүлэлт бол тухайн сургуулийн багш, ажилтнуудын судалгаа, түүнийх нь үр дүн, эл үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдал, үүнээс гарах шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, инновацын хөгжлийн үзүүлэлт юм. Төр, засгаас тэргүүлэх их сургуулиудаа дэмжиж, судалгаанд суурилсан сургууль болгох, улмаар 2024 онд гэхэд Азийн шилдэг 100 их сургуулийн нэгд дэвшүүлье гэсэн бодлогоор явж байна. Улсын үйлдвэрлэл, бизнесийн салбарын гол инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, судалгаа боловсруулалтын ажлыг авч яваа, олон аж үйлдвэрийн салбаруудын эрдэм шнжилгээ, төсөл, гэрээт ажлуудыг захиалгаар гүйцэтгэдэг ШУТИС судалгааны орчныг шинэ шатанд гаргах, судалгааны дэд бүтэц болсон лабораториудыг олон улсын стандартад нийцүүлэн байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Манай хамт олон 60 жилийн ойгоо угтаж, 12 давхар, шинэ байрныхаа барилгын шавыг өнгөрсөн оны Цагаан сараар тавиад, одоо нээх гэж байна.
Энэ бол ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн сургууль, хамт олны хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм. Байгууллага маань олон жилийн хугацаанд хуримтлуулсан өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр, төсвөөс мөнгө авалгүй бүтээн байгуулсан. Сүүлийн жилүүдэд их сургуулиудыг дэмждэг улсын санхүүжилт маш их хумигдаж байгаа. Энэ онд гэхэд л тогтмол зардал байхгүй болсон. Ийм үед манай багш, ажилтнууд 1-3 өдрийн цалингаа хандивлаж, нэмэрлэж байж Эрдэм шинжилгээ, технологи инновацын төв болох шинэ барилгаа босголоо. Олон улсын стандартад нийцсэн, магадлан итгэмжлэгдсэн судалгааны баталгаажсан томоохон лабораториудыг энд байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн гарааны компаниуд байрлана. Их сургуулийн тогтолцоог бид хөгжүүлж байна. Тэгэхээр нээлттэй боловсролын төв, мөн ШУТИС-Коосен технологийн коллеж маань шинэ байранд үйл ажиллагаа явуулна. Японы Коосен загварын технологийн сургалтын систем олон улсад алдартай. Японы Засгийн газраас бидэнд лабораториийн тоног, төхөөрөмж, материаллаг бааз, хэрэглэгдэхүүнүүдийг хандивлаж байгаа. Тэгтэл бидэнд байр орчин их дутагдалтай байна. Шинэ байр ашиглалтад орсноор судалгааны дэд бүтэц бүрэн дүүрэн биш ч гэсэн өнөөгийн шаардлагын түвшинд бүрдэнэ. Ингэснээр дэлхийн их сургуулийн түвшинд ойртох нэг алхам болно.
-Байгууллагынхаа ойн хүрээнд ШУТИС-ийн профессор, багш нарын шилдэг бүтээлийн уралдаан зарлаад, шалгаруулжээ. Чухам ямар бүтээлүүд байв?
-Уралдаан хоёр төрөлтэй. Эхнийх нь профессор багш нарын дунд зарласан ном, сурах бичгийн бүтээлийн уралдаан. Сургуулийн үндсэн сургалтын ном, сурах бичиг, гарын авлага, орчуулгын ном, нэг сэдэвтэй бүтээл гэсэн төрлөөр, сүүлийн хоёр жилд хэвлүүлж, нийтлүүлсэн шинэ бүтээлээрээ манай 300 гаруй профессор багш оролцож, шилдгийг шалгарууллаа. Удаах төрөл нь манай багш нарын эрдэм судлалын инновацын бүтээлийн уралдаан. Энэ нь эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнд хийсэн, олон улсад нэр хүндтэй, мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдсэн эрдмийн бүтээлүүдээс шилдгийг шалгаруулсан уралдаан юм.
Геологи, уул уурхайн сургуулийн багш Б.Энхжаргал, Технологи дамжуулах төвийн мэргэжилтэн Б.Уянга, Барилга архитектурын сургуулийн ахлах багш Б.Мөнхбаяр нар олон улсын нэр хүндтэй, мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний шилдэг өгүүллээрээ шалгарсан бол Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн салбарын дэд профессор Ч.Цэнд-Аюуш, Барилга архитектурын сургуулийн архитектурын салбарын дэд профессор Э.Пүрэв-Эрдэнэ, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын профессор Л.Удвал нар зохион бүтээлээрээ шилдэг болов. Мөн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын профессор Д.Энхтуяа, Мэдээлэл, холбооны технолгийн сургуулийн электроникийн салбарын профессор Д.Эрдэнэчимэг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Геологи уул уурхайн сургуулийн профессор Л.Дүгэржав, Механик тээврийн сургуулийн дадлагажигч багш Г.Амармэнд нар шилдэг технологи боловсруулан, шалгараад байна.
