Даатгалын үйлчилгээг хэрэглэгч бид хэр сайн мэдэх билээ, хуулийн шаардлага тул алийг нь ч хамаагүй сонгоод даатгуулсан хэмээн хариулах нэгэн байхад найдвартай, ойлгомжтой үйлчилгээтэй, нөхөн төлбөрөө шуурхай олгодог газрын үнэнч харилцагч болсон нэгэн ч таардаг. Даатгалын үйлчилгээ иргэдийн энгийн хэрэглээ болтлоо хөгжиж таны амьдралын хэв маяг, хүний үнэтэй бүхнийг хамгаалахад зориулагддаг болтлоо хөгжөөд байна. Энэ хөгжлийн хаана нь бид явна вэ. Бидэнд болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож удирдах боломж бий юу. Хариуцлагатай, үнэнч хэрэглээгээ бодитоор үнэлүүлэх нь амьдралд хэрэгжих үү? Эдгээр асуултад хариулт авахаар Миг Даатгал, Монголын иншуртек группийн гүйцэтгэх захирал Б. Мөнххишигтэй ярилцлаа.
-Сайн байна уу, та? Танай компани бүтцийн хувьд нилээн өөрчлөгджээ. Иншуртекийн хөгжил, Монгол Улсад нэвтрүүлж буй сайн туршлагын талаар хуваалцаач, иргэдэд ямар давуу тал бий болгох вэ?
-Дэлхий нийтээр шинэ тутам сайжирч байгаа технологийн шилжилт даатгалын салбарт төдийгүй бусад салбарт ч маш өргөн боломж олгож байна.
Бид ойрын 2-3 жилд дэлхийн жишигт нийцэхгүй бол хол тасархай хоцрох нь. Хэрэглэгчид шинэ технологи, шуурхай үйлчилгээг харьцуулж, сонгох хүсэлтэй болсон. Даатгалын үйлчилгээнд технологийн дэвшлийг нэвтрүүлснээр хэрэглэгчийг зан төлөвөөр нь үнэлэх шинэ соёл үүсч байна. Үр дүнд нь эрсдэл өндөртэй хэрэглэгчдийг зөв дадалд сургах, эрсдэл багатай харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж урамшуулахад анхаарч байна.
-Даатгал учирч болох аливаа эрсдэлийг урьдчилан шинжилдэг салбар, тийм учраас байнга шинэчлэгдэж, хөгжиж байх шаардлагатай байдаг байх.
-Тэгэлгүй яах вэ. Хэрэглэгчийн өнгөрсөн хугацааны түүх, ирээдүйд учирч болох магадлалыг тооцохын тулд асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, тасралтгүй суралцах хэрэгтэй. Даатгалын компаниуд ирээдүйд бий болох шинэ хэрэгцээг харж, бусад төрлийн үйлчилгээтэй хослуулан хувьсан өөрчлөгдөж, уян хатан ажиллаж чадсан нь онох болов уу. Цахим шилжилтийн алтан үетэй зэрэгцэн Start-Up технологиудыг амьдралд нэвтрүүлж, тухайн хэрэглэгчдэд зориулсан цогц үйлчилгээ үзүүлэх цаг нэгэнт болсон.
-Цахим шилжилтийн ач холбогдол болоод хэрэглэгчдэд ямар давуу талууд бий болгож байгааг дэлгэрүүлбэл?
-Дэлхий нийтэд өрнөж буй дижитал шилжилтийн ачаар юмс илүү хялбар, төвөггүй болж байна. Монгол Улсын засгийн газар төрийн үйлчилгээг цахимжуулж, төрд байгаа мэдээллийг иргэнээс дахин асууж шаардахгүйгээр үйлчилж эхэллээ. Манай салбарт ч ялгаагүй үйлчилгээндээ Иншуртек нэвтрүүлж байна. Иншуртек нь даатгалын үнэлгээ хийх, хураамж төлөх, нөхөн төлбөрийн үйлчилгээг цахимаар гүйцэтгэх, харилцагчийн зан төлөв, дата мэдээлэлд тулгуурлан зорилтот бүлгүүдэд тохирсон шинэ бүтээгдэхүүн санал болгох чиглэл рүү хөгжиж байна.
Шинэ санаа, шинэ технологи, шинэ үйлчилгээг зах зээлд таниулах амаргүй. Гэхдээ бид шинээр гарч ирсэн StartUp шийдлүүдийг зоригтойгоор даатгалын үйлчилгээндээ нэвтрүүлэхээр хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, хүүхдийн “ИНДИГО” даатгал дээр эрүүл мэндийн хамгаалалт, төлбөрийн нөхцлөө өөрт тохируулан сонгох гар утасны InsurApp, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, хиймэл оюун бүхий хувийн ухаалаг туслагч AnduudChatbot зэргийг нэвтрүүлж, даатгуулагч өөрт тохирсон мэдээлэл, үйлчилгээг цаг тухайд нь авах боломжоор хангах юм.
