"Дэрст Тохой" компанийн Налайх дүүрэг дэх үйлдвэрийн байр
Ирэх тавдугаар сараас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэртэйгээр мэдэгдсэн. Үүний дагуу Засгийн газраас 62 дугаар тогтоол гарган, Улаанбаатарын гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлшээр хангах үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Гэр хорооллын айлууд дээр жижиг оврын халаалтын зуухнуудыг нэмбэл Улаанбаатар хотод бараг нэг сая тонн сайжруулсан түлш шаардагдана гэсэн тооцоо бий. Энэ хэмжээний түлш үйлдвэрлэж байж л түүхий нүүрсийг халах боломж бүрдэнэ гэсэн үг. Нүүрс түлэхийг хориглох хугацаа хаяанд ирчихээд байхад үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдрээгүй, сайжруулсан түлш гадуур нэг их зарагдахгүй байна гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрлэл эрэлтийг хангаж дийлнэ гэдэгт иргэд төдийлөн итгэхгүй байгаа билээ. Тэгвэл нийслэлийн айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах ажил нэлээд урагшилсан талаарх сайхан мэдээг бид танд дуулгах гэж байна.
Улаанбаатарын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр бүрэн хангахаар төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа аж. Тэдний нэг “Дэрс тохой” компанийнхан хэдийн сайжруулсан түлш үйлдвэрлэж эхэлжээ. Тус компанийн үйлдвэр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд жилд 250 000-300 000 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. “Дэрст тохой” компани Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор уг нь 2014 оны аравдугаар сард үйлдвэрээ байгуулжээ. Гэсэн ч сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийг төрөөс дэмжих бодлого зогсонги байсан тул саяхныг хүртэл үйлдвэрээ ажиллуулалгүй, “царцаасан” юм байна. Харин өнгөрсөн оноос Засгийн газраас түүхий нүүрсийг хална гэсэн зоригтой мэдэгдэл гаргаж, улмаар аж ахуйн нэгжүүдийг дэмжин, түлш үйлдвэрлэх нөхцөлөөр хангасны ачаар үйлдвэрлэлээ ийнхүү эхэлжээ. Улаанбаатар хотод сайжруулсан түлш нийлүүлэх гэрээг өнгөрсөн сард БОАЖЯ-тай байгуулснаар үйлдвэрлэл явуулж, сайжруулсан түлшээ хэрэглэгчдэд нийлүүлэх болжээ.
Байгалийн утаагүй түлш гэгддэг антрацитаар сайн чанарын эко түлш үйлдвэрлэдэг нь “Дэрст тохой” компанийн гол давуу тал. Үйлдвэрийнх нь үндсэн түүхий эд нь антрацит бөгөөд түүнийгээ чулуун нүүрстэй ижил тэнцүү хэмжээтэй хольж, холбогч бодисоор бэхжүүлээд, өндөг хэлбэрийн түлш үйлдвэрлэдэг байна. Жилд 300 000 тонн хүртэлх хүчин чадалтай шахмал түлшний үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийг холбогдох хууль, журмын дагуу боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар ч батлуулжээ.
Шахмал түлшээ 25кг-аар савлаж, борлуулахаар бэлтгэжээ
Түүнчлэн “Дэрст тохой” компани нь антрацитын өөрийн гэсэн ордтой учраас хэн нэгнээс хамааралгүй, түүхий эдийн дутагдалд орно гэх зовлонгүй үйлдвэрлэл явуулах боломжтой юм байна. Антрациттай холих чулуун нүүрсээ Дундговийн Хөөтийн ордоос авч байгааг ажилтнууд нь хэлсэн. Тэдний бүтээгдэхүүн Монгол Улсын Сайжруулсан шахмал түлшний MNS5679:2014 стандартын шаардлагуудыг бүрэн хангаж байгаа нь хөндлөнгийн байгууллага, итгэмжлэгдсэн лабораториудад хийлгэсэн удаа дараагийн шинжилгээ, судалгаагаар нотлогдож, батлагдсан гэдгийг ч онцоллоо.
Антрацит сайн чанарын утаагүй түлш гэдэг утгаараа нэлээд үнэтэй учраас манайхан ихэвчлэн урд хөрш рүү гаргаж борлуулдаг байна. Харин “Дэрст тохой” компанийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын утааг багасгахад хувь нэмрээ оруулахын тулд өндөр үнэтэй түүхий эдээ гадагш нь гаргалгүй, дотооддоо сайжруулсан түлш үйлдвэрлэх болжээ.
