Иран улсын Тегеран хотод зохион байгуулж буй, “Парис-2024” паралимпийн эрхийн оноо олгох VI дахь удаагийн “World president’s сup” олон улсын тэмцээнд Монголын пара таеквондогийн шигшээ багийнхан оролцлоо. Тэднээс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс ОУХМ У.Сүрэнжав 52 кг-д мөнгөн медаль хүртэв. Багийн нийлбэр дүнгээр манайхан III байр эзэлжээ. Тус тэмцээний шилдэг дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар шалгарсан байна. Ташрамд сонирхуулахад, олимпын таеквондогийн “Торнадо кап” анхдугаар тэмцээнийг чөлөөт үзүүлбэрийн төрлөөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороонд ирэх сарын 15-17-нд зохион байгуулах аж.