Монголын дугуйн спортын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Испанийн мэргэжлийн дугуйн “Burgos BH” багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц АНЭУ-д өнгөрсөн сарын 26-31-нд болсон “Tour of Sharjah” олон улсын олон өдрийн уралдаанд оролцлоо. Тэрбээр 27 багийн 162 тамирчинтай хурд сорьж, дөрвөн гарааны нийлбэр цагаар эхний тавд эрэмбэлэгдэв. Түүнээс гадна үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Тайландын мэргэжлийн дугуйн “Roojai insurance” багийн тамирчин, дэлхийн аварга, ОУХМ Б.Тэгшбаяр Саудын Араб улсад энэ сарын 3 хүртэл үргэлжлэх “Tour of Alula” тэмцээнд өрсөлдөж байна. Эл тэмцээнд чансаа өндөр 18 багийн 121 дугуйчин оролцож буй бөгөөд таван гараанд хурд сорин, нийт 812.5 км зам туулсны дараа аваргууд тодрох нь. Ташрамд дуулгахад, Коста-Рика улсад ирэх тавдугаар cарын 29-нөөс зургаадугаар сарын 2-нд болох дугуйн оюутны ДАШТ-д Монголын 23 хүртэлх насныхны багийнхан оролцохоор бэлтгэлээ базааж байна.