Морин хуурын чуулгын 25 жилийн ой тун удахгүй тохиох гэж байна. Энэ түүхэн тэмдэглэлт баярыг угтаж тус чуулгын цохивор хөгжимчин, зураач Г.Гантулга уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд гаргаад байна.
Уран бүтээлийн анхны бие даасан “Оршихуй... Цагаан уул” үзэсгэлэндээ тэрбээр өөрийн урласан бөмбөрнүүд болон Монгол оронд ургадаг цэцэгсийг урнаар зурсан бүтээлүүдээ дэлгэсэн юм.
“Бөмбөр хийж байгаа, хонь ямааны арьстай зууралдаж суудаг болсон. Монголд монгол бөмбөр өнөө болтол байхгүй. Бид л хийх юм шиг байна” гэж ярьж байсан юм. Санаж зорьсоор бүтээжээ. Бас нэг удаа “Мэргэжилдээ, ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу” гэж асуухад “Хийж гийгүүлсэн юмгүй мөртлөө ажилтай л хүн байх юм. Ямар ч байсан хийх юмгүй сэлгүүцэж, эсвэл гараа салаавчилж суухгүй байгаа болохоор болж байгаа юм байлгүй” гэж хэлж байсан. Дуу цөөтэй энэ залуу тоглож, зурж, урлаж л суудаг ажээ.
Залуус аа, хөгжимчин, зураач Г.Гантулгын сэтгэл, сэтгэлгээний ертөнцөөр аялаарай. Түүний үзэсгэлэнгээ гаргаад буй Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерей “Mongolian properties” цогцолборт байдаг. Энэ байшин “Шангрила”-гийн чанх зүүн талд байдаг.