Бүрэн цутгамал ХХК болон Сант сургуулийн хооронд барилгын ажлын санхүүжилттэй холбоотой маргаан гараад багагүй хугацаа өнгөрч байна.
Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр 2017 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Хэлмэгдэгсдийн музейн урд өлсгөлөн зарлаад байгаа бөгөөд өөрийгөө орчин цагийн хэлмэгдүүлэлтийн золиос боллоо хэмээгээд байгаа билээ.
Дээрх үйл явдлын талаар Сант сургуулийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэтэй уулзаж, тодруулга авсан юм.
"БҮРЭН ЦУТГАМАЛ" ХХК 1 ТЭРБУМ 200 САЯ ТӨГРӨГ ДАНСААР АВСАН. ХАРИН ХИЙСЭН АЖЛЫГ НЬ ШИНЖЭЭЧ 981 САЯ ТӨГРӨГ ГЭЖ ТОГТООСОН. ЭНЭ НЬ ТУХАЙН КОМПАНИЙН ГАРГАСАН БҮХ ЗАРДАЛ, АЖИЛЛАГСДЫН ЦАЛИН, БАРАА МАТЕРИАЛ БОЛООД КОМПАНИЙН ӨӨРИЙНХ НЬ ОЛСОН АШГИЙГ НЬ ХҮРТЭЛ ОРУУЛСАН ТООЦОО
-Бүрэн цутгамал ХХК болон Сант сургуулийн хооронд анх юунаас болж маргаан үүссэн бэ?
-2013 оны зургадугаар сарын 6-ны өдөр Сант сургууль өөрийн сургуулийн өргөтгөлийг бариулахаар Бүрэн цутгамал ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Гэтэл Бүрэн цутгамал ХХК нь ажлаа гүйцэтгэж дуусгалгүйгээр гэрээгээ цуцалж, ажлаа орхин явснаас үүдэн Сант сургууль барилгаа цаашид өөр компаниар гүйцэтгүүлж дуусгасан.
Гэхдээ гэрээ цуцлагдахад Сант сургуулиас Бүрэн цутгамал ХХК-ийн хийсэн ажлынх нь хөлсийг бүрэн бүр, илүү өгсөн байтал Бүрэн цутгамал ХХК төлбөрийн асуудал дээр маргаж эхэлсэн. Ингээд хоёр тал шүүхэд хандсан.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс талуудын маргааныг шийдвэрлээд, Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуульд 120 орчим сая төгрөгийн өглөгтэй болохыг тогтоогоод байгаа. Өөрөөр хэлбэл Сант сургууль нь Бүрэн цутгамал ХХК-д ямар нэг төлбөр төлөх үүрэггүй, харин ч авлагатай гэсэн үг. Одоогоор анхан шатны шүүхээс ийм байдлаар шийдэгдсэн. Шийдвэрт гомдол гаргах эрх нь аль аль талд нь байгаа.
-Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Батдэлгэр гуай 500 сая төгрөгийн авлагатай, барилгын ажил гүйцэтгэж байхад Сант сургуулийн зүгээс үндэслэлгүйгээр гэрээ цуцалсан гэж ярьсан байсан?
-Барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаанд шүүх хөндлөнгийн мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулдаг. Шүүхээс томилогдсон шинжээч Бүрэн цутгамал ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 981 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тогтоосон. Энэ үнэлгээ нь тухайн компанийн гаргасан бүх зардал, ажиллагсдын цалин, бараа материал болоод компанийн өөрийнх нь олсон ашгийг нь хүртэл оруулсан тооцоо.
Барилгын ажлын гэрээг Сант сургуулийн зүгээс үндэслэлгүй цуцалсан асуудал байхгүй. Бүрэн цутгамал ХХК нь гэрээгээ өөрөө цуцлаад, албан бичгээ өгөөд, ажлаа хаяад явсан. Үүнийг ч анхан шатны шүүхээс тогтоочихсон байгаа. Өөрөөр хэлбэл гэрээг Бүрэн цутгамал ХХК нэг талын санаачилгаар гэрээгээ дур мэдэн үндэслэлгүйгээр цуцалсан гэсэн үг.
-Бас нэг зүйл тодруулмаар байна. Танай сургуулийн зүгээс Бүрэн цутгамал ХХК-ийн захирлын холбогдсон эрүүгийн хэргийн талаар мэдээлэл өгөх үү?
-Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны ажлыг хийхдээ батлагдсан зураг төслийг зөрчиж хийсэн байдаг. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Цахилгааны ажлыг зураг зөрчиж хийх аюултай. Тэр тусмаа хүүхдүүд сурдаг сургуулийн цахилгааны ажлыг. Иймээс Сант сургууль мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийн дагуу тухайн цахилгааны ажлыг шинээр дахин хийлгэсэн. 100 сая орчим төгрөгийн зардал гарсан. Ингээд дотор цахилгааны ажлаа шинээр хийлгэсний дараа улсын комисст хүлээлгэж өгсөн.
-Б.Батдэлгэр захирал өөрийгөө 8 жил хилсээр хоригдох гэж байна гэсэн байсан?
-Б.Батдэлгэр гэдэг хүний шалгагдаж байгаа хэрэг нь Эрүүгийн хуулийн 20.13 буюу батлагдсан зураг төслийг зөрчсөнтэй холбоотой гэмт хэрэг. Одоогоор гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлээгүй байна. Гэхдээ гэм буруутай гэж тогтоогдвол цаг хугацааны хувьд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа юм билээ. Ямар ч ял авахгүй гэдгээ өөрөө ч мэдэж байгаа байх.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Б.Батдэлгэр захирал аливаа асуудлыг жагсаал цуглаан хийх, өлсгөлөн зарлах гэх мэтээр шийдэхээр улайрч байгаад харамсаж байна. Ер нь хэн илүү чанга хашгирсны зөв байдаг юм биш. Ийм буруу үлгэр дуурайллыг залуу үедээ үзүүлж болохгүй. Аливаа гэрээний маргаан, төлбөр тооцооны асуудлыг шүүхээр л шийдвэрлэх ёстой болохоос жагсаал цуглаан, өлсгөлөнгөөр шийдэх учиргүй. Ингээд эхэлбэл үүнийг шантайж л гэж ойлгоно.
Бүрэн цутгамал ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 981 сая төгрөг гэж шинжээч тогтоочихсон байхад Сант сургуулиас 1 тэрбум 200 сая авчихсан байдаг. Эндээс харвал хохирсон тал нь Бүрэн цутгамал компани биш, Сант сургууль байгаа биз дээ. Тэр компани 1 тэрбум 200 сая төгрөгөө хэрхэн зарцуулснаа ч тайлагнаагүй л байгаа. Энэ бол бага мөнгө биш.