Цаашид эцэг эхчүүдийн хүүхэддээ зарцуулах анхаарал халамжийн индексийг бий болгож хүүхдийн эрүүл мэндийн үнэлгээ, хамгаалалтыг шат шатаар нэмэгдүүлж хөгжүүлэх зорилготой байгаа. Нөхөн төлбөр авахдаа л даатгалтайгаа санадаг бус өөрийгөө болон үнэтэй бүхнээ хамгаалах зорилгоор “Хайртай, чухал бүхнээ хамгаал” уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Даатгалууд эрсдэлийн үнэлгээ өгч, түүнийг хамтран бууруулахад зориод ирэхээр бидний хамгаалалт илүү үнэ цэнэтэй болно шүү дээ. Ер нь хүний амьдралын зөв дадал, хэвшилийг бий болгоё л гэж байгаа юм.
-“Хайртай, чухал бүхнээ хамгаал” гэх урианаас тань үйлчлүүлэгч-компани хоёрын итгэлцэл бий болгохоор ажиллаж байна хэмээн ойлгогдож байна. Хүмүүст даатгалын бүтээгдэхүүн санал болгохоос өмнө даатгуулахын ач холбогдлыг сайтар ойлгуулах нь чухал мэт санагдлаа.
-Тийм ээ. Даатгал нь өөрийн хариуцлага, хүсэл зоригоор хийгдэх үйлдэл болтолоо манайд хэвшээгүй л байна. Шаардсан болохоор эсвэл хуулинд заасан болохоор алинд нь хамаагүй даатгуулсан хэмээн хариулах хүмүүс олон бий. Мөн бидний үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ харилцагчдад маань хүрэхгүй байгаа юм биш биз, хэрэглэхэд төвөггүй хялбар байж чадаж байна уу, ойлгомжтой байна уу гэдэг дээр байнга анхаарч, өөрсдийн ажлаа дүгнэдэг байх чухал. Үнэндээ өнгөрсөн хугацаанд даатгалын салбар эрсдэлийг удирдах, бууруулах чиглэлд хангалттай ажиллаж чадсан уу гэдгээ ч эргэн харж, даатгалын ач тусыг таниулах тасралтгүй хичээл зүтгэл, найдвартай ажиллагааны үр дүнд хэрэглэгчиддээ хүрч, шинэ тав тухыг мэдрүүлэхээр тэмүүлэх ёстой.
Сүүлийн жилүүдэд бизнесийн амжилтыг ашиг, мөнгөөр хэмжихээс гадна нийгмийн хариуцлага, экосистем дахь зөв манлайллаар нь үнэлэх болсон. Бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлж, том жижиг гэлтгүй илүү ээлтэй бизнес хийхийг эрхэмлэх болсон. Бид жилийн турш үйлчлүүлэгчтэйгээ эргэх холбоотой байж, хамтдаа хөгжих урт хугацааны түншлэлийг бий болгохыг зорьж байна.
-Үйлчилгээндээ шинэ соёл нэвтрүүлэх, боловсон хүчнээ чадваржуулах нь компанийн амжилттай шууд холбоотой. Олон жилийн туршлагатай компанийн хувьд мэргэжилтнүүдээ хөгжүүлэх, олон улсын хэмжээнд менежмент хийхэд хэрхэн анхаардаг вэ?
-Хамт олон маань өглөө бүр юуны төлөө ажилдаа ирж буйгаа мэддэг байхыг эрхэмлээсэй, өөрсдийнхөө чаддаг мэддэг зүйлээрээ бусдыгаа манлайлаасай, ялгараасай гэж удирдагч бүр хүсэх нь мэдээж. Байгууллагын хамт олон гэдэг бол тухайн байгууллагын үнэ цэнэ. Дээр дурдсанчлан нийгмийн хариуцлагаараа, хүний нөөцийн бодлогоороо компаниуд ялгарах болсон.
Салбарын хувьд судалгаа, шинжилгээний мэргэжилтнүүдээ олон улсын төвшинд бэлдэх, мэргэжлийн ажиллах цаг үеийн шаардлагатай нүүр тулж байна. Бид ч хүний хөгжлийн бодлогоо тодорхойлж, хүндээ хөрөнгө оруулж, ирээдүйн 5 жилд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтнүүдээ бэлдэж эхлээд байна. Австрали, Шинэ зеландын даатгал санхүүгийн институт (ANZIIF), Монгол Улсын СЭЗИС болон Даатгал эрсдлийн академийн олон улсын сертификат олгох зуны сургалтад манай компанийн 15 мэргэжилтэн хамрагдана. Шалгалтаа амжилттай өгсөн мэргэжилтнүүд маань олон улсын нэр хүнд бүхий сертификаттай болж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх юм.