Амьтан, ургамлын үлдэгдлээс нүүрс үүсдэг гэдэг. Насжилтын хувьд хүлэр, хүрэн нүүрс гэж эхлэх бөгөөд түүнээс цааш чулуун нүүрс (+коксжих нүүрс), антрацит гэсэн дарааллаар үүсдэг байна. Антрацитаас цааш илүү урт насалбал бал чулуу, цаашлаад бүр алмааз үүсэх зүй тогтолтой аж. Мэдээж үүнд нөлөөлөх физик, химийн хүчин зүйлүүд онцлох үүрэгтэй. Бидний мэддэг Багануур, Шивээ-Овоогийн утаа их хаядаг нүүрс нь нас залуу хүрэн нүүрсний ангилалд хамаардаг гэнэ. Харин антрацит нь түлж болох нүүрснүүдийн хамгийн дээд өвөг нь юм байна. Нүүрсний насжилт ихсэх тусам хорт бодисын агууламж нь багасаж, гээгддэг. Энэ утгаараа антрацитад агуулагдах хорт бодис маш бага тул байгалийн сайжруулсан түлш гэж нэрлэдэг аж.
Тэгвэл байгалийн энэ сайжруулсан түлшийг яагаад шууд түлж, Улаанбаатарын гэр хорооллынхны хэрэглээг хангаад зогсохгүй, утаанаасаа ч салж болдоггүй юм бэ гэж асуух хүн цөөнгүй байх. Гол асуудал нь антрацит илчлэг өндөртэй боловч дангаар нь ердийн зууханд шатаахад асалтын процессыг нь заавал дэмжих шаардлагатай гэнэ. Түүнчлэн урт дөл гаргадаггүй учир гэрийн нөхцөлд зуухан дээрээ хоол, цайгаа хийдэг манайхны хувьд учир дутагдалтай аж. Энэ талаар зөвлөх инженер Б.Эрдэнэцэцэг “Хүрэн болон чулуун нүүрсний дэгдэмхий бодисын агуулга өндөр тул дөл гаргах асуудал үүсдэггүй. Гэтэл антрацитын дэгдэмхий бодис нь маш бага буюу ойролцоогоор зургаан хувьтай. Харин насжилт бага хүрэн нүүрсэнд агуулагдах дэгдэмхий бодис нь 40-45 хувьтай байх жишээтэй. Дэгдэмхий бодис нь шаталтын процессыг дэмждэг ч чийгийн агуулга өндөр тул нүүрсний асах процессыг удаашруулах, илчлэгийг бууруулах сөрөг талтай. Улаанбаатарын ихэнх айлын түлдэг Багануур, Налайхын нүүрс дэгдэмхий бодис их агуулдаг. Ус буюу чийг, дэгдэмхий бодис, хог хаягдал болдог үнс гэсэн үндсэн гурван хүчин зүйл нүүрсэнд агуулагддаг. Тухайлбал, Багануурын нүүрсний 30-35 хувь нь ус, 40-45 хувь нь утаа гаргадаг дэгдэмхий хорт бодисууд, үлдсэн хувь нь хог хаягдал болох үнс. Багахан хувийг нь хүхэр, азот болон бусад элемент эзэлдэг. Утаа угаар гаргаад буй хорт бодисуудыг нь багасгахын тулд л бидэнд сайжруулсан түлш үйлдвэрлэх шаардлага тулгардаг юм. Антрацитын дэгдэмхий бодис бага учраас амархан асдаггүй хэдий ч шатахдаа маш их дулаан ялгаруулдаг. Тиймээс сайжруулсан түлш үйлдвэрлэхдээ антрацитыг сайн чанарын чулуун нүүрстэй хольж, асах чанарыг дэмжиж өгч байгаа юм. Мэдээж хүлцэх хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сайжруулсан түлшний стандартыг хангасан, сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Монгол Улсад баримталдаг стандартаар сайжруулсан нүүрсэн шахмал түлшинд агуулагдах дэгдэмхий бодисын хүлцэх хэмжээг 22 хувиас дээшгүй байх гэсэн хязгаарыг баримталж байна” гэлээ.