-ШУТИС үндсэн сурах бичгүүдийнхээ агуулгыг орчин үеийн шаардлага, стандартад нийцүүлэн, шинэчилж байгаа гэсэн. Бүр сууриар нь сольж байгаа юм уу?
-Сургалтын төлөвлөгөөгөөр болон хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэх гэсэн зарчим, чанарын ялгаатай хоёр тогтолцоо бий. Урьд нь бид тухайлсан 140-өөд нарийн мэргэжлээр, сургалтын төлөвлөгөөгөөр бакалаврын түвшинд мэргэжилтэн бэлтгэж байсан. Олон улсын их сургуулиуд хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Энэ жишигт нийцүүлэхээр 2014 онд сургууль маань хөтөлбөрийн шинэчлэл хийсэн юм. Тэгэхээр сургалтын орчин, ном, сурах бичиг, хэрэглэгдэхүүн, багшид тавигдах шаардлага, сургалт явуулах арга зүй, хэлбэр өөрчлөгдөнө гэсэн үг. Тиймээс ном, сурах бичгээ цогцоор нь шинэчилж эхэлсэн. Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн хөгжил асар хурдацтай явж байна. Тиймээс их сургуулийн ялангуяа техникийн их сургуулийн сурах бичгүүдийг цаг алдалгүй шинэ мэдээлэл, мэдлэгээр баяжуулах шаардлагатай. ШУТИС-ийн хамт олон 60 жилийн ойгоо баяр, ёслол гэхээсээ илүүтэй тодорхой бүтээлч ажлуудаар угтахаар төлөвлөснийхөө дагуу “ШУТИС-ийн түүхэн замнал” нэртэй зургаан боть ном, 60 үндсэн сурах бичгийг эмхэтгэн, хэвлүүллээ. 60 гэдэг нь ойн бэлгэдэл юм. Бид шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сурах бичигт тавигдах стандарт гэдэг зүйл гаргаад, үүнийхээ дагуу сурах бичгүүдээ хийсэн. Хөтөлбөрт хэрэглэх гэдгээрээ шинэлэг бөгөөд эх хэлээрх үндэсний сурах бичиг гэдгээрээ онцлог юм. Үүнд манай 250 гаруй професоор багш зохиогчоор ажилласан. Цаашид эл ажлаа үргэлжлүүлээд явна.
-ШУТИС шиг хэмжээний сургуульд сурахад босго оноо хэд байх ёстой вэ. Ер нь босго оноо их, бага байна, түүнчлэн ийм зүйл хэрэггүй гэж янз бүрээр ярьдаг. Та босго онооны талаар юу гэж боддог вэ?
-Би энэ сургуульдаа 26 жил ажилласан, багш хүн. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид дараагийн шатны их, дээд сургуульд элсэх болзлыг хангаж байгаа, эсэхийг үзэж, хэмжүүр тогтоож байгаа манай шалгалтын тогтолцоо маш хоцрогдсон. Мэргэжлийн байгууллагынхан тал бүрээсээ яриад энэ системийг даруй өөрчилж, засаж залруулах хэрэгтэй гэж боддог. Одоогийн системээр дүгнэсэн 480 гэсэн босго оноо нэг их бодитой зүйл биш шиг байгаа юм. Техникийн их сургуульд элсэх оюутны хангах ёстой шаардлага, жишээ нь, ирээдүйд инженер болохын тулд суралцах хүсэл зорилго, авьяас чадвар, зохион бүтээх сэтгэлгээ хэр вэ гэхчлэн наад захын үзүүлэлтийн талаар гэвэл арай өөр түвшинд яригдах учиртай. Ер нь аливаа их, дээд сургуульд элсэх шаардлагаас илүүтэй босго оноо их, бага гэдгээр дүгнэх нь бодит зүйл биш. Тиймээс бид ерөнхий ур чадварын шалгалт авах зэрэг ажлыг туршилтын журмаар эхлүүлээд явж байгаа нь үр дүнтэй харагддаг.
-ШУТИС хэчнээн мэргэжлээр сургаж байна вэ?
-1959 онд дотооддоо анх барилгын инженер бэлтгэж эхэлснээс энэ сургуулийн түүх эхэлдэг. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд өнөөдрийн ШУТИС 140 гаруй мэргэжил, чиглэл хөтөлбөрөөр 80 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Тэд эх орныхоо өнцөг булан бүрт, бүх салбарт ажиллаж байна. Энэ сургуулийн төгсөгч ажилладаггүй салбар байхгүй. 2014 оны хөтөлбөрийн шинэчлэлийн дагуу манай сургууль бакалаврт харьцангуй ерөнхий хөтөлбөрөөр бэлтгэж байгаа. Харин магистрын түвшинд мэргэжлийг нь арай нарийсгаж, задалж өгөх бодлогоор явж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр, жишээ нь нефтийн хадгалалтын инженер, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт гэхчлэн нарийвчлан бэлтгэхээр төгсөгчдийн ажил эрхлэлт, хөрвөх чадвар зэрэгт хүндрэлтэй.
