Г.Номуундарь Сант, Орчлон, American болон British, International shcool of Ulaanbaatar зэрэг хөрсөндөө зохицоогүй, хөх тэнгэрээс өндөр төлбөртэй сургуулиуд төдийгүй манайдаа тусгай шахам математикийн 1, гадаад хэлний 23, орос 3-р дунд сургуульд хүүхдээ сургадаг эцэг эхчүүдэд анхаарлын тэмдэг илгээв.
16 настай охиндоо архи согтууруулах ундаатайгаар төрсөн өдрөө тэмдэглэхийг зөвшөөрсөн ээж, аавын асуудал энд бас босч ирж байна. Дээр нь таваг хоол нь танхай үнэтэй, VIP өрөөнүүд нь өндөр зэрэглэлд ордог Blue Sky-д төрсөн өдрөө тэмдэглээд, үргэлжлүүлэн наргидаг 15-18 настангуудын тансаглалын тухай ч яригдаж байгааг дурдахгүй өнгөрвөл тэнэг хэрэг болно. Маргааш нь хувийн жолоочтойгоо 16 настай найзуудыгаа эрүүлжүүлэхээс очиж авсан охин энэ бүхнийг ярьсан гэдгийг санах хэрэгтэй.
Өсвөр насныхны хар тамхины хэрэглээ, борлуулалт үүний ард сөхөгдөж буй юм. Яагаад ийм "сансрын" үзэгдлүүд ядруухан Монголд бий болчихов оо гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Энэ бол эдийн засаг, мөнгө хөрөнгөний хөөс дагаж гарч ирсэн ёс суртахуун, хүмүүжлийн гажуудсан хөөсрөл гэдгийг хэлмээр байна. 50-70 сая төгрөгийн нэг жилийн боловсролыг нэг хүүхдэд олгодог бүрэн дунд сургууль гэж яг үнэн хэрэгтээ байх уу? Аливаа юманд өртөг гэж бий. Энгийн ухаанаар бодоод үзэхэд алтан ширээн дээр тухалж, алтаар цутгасан сандал дээр суулгадаггүй л юм бол яахаараа ийм өндөр төлбөртэй байдгийг асуумаар байна.
Боловсролын яам хувийн сургуулиудын дээд, доод төлбөрийг тогтоож болдоггүй юм уу? Ялангуяа Монголд ахадсан аймшигт өндөр төлбөр, түүнийг дагасан ихэрхэл, нялуурал, хөлд нь зүүгдсэн хар тамхины хатуу бизнес...үүний хөлд үрэгдэж буй хүүхэд насны тухай ч бас хөндөхгүй байх аргагүй. Тэгээд улс, нийслэл, олон улсын хэмжээний оюуны өндөр шалгууртай уралдаан тэмцээнд энгийн ардын хүүхэд л эрх булаацалдан дээгүүр орж ирдэг гэдгийг дуулгахад гэмгүй...
Өнөөдрийн "Өдрийн сонин"-д Д.Ганхуяг буюу охины аав ярилцлага өглөө. Энэ асуудлыг охиныхоо ярианаас л мэдсэн, учрыг нь олохын төлөө эцсийг нь хүртэл нухацтай явна гэдгээ мэдэгдлээ.
Нийслэлийн аль ч шүүхэд энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх байхгүй байна гэх мэдээлэл бас бий. Сүхбаатар дүүрэг дээр болох гэж байсан шүүх хурал хойшлогдсон гэсэн үнэн худал нь тодорхойгүй мэдээлэл чих дэлсэж байна. Хэрэв Г.Номуундарийн ярьсан үнэн бол шүүх хурал, мөрдөн байцаалт, нэхэмжлэх, гэрчүүдийн мэдүүлэг, хууль ёсны баримтын талаар аав нь яагаад одоо болтол мэдээгүй байдаг билээ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Одоогийн байдлаар Г.Номуундарь сэтгэцийн хувьд гурван жилийн өмнө хяналтанд байсан, уг нийтэд цацсан мэдэгдэл буюу бичлэг тухайн өдрийнх биш, хаана ч ямар ч шүүх хурал зарлагдаагүй гэсэн албаны гэмээр мэдээлэл байна.
Охины ярьсан үнэн ч бай, худал ч бай, энэ бол ёс суртахууны ХАРАНГА! Тэр тусмаа Монголын нийгмийн нэг эд эс, тасархай нь байтлаа тэнгэрт заларсан мэт УЛС доторх хэт мөнгөжсөн УЛСЫГ бий болгон тусгаар тогтнож, үр хүүхдээ өндөр дээд зэрэглэл хэмээх хийсвэр ойлголтоор алж, эл зэрэг зиндааг нь даган хөлжиж буй бизнесийнхний олз болж буй бүхэл бүтэн давхаргынханд хамаатай хэрэг гэдгийг хэлмээр байна.
Тэгээд юм л бол цагдаа, сэтгүүлч хоёр руугаа дайрч байдаг сонин ойлголтыг ч дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Төрсөн аав нь мэдээгүй шүүх хурлыг сэтгүүлч хэрхэн мэдэж, цагдаа хэрхэн мөрдөхийг надад хэлээд өгөөч. Хөрөнгөжсөн хэсгийнхнийг даган хуйлардаг бүхэл бүтэн давхаргынхан бий. Олон улсад Монголынхоо нэрийг дуурсгаж яваа балетчин цөөнгүй байтал дунд сургуулийн охин нь Бридж Ганхуягийнх, сайдынх болохоор Г.Номуундариар Uptown нүүрээ чимээ юү? Мөнгөтэй эрхмүүдийн эхнэр хүүхдийн гоёл сэлтийг бичиж хөөрөгддөг хэвлэлүүд ч байдаг. Тэр ухаан алдмаар өндөр төлбөртэй сургуулиуд нь мөнгөлөг хэсгийнхэнд "Та онцгой, таны хүүхэд онцгой учраас жилд 50-70 сая; 12 жилд тэрбум төгрөгөөр сурах ёстой, энэ хачин муухай гэр хорооллынхонтой чихэлдэж доош орж болохгүй" гэж чихийг нь угааж, чин үнэндээ бизнесээ босгоо юу? 100 саяас дээш үнэтэй машинаар; хувийн жолоочоор хүргүүлдэг өсвөр насны хүүхдүүдэд хар тамхи зараад хөлжиж болохыг захын наймаачин ч мэдэж байгаа...
Энэ мэтээр Г.Номуундарийн асуудал бидний хэн хэнд нь ДОХИО өглөө. Ядуу, дэндүү цөөхүүлээ Монголд язгууртан дээдэс гэж байдаггүй гэдгийг харууллаа. Өөрсдийгөө язгууртан гэж бодож явдаг хүмүүс энэ улс орон, ард түмнээ нэг ялимгүй бөхийгөөд хар даа. Үр хүүхдийнхээ цүнх, халаас, толгой тархи руу өнгийгөөд бас нэг хараатахад гэмгүй. Номуундарь дүүгийнхээ хамт хохирсон бол язгууртан хэмээх хиймэл давхаргынхны хэмжээ хязгааргүй тансаглалын золиос, үнэнийг олохын төлөө бид ч, эцэг эх нь ч явах ёстой. Энэ бол ДОХИО. Мөнгө эдийн засгийн галзуурсан хөөс даган бий болсон ёс суртахууны хөөсрөл. Золиос нь ирээдүй хойч үеийнхэн, тэдний сэтгэлзүй; хүмүүжил төлөвшлийн асуудал болоод байна!