Сайжруулсан түлшээ борлуулах цэгт хүргэхээр ачиж байна
“Дэрст тохой” компанийнхны үйлдвэрлэсэн шахмал түлшийг шатаахад утаатай хамт агаарт хаягдах тоосонцрын хэмжээ 62 дахин, дутуу шаталтат органик үлдэгдэл 15-20 хувиар багасаж байгаа нь туршилт, судалгаагаар нотлогджээ. Антрацит, чулуун нүүрсний агууламж бүхий шахмал түлш нь жижиг оврын уурын зуух, ердийн уурын зуух, хүн тээврийн галт тэрэгний халаалт болон ахуйн хэрэглээний зууханд ч тохиромжтой, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлог аж. Гэхдээ тэд одоохондоо үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулаагүй. Үйлдвэрийн хоёр шугамынхаа нэгийг нь л ажиллуулж буй гэдгийг үйлдвэрийн дарга Д.Сүхгэрэл хэллээ. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 30-наас хойш ажиллаж байна. Өвлийн хүйтэн болохоор тоног төхөөрөмж хөлдөөд, ажиллахад нэлээд хүндрэлтэй байгаа боловч Засгийн газар, БОАЖЯ-тай хийсэн гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлэхийн төлөө бид шаргуу ажиллаж буй. Манай компанид борлуулалтын хэд хэдэн цэгийг нийслэлээс гаргаж өгсөн байна лээ. Уг нь үйлдвэрлэлээ үүнээс эрт эхэлсэн бол илүү олон айлд бүтээгдэхүүнээ хүргэх байлаа. Одоо бол борлуулалт жаахан оройтсон. Айл болгон хашаандаа нүүрсээ буулгачихсан байгаа шүү дээ. Гэсэн ч манай түлшийг худалдан авах хүн цөөнгүй байна. Бид түлшээ 25 кг-аар савлан, борлуулж буй. Манай бүтээгдэхүүнийг түлж үзсэн иргэд чанарыг нь магтаж сайшаасан” хэмээсэн юм.
"Дэрст Тохой" компанийн үйлдвэрлэсэн түлшийг итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн дүн
Өвлийн хүйтэнд ажиллахад нэлээд хүндрэлтэй байгааг үйлдвэрийн ажилчид ч хэлсэн. Иймд тухайн оны гуравдугаар сараас намар аравдугаар сар хүртэл үйлдвэрлэл явуулах нөхцөлийг төр, засгаас хангавал тэд өвлийн улиралд зөвхөн худалдаа, борлуулалтдаа анхаарч ажиллах хүсэлтэй байгаагаа ч нуулгүй ярьсан. Бас тэдний үйлдвэрлэсэн сайн чанарын түлшийг дуурайлгасан хуурамч бүтээгдэхүүн борлуулагдаад эхэлбэл хэрэглэгчийн итгэл алдрах муу талтай, нөгөө талаас компанийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аж. Иймд төр, засгаас татаас дэмжлэгээ тухайн оныхоо хаврын улиралд багтаан шийдүүлж чадвал дулааны улиралд (5-10 дугаар сарын хооронд) бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, чанарын шаардлага бүрэн хангасан түлшийг айл өрхүүдэд нийлүүлэх сайн талтай. Мөн үйлдвэрийнхэн ч эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлөөр хангагдах юм байна. Аравдугаар сараас хойш зөвхөн борлуулалт, чанар, хангалтдаа л анхаарч ажилладаг горимд шилжвэл зохимжтой гэдгийг үйлдвэрийнхэн ярилаа. Түүнчлэн сайжруулсан түлшээ дулааны улиралд тасралтгүй үйлдвэрлэдэг болчихвол “Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ” гэж зөвхөн өвлийн хэдхэн сард яриад өнгөрдөг зуршлыг халах боломжтой гэдгийг ч тэмдэглэсэн.
Гэр хорооллын айл өрх болон нам даралтын халаалтын уурын зуухнуудыг сайжруулсан шахмал түлшээр хангаж, хотын утааг бууруулах анхны том алхмыг бодит ажил болгохын төлөө “Дэрст тохой” компанийнхан Засгийн газрын бодлого, шийдвэрийн дагуу ийнхүү ажиллаж байна. “Төр, хувийн хэвшлийнхний эл хамтын ажиллагааны дүнд Улаанбаатар хотыг сайжруулах түлшээр хангаж, агаарын бохирдлыг бууруулах бүрэн боломжтой” гэдгийг тэд уламжилсан. Ийнхүү Улаанбаатарын утааг бууруулахын төлөө ажиллаж буй аж ахуйн нэгжүүдээ иргэд та бүхэн ч дэмжин, бүтээгдэхүүнийг нь худалдан авч, агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулаарай. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүдийг “Дэрст тохой” компанийнхан дэмжиж ажиллана.
“ДЭРСТ ТОХОЙ” КОМПАНИЙН САЙЖРУУЛСАН ТҮЛШ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД:
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо:
Мандал овоо 14-1, 34-1, 38-1 тоот
Алтан овоо 10-46, 37-9, 16-35
Баянбулаг 1-14
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 25 дугаар гудамжны 21 тоот