Хятадын хойд нутгаар гурав дахь өдрөө хүчтэй шуурга тавьж байгаа бөгөөд тус улсын Цаг уурын үндэсний төв "улбар шар" анхааруулга өгчээ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлэв.
Дөрөвдүгээр сарын 11-ний баасан гарагийн оройноос эхлэн агаарын хүйтэн урсгал ирснээр Хятадын хойд хэсэгт маш хүчтэй салхи болж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хэд хэдэн бүс нутагт сүүлийн 75 жилийн хамгийн хүчтэй салхи бүртгэгдэж, шуурганы хурд 160 км/цаг хүрчээ.
ӨМӨЗО, Шаньси, Хэбэй мужуудад салхины хурд 36м/с хүрч, энэ тэнд мод унасны улмаас тээврийн хэрэгсэл, барилга байгууламжид их хэмжээний хохирол учирсан байна.
Бээжин хотод 600 гаруй нислэгийг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хааж, Хориотой хот, Зуны ордон, Тэнгэрийн сүм зэрэг аялал жуулчлалын газруудыг түр хугацаагаар зогсоож, сурагчдын хичээлийг цуцалжээ.
Үүнээс гадна 50 кг болон түүнээс доош жинтэй хүмүүсийг гадагшаа гарахгүй байхыг зөвлөж байна.