Олон улсын дугуйн холбооны олимпын эрхийн оноо олгох ангиллын олон өдрийн тэмцээн Тайланд улсад үргэлжилж байна. Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас тойрог замын төрлийн залуучуудын дэлхийн аварга, ОУХМБ.Тэгшбаяр тус улсын “Roojai insurance” багийнхантай уг тэмцээнд оролцлоо. Тэрбээр нийлбэр дүнгээр VIII байр эзлэн, улсдаа олимпын эрхийн 30 оноо авчрав. Түүний багийнхан дээрх тэмцээнд түрүүлсэн юм. Тус тэмцээний дараа манай тамирчин багийнхантайгаа Японыг зорьж цуврал уралдаанд өрсөлдөх юм. Ташрамд дурдахад, хэдхэн хоногийн өмнө ОУХМС.Жамбалжамц “UCI 2.UWT” буюу дэлхийн дээд ангиллын тэмцээний нэг болох Испанийн “Volta a Catalunya” долоон өдрийн уралдаанд анх удаа хурд сорьсон билээ.