Өнөөдрийн байдлаар ШУТИС-д 60 орчим хөтөлбөрөөр 20 мянга гаруй оюутан сурч байна. Үүнээс гадна ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль, ШУТИС-Коосен технологийн коллеж, орон нутаг дахь салбар сургуулиуд байна. ШУТИС-ийн хөтөлбөрөөр төгсөгчдийн ажил эрхлэлт бусад их, дээд сургуулийнхаас харьцангуй гайгүй байдаг гэж бид бахархдаг. Манай оюутнууд төгсөхөөсөө өмнө хэдийн эрэлттэй болчихсон байдаг. Ажлын байр хангалттай бус хөтөлбөрүүд манайд бас бий. Сүүлийн жилүүдэд тэр хөтөлбөрүүдэд өөрчлөлт хийх, зарим жилд элсэлтийг нь өнжөөх зэргээр зохицуулж байна.
-Энэ сарын 15, 16-нд “Тогтвортой хөгжилд дээд боловсрол-дэвшилт технологийн үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын их, дээд сургуулийн захирлуудын форумыг ШУТИС зохион байгуулна. Үүнд хэчнээн орны төлөөлөгч оролцох вэ?
-Бид 60 жилийн ойн хүрээндээ энэ форумыг зохион байгуулах юм. Түүхэн хугацаанд бидэнтэй хамтран ажилласан гадаадын нэр хүндтэй, томоохон түнш их, дээд сургууль, байгууллагууд бий. Одоогийн байдлаар манай сургууль олон улсын 200 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагаатайгаас 60 гаруй нь маш идэвхтэй түнш. Мөн 20 гаруй сургуультай хамтарсан хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна. Ийм хамтрагчидтайгаа баяраа хуваалцахаар урьсан. Энэ нь бас л зүгээр баярлах биш, бүтээлч ажил өрнүүлж, харилцан туршлага судалж, санал солилцох гээд давхар олон ач холбогдолтой. Дэлхийд нэр хүндтэй их, дээд сургуулиудын ректорууд, лидрүүд, удирдлагуудын үгийг энэ хурлаар сонсох сайхан боломж. Одоогоор 20 гаруй сургуулийн захирал, мөн тооны сургуулийн проректорууд, бусад 10 шахам байгууллагын төлөөлөлөл хуралд оролцохоо мэдэгдээд байна. Уг арга хэмжээний үеэр хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдээ шинэчлэх, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээс гадна ШУТИС-ийг олон улсын хэмжээнд таниулан, сурталчлах, ололт амжилтаа хүлээн зөвшөөрүүлэх зорилготой.
-ШУТИС-ийн 60 жилийн ой бол зөвхөн энэ сургуульд хамаатай баяр, бахархал биш болов уу. Үндэсний хэмжээний тэргүүлэх сургууль гэдэг утгаараа нийгмийн бүх салбарынхны хувьд чухал үйл явдал. Та ойн баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү.
-Нэгэн жарныг туулж буй энэ сургуулийн тулгын чулууг тавьж, өнөөдрийг хүртэлх түүхээ хамтран бичилцсэн болон өдгөө бичиж байгаа эрдэмтэн, профессор багш нар, хамт олондоо баярын мэнд хүргэе. ШУТИС Монголдоо төдийгүй олон улсад нэр хүндтэй явж байгаа нь та бүхний гавьяа юм.
Аливаа их сургууль төгсөгчдөөрөө, төгсөгчид нь мэргэжил эзэмшсэн төрөлх сургуулиараа бахархдаг эргэх холбоотой, жам ёсны хөгжил бий. Энэ сургуулийг төгссөн 80 мянга гаруй төгсөгчдөдөө баяр хүргэе. Улс эх орныхоо бүтээн байгуулалтад том хувь нэмэр оруулсан та бүхнээр бид үргэлж бахархдаг. Та бүхэнд сургуулийн хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэе.
ШУТИС-ийг сонгон суралцаж байгаа бүх оюутнууддаа 60 жилийн ойн баярыг хүргэж, ирээдүйн амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэн шинэ жаранд төрөлх сургуулийнхаа, цаашлаад улс орныхоо хөгжил дэвшлийн түүхийг тэрлэх онцгой үүрэгтэй хүмүүс.
Манай сургуультай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, компани, ажил олгогч, дэмжигч маш олон бий. Тэдэнд тусгайлан баяр хүргэж, биднийг сонгон хамтран ажиллаж буйд үргэлж талархаж явдгаа илэрхийлье. Та бидний хамтын ажиллагаа улс орны хөгжилд хувь нэмэр болж буй нь бас нэгэн бахархал юм.
Бэлтгэсэн: Ж.Цэцэг