Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр олныг цочирдуулаад байсан цагаан будааны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээлэл хийлээ.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн:
"Улаанбаатарт худалдаалагдаж байгаа цэгүүдээс дээж авч, шинжилэхэд хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй. Бусад оронд ч бас олон нийтийн сүлжээнд ийм мэдээлэл гараад тухай бүрдээ энэ мэдээлэл худал гэж нотлогддог. Фэйсбүүкээр явж буй мэдээллээр резинэн, нийлэг зүйлээр хийсэн, шатаахаар барьцалдаж байна гэсэн байсан. Үр тариа 50-80 хувь нь цардуулаас бүтдэг. Цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг. Хүнсний бүтээгдэхүүн чинь шатамхай.
НМХГ-аас цагаан будааг импортоор орж ирэхэд нь хяналт тавьж, худалдаан дээр байхад нь ч хяналт шалгалт хийдэг. Бид фэйсбүүкээр мэдээлэл цацсан хүмүүстэй холбогдоход хариу өгөхгүй байгаа бөгөөд нэг ч гомдол НМХГ-т ирээгүй" гэв.
Улсын ахлах байцаагч Ц.Булган:
"Цагаан будаа өөрөө үр тарианы гаралтай. Химийн найрлагаараа уураг, цардуул, ус агуулагдсан байдаг.
Цардуул нь хүнсний зориулалттай, нэг ёсондоо нүүрс ус юм. Хуурай хэлбэрт байхдаа шатаж барьцалдана. Цавуулаг чанартай.
Үүнийг сошиалаар хүмүүс айдас түгшүүртэй хүлээн авч байна. Улаанбуудай ч гэсэн чийг бага үед тэгж шатдаг" гэв.
МХЕГ-ын ХМХГ-аас ОХУ-аас 39, БНХАУ-аас-18, Вьетнамаас 16, Тайландаас 4, Японоос 4, АНУ-1, Австрали 1, Какахстанаас 2 компани цагаан будаа импортлох мэдэгдэл авсан байна.
Үүнээс Улаанбаатар хотын гүний хяналтын 8 терминаль дээр БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг 8 улсаас цагаан будаа импортолсон байна.
Нийслэлийн хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж байгаа бөгөөд үүнээс 22 аж ахуйн нэгж, иргэн өөрсдөө дахин савлагаа хийж байна.
2017 онд цагаан будаа импортлож, худалдаалдаг 21 аж ахуйн нэгж, 38 иргэний худалдаалж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтаар цагаан будааны ул мөрийн бүртгэл хөтлөлтгүй, агуулах, савлагааны хэсэг шаардлага хангаагүй, харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгүүлээгүй, гарал үүсэл тодорхойгүй цагаан будааг савласан зэрэг зөрчил бүхий 3 ААН-д /Хүрэл тайж, МК сторе, Бишрэлт веллмарт/, 3350,000 төгрөг, 1 албан тушаалтанд 720.0 мянган төгрөг, 3 иргэнд 1440.000 мянган төгрөг нийт 7 аж ахуйн нэгжид 5 сая 510 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулж, зөрчил дутагдалыг арилгуулан, 1 иргэний цагаан будаа савлах үйл ажиллагааг зогсоосон.
2017 онд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 100 дээж, цагаан будаа импортлогч, савлагч 28 аж ахуйн нэгж, 7 иргэний хүсэлтээр 39 дээж, нийт 139 дээжийг мэдрэхүй, чийг, гадны хольц, хортон шавж, пестицид, хүнд металлын үлдэгдэлийг тодорхойлох үзүүлэлтээр шинжлүүлэхэд 12 дээж 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүйгээс 9 дээж мэдрэхүйн үзүүлэлтээр, 2 дээж хугацаа дууссан, 6 дээж хорио цээртэй хортон шавжийн үзүүлэлтээр шаардлага хангаагүй гарсан байна.
Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүнгээр шаардлага хангаагүй гарсан цагаан будааг савласан, худалдаалж байсан иргэн, аж ахуйн нэгжид Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 4.2 тн цагаан будааг зориулалтын устгалын цэгт устгалаа.