2017 оны аравдугаар сарын 25-нд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “REACH” төсөл “Жижиг, дунд бизнесүүдийн сан хүүжилтийг дэмжих нь” сэдэвт форумыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. “Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форумын зорилго нь жижиг, дунд бизнесийн зээлжих чадавхыг сайжруулахад тооцоололтой, тогтвортой, шинэлэг арга замуудыг оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааны үр дүнд бий болгоход оршиж байна.
Тус форумын үйл ажиллагаанд АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн хороо, Зээлийн батлан даалтын сан, Монголбанк зэрэг төрийн байгууллагууд болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “REACH” төсөлтэй хамтран ажиллаж буй арилжааны банкнууд, олон улсын төсөл, хөтөлбөрүүд, их, дээд сургуулиуд, бизнес хөгжлийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид оролцож илтгэл тавилаа.
Энэхүү форум нь жижиг, дунд бизнесүүдийн зээлжих чадавхыг нэмэгдүүлэхэд төрийн болон зээл олгогч байгууллагуудын оролцоо, судалгааны байгууллагуудын оролцоо гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд зээл санхүүжилт олж авах, зээл авах үйл явцыг илүү хялбаршуулах арга замыг бий болгож, жижиг, дунд бизнесийн орчинд зээлжих чадавхыг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцсэн томоохон арга хэмжээ боллоо.
Түүнчлэн АНУ-ын ОУХА-ийн REACH Төсөл хэрэгжсэнээр жижиг, дунд бизнесүүдийн зээлжих чадавхид бодитой дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд хэрэгжих хугацаандаа Улаанбаатар хот болон орон нутагт 40 гаруй тэрбум төгрөгийн 500 гаруй жижиг, дунд бизнесийн зээлийг амжилттай зуучилж, нийт 6000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийг үйл ажиллагаанд хамруулж, 800 сая төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, 210 ажлын байрыг шинээр бий болгоод байна.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “REACH” төсөл жижиг, дунд бизнесүүдэд бизнесийн зээлийг ээлтэй байдлаар хөгжүүлэх, зээлжих чадавхыг нэмэгдүүлэх орчныг бүрдүүлэх зөвлөмжүүдийг холбогдох төрийн байгууллагууд болон арилжааны банкуудтай хуваалцах юм.