-Нөхөн төлбөрийн талаарх хэрэглэгчдийн буруу ойлголт харьцангуй сайжирч байна. Танай компани хэрэглэгчдэд илүү хялбар, хурдан шуурхай үйлчлэх тал дээр ямар ололттой ажиллаж байна вэ?
-Даатгалаас нөхөн төлбөрөө авахын тулд ямар их ажил болдог байсныг та ч мэдэх байх. Өнгөрсөн жилүүдэд үйлчилгээ сайжирч байгаа нь үнэн. Харин бид энийг улам хялбар болгох шийдлийг харилцагч нартаа санал болгож байгаа. Нөхөн төлбөрийн үйлчилгээндээ Neotary.mn дижиталыг нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр харилцагчид манай шуурхай дуудлагын утсанд холбогдож, зам тээврийн ослын зургаа онлайнаар илгээхэд хохирол үнэлгээний компаниуд машины хохирлын үнэлгээг Neotary.mn блокчэйн програм руу оруулан бид үнэлгээний дагуу нөхөн төлбөрийг харилцагчийн дансанд шилжүүлэх юм.
Гэхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргаж байгаа жолоочийн түүхийг блок чэйн бүртгэлд оруулна. Цаашид жолооч нар өөрийн осол аваарын түүхт үндэслэсэн бодит үнэлгээгээр даатгуулдаг болохнээ.
-Ирээдүйн буюу урт хугацааны Монголын орчин нөхцөлд тохирсон даатгалын салбарын хөгжлийг та юу гэж хардаг вэ?
-Хэрэглэгчтэй илүү ойр, эргэх холбоотой байснаараа учирч болох эрсдлээс хамгаалах, ганц даатгалд найдах бус өөрийгөө болон гэр бүлээ бүх төрлийн осол, аюулаас хамгаалах хариуцлага, дадлыг бий болгох гэж харж байгаа. Өрсөлдөөн гэдэг бол үйлчилгээний чанар. Харин манай салбарын хувьд нөхөн төлбөр олгохоос гадна бусад олон төрлийн үйлчилгээг нэгтгэсэн Лояалти шийдлийг харилцагчдаа хүргэх нь футуристик чиг хандлагыг тодорхойлж буй нэг үзүүлэлт болно.
Бид хуучинтайгаа зууралдах бус шинэ тутам шинэчлэгдэн хувьсаж, технологийн дэвшлийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хэдхэн хоногийн дараа АНУ-ын Нью Йорк хотод зохион байгуулагдах Global Insurtech Leaders’ Summit чуулга уулзалтад оролцох гэж байна. Тэндээс үзсэн судалсанаа компанидаа төдийгүй салбартаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар хуваалцана. Ер нь аль ч салбарын хөгжил тасралтгүй сурах, суралцах, хуваалцах үйл явц гэж хардаг.
-Компанийн нийгмийн Хариуцлага гэдэг ойлголтыг танай компанийн хувьд том зургаар нь юу гэж харж, ажиллаж байна вэ?
-Компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголтод дэлхий нийтээр анхаарлаа хандуулж байна. Бусдын амьдралыг өөрчлөх боломж олгосноороо үнэ цэнэ бүтээдэг цоо шинэ үе иржээ. Манай компанийн хувьд засаглалын шинэ бүтцээр ажиллаж эхэлсэнээр Хүний хөгжил, нийгмийн хариуцлагын албатай болсон. Эрсдэлийг удирдах чиглэлийн хүрээнд эхний ээлжинд хүүхдийн өртөж буй осол, аюулын шалтгаан нөхцлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах “Хамгаалагдсан Ирээдүй” төслийн уралдааныг зарлаж, шилдэг төслүүдийг улс орон даяар эцэг эхчүүд, иргэдийн оролцоотой хамтран хэрэгжүүлэхээр Тээврийн цагдаагийн алба, ГССҮТөв, СЭЗИС, Даатгал эрсдэлийн академи, “Лантуун дохио” ТББ, Иншур Аппликэйшн, Актуарчдын институт, Албан журмын даатгалын холбоо гээд олон байгууллагууд зорилгоо нэгтгэсэн юм. Хэрэв бид сайн сайхан үйлд тэмүүлж байгаа бол илүү олуулаа урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг бий болгоё хэмээн бусад бизнесийн байгууллагуудаа ч уриалж байна.
-Хэрэгжүүлж буй болон хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.