2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Мал эмнэлгийн хүрээлэнгийн Судалгааны лабораторийн нээлтийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд:
- ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл
- Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Минору Кикүчи
- БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл
- Шинжлэх ухаан технологийн Сангийн захирал Д.Энхжаргал
- ХААИС-ийн захирал Т. Хэрүүга
- Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага - JICA
- НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага
- Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
- Азийн хөгжлийн банкны төсөл зэрэг олон улсын байгууллага, салбар яамны төлөөлөгч, их сургуулийн удирдлага болон Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэнгийн хамт олон тус тус оролцлоо.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг тус нээлтийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ орчин үеийн стандарт шаардлага хангасан судалгааны лабораторийг барьж байгуулах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгч, мал эмнэлгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан БСШУСЯ түүний дотор ШУТГ, ХААИС-д баярласан талархсанаа илэрхийлэв. Тэрээр “...Олон улсын цөмийн энергийн агентлаг, Япон улсын JICA байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон байгууллагуудын удаан жилийн тогтвортой хамтын ажиллагааны үр дүнд лабораториудын техник технологи, хүний нөөцийн чадавхи сайжирч ирсэн нь манай хүрээлэнгийн хөгжилд их хувь нэмэр оруулж байдаг...” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Мөн нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл болон ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нар үг хэлж, Мал эмнэлгийн хүрээлэнгийн хамт олны цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.
Тус лабораторийн байгууламжийн 1 дүгээр давхарт Халдваргүй өвчин судлалын 4 лаборатори, 2 дугаар давхарт Хачиг, шавж, эгэл биетнийг судлах лаборатори, Гельминт судлалын лаборатори, Эмгэг судлалын лаборатори, Молекул, генетикийн судлалын лаборатори, 3 дугаар давхарт Вирус судлалын лаборатори, Халдварт өвчин судлалын лаборатори, Дархлаа судлалын лаборатори, Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн лаборатори тус тус үйл ажиллагаагаа явуулах юм байна.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн тэргүүлэх зэргийн эрдэмтэн, судлаачдын судалгааны бүтээлүүд нь эх орондоо төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тухайлбал, тус хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэд Мал эмнэлэг-биологийн шинжлэх ухаанд 4 шинэ нээлт хийсэн, Монгол Улсын төрийн соёрхолыг 6 бүтээлээр хүртсэн, олон улсын хэмжээнд 3, үндэсний хэмжээнд 120 гаруй патент эзэмшиж байгаагаас гадна Олон улсын IF-тай мэргэжлийн сэтгүүлд 120 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, тэдгээрээс гадаадын судлаачид 2000 гаруй эшлэл авсан байдаг.
Шинэ лабораторио хүлээн авч буй Мал эмнэлгийн хүрээлэнгийн хамт олондоо ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.