МУИС нэмэлт элсэлт авч эхэллээ
МУИС бакалаврын түвшний зарим ангидаа өчигдрөөс цахимаар нэмэлт элсэлт авч эхэллээ. Элсэлтийн бүртгэл долоо хоног үргэлжилж, энэ сарын 19-нд дуусах бол эрх баталгаажуулалт нь 20-22-нд үргэлжлэх нь. Тус сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх эхний бүртгэлээ зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 8-нд явуулж, эрх баталгаажуулалтыг нь долоодугаар сарын 16-22-нд зохион байгуулсан юм. Тэгвэл энэ удаа оюутан нэмж элсүүлэх боломжтой, анги нь дүүрээгүй хөтөлбөрүүддээ суралцагчдыг дахин бүртгэж байна
2024-08-13
Баянзагийн хоолойд үер бууж, жуулчид зорчих аргагүй болжээ
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр орсон борооны улмаас Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам хэд хэдэн хэсгээрээ усанд автаж, эвдрэн, жолооч нар сонор сэрэмжтэй зорчихоос аргагүйд хүрээд буйг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээлсэн. Тэгвэл Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, Арц богд уулын дагуу орших Баянзагийн хоолойд их хэмжээний үер бууснаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсныг орон нутгийн аялал жуулчлалын байгууллагынхан анхааруулж байна.
2024-08-13
11 цэцэрлэг, 16 сургуулийн барилгын ажил удааширчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин энэ үеэр “Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль 87 цэцэрлэг, зургаан спорт заалны барилгын ажил үргэлжилж байна. Зураг төсөлд магадлал хийлгэсэн, барилгын төсөв нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас 11 цэцэрлэг, 16 сургуулийн барилга угсралтын ажил удаашралтай байна” гэж танилцууллаа.
2024-08-13
Хүрэн баавгайнаас сэрэмжлүүлэв
Хүрэн баавгай суурьшлын бүс, малчдын хотонд ойр орж ирэх тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас анхааруулав. Ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг ой бүхий аймагт энэ зун ийм явдал хэд хэдэн удаа бүртгэгджээ. Тиймээс баавгай суурьшлын бүсэд үзэгдсэн тохиолдолд аймаг, нийслэлийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газарт хандах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй орхихгүй, малд явуулахгүй байх, машин техник болон харилцаа холбооны хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг дээрх яамнаас иргэдэд зөвлөв
2024-08-12
Токио дахь ЭСЯ-наас мэдээлэл гаргажээ
Японд ажиллаж, амьдардаг монгол иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээллийг Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсээс гаргажээ. Тус улсын Мияазаки мужид энэ сарын 8-ны 16.43 цагийн орчимд газар 7.1 баллын хүчтэй хөдөлсөн билээ. Газар долоон баллаас дээш хүчтэй хөдлөхөд дагалдах чичирхийллийн хүч түүнээс илүү байх магадлалтай гэнэ.
2024-08-12