Монголын дугуйн шигшээ багийнхнаас ОУХМ С.Жамбалжамц Испани улсын дугуйн мэргэжлийн багт хурд сорьж буй. Манай дугуйчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрх авснаар “Burgos BH” багтай гэрээ байгуулж, өнгөрсөн нэгдүгээр сард дебют уралдаан хийсэн юм. Европын мэргэжлийн дугуйчид Азиас Монголын тамирчныг багтаа уралдуулахаар шийдвэр гаргасан нь өмнө нь байгаагүй ховор тохиол байв. Тэрбээр Тайваньд энэ сарын 14 хүртэл үргэлжлэх “Tour de Taiwan” уралдаанд оролцож, багийнхаа амжилтыг урагшлууллаа. Дэлхийн 24 мэргэжлийн багийн 120 гаруй тамирчин өрсөлдөж буй тус уралдааны эхний гараанд С.Жамбалжамц 26-д оржээ. Тэгвэл хоёр дахид нь IV байр эзлэн, нийлбэр дүнгээр эхний тавд бичигдэж байна.